П.Очирбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг хууль зөрчсөн талаар Авлигатай тэмцэх газар (АТГ)-т өргөдөл өгч шалгуулсан Монголын Залуу Хуульчдын “Хос дэнс клуб” төрийн бус байгууллагын тэргүүн А.Гантамиртай ярилцлаа.
-Анх яагаад Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-ийн гишүүн П.Очирбатыг АТГ-т шалгуулахаар хандсан юм бэ?
-Олон нийтийн сүлжээгээр П.Очирбат гуайтай холбоотой, түүнийг “Монголиан Майнинг” корпорацид Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажилладаг болон сар бүр тогтмол цалин авдаг талаар мэдээлэл гарсан шүү дээ. Бид үүний дараагаар АТГ-ын албан ёсны цахим хуудаснаас П.Очирбат гуайн ХОМ-ийг авч нягталсан. Ингээд холбогдох ямар хууль тогтоомжийг зөрчив гээд үзтэл хэд хэдэн хуулийн зөрчил илэрсэн. Тиймээс түүнийг төрийн холбогдох байгууллагаар шалгуулж тогтоолгохыг хүсч, АТГ-т өргөдөл гаргасан юм.
-ХОМ-ийг уг нь АТГ шалгаж, дараагаар нь олон нийтэд дэлгэдэг биз дээ. Танай хуульчдын холбооныхон ямар зөрчил илрүүлсэн юм?
-Илэрсэн хуулийн зөрчлийг хоёр хэсэгт хувааж болохоор байгаа юм. Нэгд гэвэл, ХОМ-гээ худал мэдүүлсэн зөрчил. Энэ нь “Монголайн Майнинг” корпорацаас авдаг цалин урамшууллаа өөрийн ХОМ-тээ худал мэдүүлсэн гэсэн үг. Хоёрт, ашиг сонирхлын зөрчил. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн гишүүнд давхар эрхэлж болохгүй албан тушаал гэж бий. Гэтэл “Монголиан Майнинг”-аас цалин авч байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа явдал гэж бид үзсэн.
-Тодруулбал, яг ямар хуулийн заалтыг зөрсөн гэж?
-Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн 18 дугаар зүйл буюу Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт хэсгийн 18.3-т “ҮХЦ-ийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, мөрдөх албаны албан тушаалтан салбарын хуульд тусгайлан зааснаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Мөн 20.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гэж заасан байдаг. Мөн Авлигын эсрэг хуулийн 10.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.
-АТГ ямар хариу өгсөн бэ?
-АТГ-аас миний түрүүн дурдсан зүйлсээс ашиг сонирхолтой холбоотой буюу давхар эрхэлж болохгүй албан тушаал эрхэлсэн нь хууль зөрчсөн байна гэсэн хариу өгсөн. Харин ХОМ-гээ худал мэдүүлсэн гэдэг зөрчил илрээгүй гэсэн хариу ирүүлсэн. Миний хувьд энэ асуудал дээр дахин өргөдөл гаргаж өгсөн байгаа. Учир нь АТГ-ын ирүүлсэн хариунд “Хянан шалгалтаар ҮХЦ-ийн гишүүн П.Очирбат нь ХОМ-гээ худал мэдүүлсэн зөрчил тогтоогдоогүй бөгөөд “Монголиан Майнинг” корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажилласны урамшууллын мэдүүлгийг “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс картын үлдэгдэл” хэсэгт мэдүүлсэн байна” гэсэн байсан. Харин бид үүнтэй санал нийлэхгүй байгаа.
-Яагаад?
-Учир нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод болсон “Монголиан Майнинг” корпорацын 2014 оны захирлуудын цалин урамшууллын талаарх мэдээлэлд П.Очирбатад олгох цалинг урамшуулал бус харин захирлуудын цалин гэсэн хэсэгт тусгасан байсан. Энэ нь “Монголиан Майнинг” корпорац П.Очирбатад урамшуулал бус цалин олгодог болохыг нотолж байгаа юм. Гэтэл ҮХЦ-ийн гишүүн П.Очирбат нь өөрийн ХОМ-тээ “Монголиан Майнинг” корпорацаас авдаг цалингаа Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийнхээ гуравдугаар зүйлийн (хөрөнгө, орлого) 3.1-т (Орлого) хэсэгт мэдүүлэх ёстой байтал 3.2.6-т заасан “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс картын үлдэгдэл” хэсэгт мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өөрийн орлогыг санаатайгаар худал мэдүүлсэн байна гэж үзэхэд хүрсэн. Цалин гэсэн хэсэгт мэдүүлбэл хаанаас авсан цалин болон эрхэлж болохгүй албан тушаалыг эрхэлж байгаа нь илчлэгдэх байсан учир хадгаламж картын хэсэгт мэдүүлсэн гэж бодож байна.
-Хууль зөрчсөнийг АТГ баталгаажуулсан учир одоо ямар арга хэмжээ авах ёстой юм бол?
-Хуульд тодорхой заасан байдаг. ХОМ-гээ худал мэдүүлсэн болон эрхэлж болохгүй албан тушаал эрхэлсэн бол албан тушаалаас нь огцруулна гэж заасан байгаа. Гэтэл хуулийн хариуцлага хүлээлгэх эрх бүхий байгууллага нь АТГ биш болсон. Учир нь П.Очирбат нь ҮХЦ-ийн гишүүн учир бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал нь анх томилсон байгууллага буюу УИХ эсвэл ҮХЦ өөрөө гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн боломж байдаг.
-Тэгвэл энэ асуудал ямар нэгэн үр дүнд хүрэхгүй гэсэн үг үү?
-Би хувьдаа тэгж бодохгүй байна. ҮХЦ-ийн хуралдаанаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийн тулд хууль зөрчсөн болохыг шүүх тогтоосон байхыг хуулиар шаардаж байгаа. П.Очирбат гэх хүний үйлдэл нь хууль зөрчсөн болохыг АТГ тогтоосон. АТГ бол шүүх байгууллага биш тиймээс АТГ-ын шийдвэрийг шүүхээр баталгаажуулахын тулд бид ажиллаж байна. Шүүхэд энэ асуудлаар хандаж байгаа. Шүүх тогтоосны дараагаар ҮХЦ-д хандах болно. Бас нэг боломж нь УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой. Энэ үүднээс УИХ-д хандсан байгаа.
-Ер нь яагаад ҮХЦ-ийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж улайрч байгаа юм бэ, гэсэн асуулт зарим хүмүүст байна.
-Энэ асуултад хариулах хэд хэдэн үндэслэл байна. Нэгд, хууль зөрчсөн бол ҮХЦ-ийн гишүүн байна уу, УИХ-ын гишүүн байна уу, бүгд л хариуцлага хүлээх ёстой. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд хэн ч байсан хуулийн хүрээнд ажиллах ёстой. Энэ бол эрх зүйт төр оршин байгаагийн хамгийн том илрэл. Хоёрт, манай залуу хуульчдын “Хос дэнс клуб” төрийн бус байгууллага ҮХЦ-д гомдол мэдээлэл гаргаж, шийдвэрлүүлэх ажлаар мэргэшээд гурван жил гаруй болж байна. Энэ хугацаанд 10 гаруй маргаантай асуудлаар ҮХЦ-д хандсан. Учир нь цэц бол Үндсэн хуулийг хамгаалдаг байгууллага. Энэ байгууллага өөрөө хараат бус байх, ашиг сонирхолд өртөхгүй байх нь нэн чухал. Гуравдугаарт, П.Очирбат гишүүнтэй холбогдоод байгаа “Монголайн Майнинг” корпорац нь монголчуудын мэдэж байгаагаар Тавантолгойн төсөлд шалгарсан гээд байгаа байгууллага шүү дээ. Том төсөлд шалгарсан гэх байгууллага нь төрийн “хамгийн том эрх мэдэл бүхий” байгууллагын гишүүнтэй ашиг сонирхлын зөрчилтэй байна гэдэг байж болох асуудал уу. Би хувьдаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль зөрчсөн цэцийн гишүүнийг халаасалсан байгууллага мега төсөлд хэрхэн, яаж шалгарсан бэ, гээд олон хардалт бий болгож байгаа юм.
-Та сая ҮХЦ-ийг хамгийн эрх мэдэлтэй байгууллага гэлээ?
Тэр үгийг хашилтанд хийгээрэй. Гэхдээ энэ бол үнэн үг. Учир нь ҮХЦ нь УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч, Дээд шүүхийн ерөнхий шүүгч гээд төрийн бүх л том албан тушаалтны үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоодог байгууллага. Мөн шаардлагатай бол огцруулах шийдвэр хүртэл гаргана. Энэ бол үнэхээр том бүрэн эрх, эрх мэдэл биш гэж үү. Хардалт талаасаа л даа. Гэхдээ хэн нэг хүн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Шүүх гэсэн эдгээр байгууллагыг халаасалж чадахгүй бол цэцийн гишүүнийг халааслахад л болно биз дээ. Нэг сумаар дөрвөн туулай буудах боломж олгож байгаа гэх юм уу.
-Яг энэ асуудлын хүрээнд дараагийн алхмаа төлөвлөсөн үү?
-Ямар ч байсан хууль зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тууштай ажиллана. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй “Монголайн Майнинг” корпорац чухам яаж том төсөлд шалгараад байгаа талаар судлахаар ажиллаж байна. Нэг зүйл хэлэхэд энэхүү ярилцлагын дараа олон хүмүүс том төсөл гацаахаар ажилладаг гэж шүүмжилж элдвээр хэлэх байх. Тэр хүмүүст түрүүлээд хариуг нь хэлэхэд “Хэрвээ хууль ёсыг сахиулж эрх зүйт төрийг хамгаалсны төлөө элдвээр хараалгахаар бол би бэлэн”. Мөнгө хэрэгтэй гээд толгойгоо тасалж өгөөд амьдрах гэж байгаа хүмүүс бүгд морь унасан толгойгүй хүн л болох байх.