Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар МУИС-ийн физикийн ангид 1977 онд хамт элссэн хоёр. Энэ тухай Ерөнхий сайд “Оргил өөд” номдоо ч тодорхой дурссан байдаг. “...Би гэхэд нэлээд хэгжүүн байрын өндөр шар хөвгүүнтэй жаахан шөргөөлцсөн. Харин дараа нь найзалсан юм. Тэр хэгжүүн шар нөхөр маань одоо Монгол Улсын баатар Э. Бат-Үүл. Тэрээр хөдөөний биднийг бодвол хотын унаган хүүхэд болохоор ч тэр үү, эсвэл аавынх нь хүмүүжил нөлөөлсөн үү, бусдаасаа арай л өөр сэтгэнэ. Харин Бат-Үүл бид хоёрын шөргөөцөлддөг байсан гол шалтгаан нь хот, хөдөөгийн ялгаанд биш, би ангийн дарга байсанд байгаа юм. Залуу хүн л юм болохоор хэн нэгнээс дор орчихгүй гэсэн эрмэлзэл, бас бүхнийг ном ёсоор байлгах хүсэл маань түүнтэй шөргөөцөлдөх шалтгаан ч байсан байж болох юм даа гэж хожмоо бодож явдаг юм” хэмээн бичсэн байдаг.
Уг нь, АН-ынхан хэзээ ч хэнийгээ ч хаана ч шүүмжилж чаддаг, болохгүйг нь нүүрэн дээр нь хэлчихдэг байдлаа Ардчилал гэдэг энэ хэмээн тод зарладаг байлаа. Харин АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг маань энэ зарчмыг өөрчлөхийг хүсч байгаа бололтой. Тэрээр МАХН-тай гэрээ хийсэн юм чинь МАН-ын “Олгой хагаравч тогоондоо” гэсэн зарчмыг таашааж эхэлсэн бололтой. Тэр өөрийнх нь эсрэг үг хэлсэн, үйлдэл хийсэн бүхнийг харлуулж, хараар будахыг хүсээд байна уу гэх байдал сүүлийн хэдэн өдөр харагдах болов.
Заримдаа ч хөөрхий Ерөнхий сайдын маань хийсэн үйлдэл биш ч юм бил үү. Хэн нэгэн санаатайгаар гаднаас нь зохион байгуулаад байна уу гэх үйл явдлууд дараалан гарсаар байгааг хүн бүр мэдрэх боллоо. Х.Тэмүүжин сайдыг огцруулахаар кноп дарсандаа Р.Бурмаа гишүүн намаасаа хөөгдөхдөө тулж байсан бол Ерөнхий сайдыг огцруулахаар МАН-ын өргөх бичигт гарын үсэг зурсныхаа төлөө Ж.Батзандан гишүүнийг буруутгаж Баянзүрх дүүргийн АН-ын ахмадууд мэдээлэл хийсэн. Гэтэл Э.Бат-Үүл даргын мэдэгдлийн дараа мөн түүнийг огцруулах тухай хэсэг бүлэг хүмүүс ч мэдээлэл хийж харагдсан. Бүүр “Ерөнхий сайдыг зүгээр хуушуур идүүлээч ээ” хэмээн хэвлэлийн хурал зарласан тухай олон нийтийн сүлжээгээр доог тохуу болгон бичиж байгааг хэрхэх билээ.
Гэтэл өчигдрийн “Өдрийн сонин” дээр “МУИС-ийг 1981 онд төгссөн Физикийн ангийн хамт олон” гэсэн автортай захидал нийтлэгджээ. “Алтанхуяг, Бат-Үүл нарын ангийн андууддаа анхааруулах нь” хэмээн гарчигласан нь нэг талаар эерүү сэтгэгдэл төрүүлэв. Гэвч мэдээллийг нь уншвал Ерөнхий сайд, Улсын баатар хоёрын ангийнхан маань жаахан төөрөлдсөн нь илт. Анд Ерөнхий сайдыгаа хамгаалж, Баатар андаа баахан буруутгажээ.
Тэдний захидалд, “...хамтран ажиллах гэрээгээ өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулан ажиллаж, энэ ажлын хүрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн дарга Н.Энхбаяртай санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэтэл МАН-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга болоод нэр бүхий хүмүүс нь хуурамчаар гэрээний хавсралт гээчийг үйлдэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “гал дээр тос нэмсэн” үйлдэл болж олон нийтийг төөрөгдүүллээ. Манай ангийн Э.Бат-Үүл ч энэ хуурамч гэрээний хавсралтыг үнэн юм байна гэж итгэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг руу хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр эвгүй мэдээлэл хийсэн нь ангийн андынхаа нэр хүндийг унагах үйлдэл болов.
Манай Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн хувьд ч, ангийн андын хувьд ч хэзээ л бол хэзээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж гэрээний талаар үнэн зөв мэдээллийг авах боломжтой байсан. Гэтэл Э.Бат-Үүл та ангийн анддаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж, нэр хүндийг нь юунд унагах болов оо.
Манай ангийн зарим нөхөд 2017 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор таныг ийм мэдэгдэл хийсэн байх гэж үзэх юм. Хэрэв тийм бол эрхэм анд минь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох хугацаа хол байна шүү. Иймд Э.Бат-Үүл та болгоомжгүй мэдэгдэл хийснийхээ төлөө ангийнхаа андаас уучлалт гуйх хэрэгтэй байх ” хэмээн анхааруулан загнажээ. Эцэст нь таван зүйлээр сэтгэлийн хэдэн үгээ андууд нь илэрхийлснийхээ хамгийн сүүлд нь ахиад л Бат-Үүл найз минь дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бодож байгаа бол арай эрт байна шүү хэмээн анхааруулсан байгаа юм.
АН-ын хоёр лидерийн ангийн андуудын захидлыг уншаад бүүр хачирхан гайхмаар. Ангийнхаа хоёрыг муудаж байгаад эмзэглэж буйг нь ойлгох ч илт Ерөнхий сайдын талд орж, өнөөх алдарт гэрээний мөн чанарыг буруу ойлгосноо хэвлэлээр нэг зарласан байх юм. Ингээд Э.Бат-Үүл баатрын тайлбарлаад мэдэгдэл гаргаад байсан гэрээний заалтыг ахин нэг эргүүлж харав.
Э.Бат–Үүл баатар АН-ын дарга Н.Алтанхуягийн гарын үсэг зурсан жинхэнэ гэрээн дээр хоёр ч заалтыг нь тодруулан зуржээ. Эхнийх нь гэрээний гуравдугаар заалт.
Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын сонгуулийн мажоратор тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулах зарчим баримтална гэснийг “Энэ яг үнэндээ сонгуулийн эвслийн гэрээ. Жишээ нь, Баянголд очоод Н.Энхбаяр энэ миний хуучин тойрог юм аа гэвэл С.Эрдэнээ нэр дэвшихгүй гэсэн үг. Нэр дэвшихгүй байх нь бага хэрэг” хэмээн тайлбарласан байгаа юм.
Мөн есдүгээр заалтад АН, МАХН нь хамтарч ажиллахдаа Ерөнхий гэрээнд тохирсон зарчимд нийцүүлэн нийслэлд хөдөө орон нутагт нэр дэвшүүлсэн боловсон хүчинг дэмжиж ажиллана гэдгийг өөрөөр хэлбэл, Баянголын сонгуулийн хороо нэр дэвшсэн Н.Энхбаярыг сонгуульд ялуулахын төлөө ажиллах юм байна л даа гэж тайлбарлаад хамгийн гол нь энэ Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 он хүртэл хүчинтэй. 18-нд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон байгаа юм.
Энэ гэрээгээр жишээ нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАХН-аас нэг хүн нэр дэвшээд Засаг даргын орлогч болбол манайх дэмжиж ажиллана гэсэн үг. Энэ чинь бүх сонгуульд. Жишээ нь манай нэг засаг дарга огцорчиход ард нь МАХН-ын нөхөр гараад ирвэл тэрийг дэмжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн эрхийг ч авч болно гэсэн үг. Гэтэл энэ гэрээг намын дүрмээр зөвхөн ҮЗХ батлах ёстой.
Гэтэл Иргэний хуулиар хоёр талын гэрээ дүрмээс давуу хүчинтэй байдаг. Аюул нь тэр. Энэ гэрээгээр бол МАХН-ын даргын барьцаанд орсон гэсэн үг. Энэ гэрээг биелүүлээгүй гээд шүүхэд хандвал бид сонгуульд ч оролцож чадахгүй байдалд орж болзошгүй болоод байна хэмээн эрс шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр 33 жил физикийн багш хийж хүн ардынхаа хүүхдүүдийг сурган хүмүүжүүлсэн багш нар минь ээ ангийн хоёр андынхаа алдаа оноог зөв дэнсэлж олон нийтийн хэвлэлд хандаач ээ гэж хүсмээр байна.
Яг үнэндээ Ерөнхий сайдыг өмөөрч өмгөөлөх гэсэн хүмүүсийн үйлдэл нь байгаа онохгүй зөрөөд буйг мэдэрч энэхүү үйлдлүүдээ татаад цаг хугацааг, улстөрчдийнхөө мэргэн шийдвэрийг хүлээж баймаар санагдах.
Өнөөдөр УИХ-д хуулийн дагуу МАН-ын оруулсан Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Гэхдээ АН-ын бүлэг завсарлага авч долоо хоног сунжруулж ч болзошгүй учраас энэхүү асуудал ирэх долоо хоногт эцэслэгдэж, төсөв мөнгө, өвөлжилтийн ажилдаа засаг төр ханцуй шамлан орохыг хүлээх л үлдлээ.