Төрийн тогтвортой байдал, төрийн залгамж халаа гэдэг үгийг хаа сайгүй л сонсч байлаа. Гэвч энэ удаад төрийн залгамж халаа ч тэр төрийн тогтвортой байдал ч тэр огт хэрэггүй үг мэт санагдах. Өнгөрснөө үгүйсгэх Засгийн газар, үргэлж дэнчигнэх Засгийн газар гэдэг нэр томъёо Шинэчлэлийн гэх тодотголт энэ Засгийн газрын нэгэн тодоос тод тодотгол нь болжээ гэвэл үгүй гэх хүн гарах нь юу л бол...
Эдийн засаг хүндэрч байгааг яаж ч зөвтгөөд Засгийн газар буруугүй гэсэн дүгнэлт гарахгүй. Үүнийг батлан Монголын тэргүүлэх эдийн засагчид болоод Ерөнхий сайд байсан хүмүүс Засгийн газрыг шүүмжилж, сайн дураараа саналаараа огцрох ёстой гэж үзэж байгаа юм. Өчигдөрхөн Ерөнхий сайд асан, өөрөөр хэлбэл АН-ын Засгийн газрыг нэгэн цагт толгойлж байсан Д.Бямбасүрэн гуай өгсөн ярилцлагадаа Н.Алтанхуягийн толгойг хатуухан тоншоод авсан. АН-ын 2016 оны сонгуульд ялах магадлал үлдээе гэвэл дараагийн Засгийн газраа байгуулаад зөв бодлого явуулбал найдвар бий гэж Д.Бямбасүрэн гуай Засгийн газрын шарханд давс түрхэв.
Саяхан “Сант марал” судалгааны төвийн захирал Л.Сумати ч АН-ын сонгуульд ялсан, рейтингийг нь өргөсөн гол зүйл бол авлигатай тэмцэх тэмцэл нь. Гэтэл АН-ын дарга Ерөнхий сайд нь авлигатай тэмцдэг байгууллагынхаа нөгөө талд зогсоод байна. Энэ нь АН-ын рейтингийг шууд л уруудуулах шалтгаан боллоо гэх утгатай үг хэлсэн.
Одоо Засгийн газар эмзэг байгаа. Хазайвал хагарчих гээд байдаг гангар шаазан шиг дотроо ч, гаднаа ч эмзэг байна. Бас энд тэндээ бага зэрэг ан цав суучихаад шархтай байна. Шархаа эдгээх үү, ан цаваа гагнах уу. Гэвч шарх нь эдгэж, ан цав нь арилах найдвар тун бага байгаа бололтой. Уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг шүүмжлэлийг хүлээн авч, алдаагаа засч залруулдаг гэж байсан ч лав Д.Бямбасүрэн гуайгаас шүүмжлэл сонсохыг хүсээгүй гэнэ шүү. Монгол Улс шилжилтийн хүнд жилүүдэд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, хал үзэж, халуун чулуу долоосон энэ буурай Ерөнхий сайдад буруу үг хэлэх нь юу л бол... Тэрээр “Би сайн дураараа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж санаа оноогоо хэлэх гэж өөрийн биеэр очиж хоёр удаа хүсэлт тавьсан. Намайг хүлээж аваагүй, эргэж дуудаагүй болохоор ахиж очоогүй. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санаа оноогоо хэлж ярьдаг” гэж гомдоллож суухав.
Хэрвээ тэрээр Д.Бямбасүрэн гуайг хүндэтгээд хэлэх үгийг нь сонсчихсон бол “Бүхэл бүтэн улсын маань Ерөнхий сайд гэхэд л телевизээр “Би жорлонгийнхоо бохирыг гол руу хийгээгүй гээд яриад сууж байх юм...
Захиалгын хууль боловсруулдаг кабинет болсон...
Танхимынх нь нэг сайд нэг охины хар тамхины асуудлаас болоод өөрийн харьяаны цагдаа, мөрдөн, АТГ, тагнуул гээд хамаг байгууллагынхаа нэр хүндийг бараад сайдынхаа хөлд бүгд чирэгдлээ шүү дээ. Ийм байдал гаргасан салбарын сайд, Ерөнхий сайд нэг ч хоног тэвчээд сууж болохгүй.Сайн дураараа саналаараа огцрох хэрэгтэй...” гэдэг үгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонсохгүй л байсан болов уу.
Түүний үгийг Ерөнхий сайд сонсохгүй ч ард түмэн сонсоно. Бас чихэндээ сэтгэлдээ суулган хүлээж авдаг юм гэдгийг мэдэхгүй баймгүй л юм.
Үнэхээр АН олон мундаг лидерийнхээ ачаар 2012 оны УИХ-ын сонгуульд суга үсрээд гараад ирсэн гэвэл эндүүрэл болно. Тийм учраас энэ ялалтыг АН юу юунаас илүү нандигнан бөөцийлөх ёстой л байсан болов уу.
АН-ын нүүр царайг үндсэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор л харж байлаа. Тэр Ерөнхийлөгч болж чадсан. Бас авлигатай эрчимтэй тэмцэж чадна гэдгээ баталсан. Монголын нэр нөлөө бүхий томоохон улстөрчид авлигын хэргээр баригдаж ял сонсох мөчид л Ц.Элбэгдоржийн үнэнд хүмүүс итгэсэн. Зоригтойхон хуулийн төслүүд санаачилж, ард түмнээс дэмжлэг авсан. Ард түмэн төр засгийн үйл ажиллагаанд оролцож, захиран зарцуулах эрх эдэлж болно гэдгийг баталгаажуулсан. Энэ бүхний үр дүнд 2012 оны УИХ-ын сонгуулиар АН үнэмлэхүй биш юм гэхэд түүхэндээ арай ахиу суудал авсан. Гэвч 2016 оны сонгуулиар энэ харьцаагаа ахиулахгүй юмаа гэхэд хадгалж чадах уу. Өмнө нь ард түмэн, ямар ч байсан хотынхон бүхэлдээ АН-ыг дэмжиж байлаа. Харин дараагийн удаад дэмжих болов уу. Сошиал буюу олон нийтийн сүлжээгээр явж байгаа санал сэтгэгдлээс харвал тийм гэж толгой дохиход хүнд бололтой.
Учир нь АН фракцуудын хагарлаа илт олны өмнө дэлгээд зогсохгүй, Ерөнхийлөгчийнхөө санаачилсан хэд хэдэн хуулийн төслийг унагасан. Бас Ерөнхийлөгчөөс хэд хэдэн зэмлэл ч хүртлээ. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ч “Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний эрх ашгийн төлөөх хуулийн төслүүдийг УИХ, Засгийн газар их хэрзгэр хүлээж авч байгааг анзаарч байгаа биз дээ” хэмээсэн.
Үнэхээр Д.Бямбасүрэн гуайн хэлсэн “Сүүлийн хоёр сонгууль дараалан үндэснийхээ баялгаа улс төрийн намуудаар тоглууллаа. Адаг сүүлд нь улс орныхоо эдийн засгийг тамирдуулчихсан хараад сууцгааж байна” гэдэг үг АН-д ч, МАН-д шархан дээр түрхсэн давс нь болсон гэж итгэе. Хорссон ч гэсэн эдгээх эм нь байх ийм үгийг энэ буурайгаас өөр хэлэх хүн хэр олон билээ.