Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чингэлтэй дүүргийн МоАХ-ны ахмад гишүүд уриалга гаргалаа

1990 онд өрнөсөн Ардчилсан хувьсгалаар Монгол Улс тусгаар тогтнолоо бодит утгаар нь олсон.
Гэвч коммунистууд булхай луйвраар сонгуульд ялж засаг, төрийн эрхийг 23 жил барихдаа Ардчиллын анхны зорилгыг гажуудуулж завхрууллаа. МАХН, МАН-ын коммунистуудын үйл лайгаар асар их баялагтай, уудам их газар нутагтай ард түмний ихэнх нь ядуу амьдарч байна. Сонгууль болохоор  "Миний ард түмэн" гэж зусардаж, ард түмэнд таашаагдаж сонгогдохын төлөө улсын хөрөнгийг хайр гамгүй халамж нэрээр цацсан, лиценз нэрээр газар шороогоо баялагтай нь худалдаж сэндийчэн там болгосон, үе үеийн төрийн өмчийн дарга нар төрийн өмчийг хувьчлах нэрээр хувьдаа завшиж төрөөс төрсөн олон тэрбумтантай болсон, нам дамжин биеэ үнэлэгч- улстөрчид олширсон, хээл хахууль, хүнд суртал газар авсан, Улаанбаатар хотыг машин тэрэг, хүн явах замгүй болтол нь зарж завшсан, зувчуулсан хөрөнгөө гадагш зөөж эдлэн авч эх орноосоо дайжих болсон, гадаад дахь оффшор дансандаа хулгайн мөнгөө нуусан, тендер нэрээр төсвийн мөнгийг завших болсон, өршөөлийн хуулиар хулгайн хөрөнгөө баталгаажуулсан, 10 мянган төгрөг хулгайлсан нь шоронд, 10 тэрбум хулгайлсан нь Их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчид залардаг гаж тогтолцоог ард түмэн харлаа, жигшлээ.
1990 оны Ардчилсан хувьсгалын зорилгыг замаас нь хазайлгаж, албан тушаалтны эрх ямба, хүнд суртал, авлига, хулгай дээрэм цэцэглэж хэрээс хэтэрсэнд дургүйцсэн ард түмэн АН-д итгэл найдвараа өгч 2012 оны сонгуульд ялсан.
Гэтэл АН-д дагаж орж ирсэн соцдек Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогц шуналдаа хөтлөгдөн Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхий сайдын охин, Ерөнхий сайдын хүргэн нартайгаа хамсаж “Нүүрс” хөтөлбөр, цэвэр агаар сан, 17 тэрбумын зэрэг шил шилээ дагасан хэргүүдэд орооцолдсон, "Алтан гадас" гэгч орон нутгийн улс төр эдийн засгийн бүлэглэл байгуулж бусдыгаа уруу татсанаар аймаг бүрт "нутгийн зөвлөл" гэх фракцууд үүсч, засаг захиргаатай өрсөлдөхүйц эрх мэдэлтэй, хөрөнгөлөг, жалга довны бүлэглэлүүд болж хувирсан нь Монгол Улсыг яс үндэс, нутаг усаар нь талцуулах үндэс суурийг тавьсан. Зөвхөн гэр бүл, нутаг-фракцийн сэтгэлгээтэй Н.Алтанхуяг Монгол Улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй сэтгэх чадваргүй болохоо олон үйлдлээрээ харуулж Ардчиллынхны нэр хүндийг унагаж, шаварт хутгаж эхэллээ. Бид ийм Ардчиллыг хүсээгүй.
1. Монгол Улсын тусгаар тогтнол. Өнөөдрийн хоолныхоо төлөө хойч ирээдүй, үр хүүхдийнхээ хоолыг булааж, өр тавьж, зээл авч, газраа сэндийлэх эрх байхгүй, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон хилээ газар бүрээр сэтэлж баялгаа хялбар аргаар шуурхай зөөж дуусгах зорилготой гадны гар хөл болсон цөөн тооны олигархиудын төлөө нарийн царигтай төмөр зам тавиулж баялгаа тонуулснаас хойч үедээ хадгалж үлдээсэн нь дээр гэж үзсэн ард түмэн эсэргүүцэж байна. Баялагтай байснаараа ард түмэнд нялзсан юм алга. “Бузрыг бүү оруул, буяныг бүү гарга” гэж тангараг өргөсөн ч аварга динозаврын ясыг хүртэл хулгайгаар гаргаж чаддаг албан тушаалтан, хил гаалийнханд итгэхгүйгээс гадна хууль үйлчилдэггүй, илэрсэн хэргүүд замхардаг тул вагон вагоноор нь баялгаа зөөж хулгайлуулах боломж олгохгүй байх . "Үргээлэг" кино шиг үйлдлийг албан тушаалтнууд одоо ч амьдрал дээр хийсээр байгаа тул урвагчдаас болгоомжлох.
2. Газар. Өнөөдөр нийт иргэдийн 80 хувь нь өөрт ногдох 500-700 ам.метр газраа хувьчилж аваагүй байхад гадаадын иргэнд зургаан сар амьдраад газар ашиглах эрхийг хуулиар олгохыг чармайж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах гэж байна. 100 айл, Зайсан, Цайз , Эмээлт зэрэг газруудад га га-гаар нь монгол хүний нэрээр газар худалдан авч эзэмшиж байгаа гадаад иргэн олширсон. Хууль батлагдахад хүрвэл монгол хүн эх нутагтаа хөл тавих эрхгүй хуулиар баталгаажуулсан газар олон болох нь тодорхой тул эсэргүүцэж байна. 
3. Төрөө засах. Амьдрал өдрөөс өдөрт доройтож 1$=1400 төгрөгөөс 1832 төгрөг болтлоо 30 хувь өсч бүх юмны үнэ нэмэгдсэн, ам.долларын хараат болсон, эдийн засаг хямарсан, 600 хоногт хийж чадаагүй ажлыг 100 хоногт чадна гэдэгт ард түмэн итгэхгүй болсон, Ерөнхий сайд Танд улсаа гэсэн өчүүхэн сэтгэл үлдсэн бол зориг гарган огцорч, ард түмэндээ буян болж улс орноо аврахад туслах.
4. “Давхар дээл”. Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ний хуулийг амьдрал дээр дэмжиж хэрэгжүүлсэн ганцхан хүний албан тушаалын төлөө ичгүүр сонжуургүй улайрч “Давхар дээл”-тэй болсон Түвдэндоржийг эсэргүүцэж байна.    
5. Төрийн өмчийн хувьчлал. Үе үеийн Төрийн өмчийн хорооны дарга нар, улсын үйлдвэрийн газрын дарга, албан тушаалтнууд төрийн өмчит үнэ цэнэтэй компаниудыг үнэ цэнэгүй болгож хувьчилж авсан, төрөөс тэрбумтнууд төрсөн, завшсан мөнгөөрөө төрийн өндөр албан тушаалд шургаж улсаа мөлжиж эхэлсэн. Төрийн өмч завшигчид, тэдний үр удмаас хувийн өмчөө хамгаалах зорилгоор УИХ-д ордог уламжлал тогтсон, улмаар нүглээ хаацайлахын тулд Үндсэн хуулийн цэцэд хүртэл шургалсан. Эрх мэдэл, мөнгөний төлөө газар нутаг, улсаа худалдаж урвахаас буцахгүй болсон. Чоно борооноор гэгчээр хямралаас гаргах шалтгаар далимдуулан цөөн үлдсэн улсын хөрөнгийг үнэгүйдүүлж хувьчлах гэж байгаа, хямралаас гарах өөр гарц олж сэтгэхгүй байгаа Ерөнхий сайд огцрох нь зөв.
6. Онц их хурал хүралдуулах. Жил бүр хуралдах дүрэмтэй АН-ын ҮЗХ хуралдаагүй дөрвөн жил боллоо. АН-ын их хурлаар Ц.Элбэгдоржийг АН-ын даргаар хамгийн сүүлд албан ёсоор сонгож байсан. АН-ын их хурлаас сонгогдоогүй Н.Алтанхуяг намын дарга, Ерөнхий сайд болтлоо дэвшсэн ч нам болон төрийн ажлыг хийж чадахгүй цалгардуулж байгаа тул АН-ын ҮЗХ, дүүрэг аймгуудын намын хороо, АН-ын онц их хурлыг хуралдуулж шинэчлэл хийх цаг болсон.    
7. Үндэсний банкуудаа дэмжье. Монголд гадаадын хөрөнгө оруулалттай ганц банк болох ХААН банкинд Монголын олон малчид малаа барьцаалж өрөө төлж чадахгүй хамаг малаа өгөөд өнөөдөр ХААН банкны малчин болж хувирсныг бүгд мэднэ. Гадаадын банк оруулснаар газар нутаг, үйлдвэр обьектоо барьцаалж алдахгүй гэх баталгаа байхгүй тул үндэсний банкуудаа хөрөнгөжүүлж, чадавхижуулж, зээлийн хүүг бууруулах тал дээр илүү анхаарч, үндэсний банкуудаа дампууруулахаас сэргийлэх,
8. НӨАТ-ын хуулийн талаар. Амьдрал мэдэхгүй, аж ахуй эрхэлж үзээгүй , хууль бус аргаар мөнгө олдог, албан тушаалтнууд амьдралдаа НӨАТ-ын татвар байтугай ашгийн татвар /АААНОАТ/ төлж үзээгүйн гайгаар ард түмний хийх бүтээх хүсэл эрмэлзлийг нухчин дарсан, далд эдийн засгийг цэцэглүүлж, аж ахуй эрхлэгчдийг элгээр нь хэвтүүлсэн, хууль бус үйлдэл хүчээр хийхэд түлхэж олон хүнийг шоронд оруулсан. Амьдралаас тасархай НӨАТ-ын хуулийг дан ганц төсвийн мөнгөөр тансаглагч албан тушаалтны үзэл баримтлалд тулгуурлахаас илүү төсөв бүрдүүлэх гэж өдөр бүр татварын дарамтанд ажиллаж байгаа аж ахуй эрхлэгчдийн санаа бодлыг төсөв бүрдүүлэгч, татвар төлөгч гэсэн хоёр өнцгөөс судалж НӨАТ-ын татварыг шатлалгүйгээр, бүгд тэгш эрхтэй ижилхэн 1-3 хувь болгож татварын бааз суурийг өргөжүүлэх, ашгийн татварыг таван хувь болгох, элдэв хөнгөлөлт, буцаан олгохыг зогсоох.
9. Монголын Ардчилсан Холбооны онц их Хурлыг хуралдуулж цаг үеийн ноцтой асуудлуудыг яаралтай шийдүүлэх.

Дээрх есөн асуудлыг шийдүүлэхэд идэвхитэй оролцохыг уриалсан:

Чингэлтэй дүүргийн Монголын Ардчилсан Холбооны ахмад гишүүд

2014 оны зургадугаар сарын 29

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан