Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ даргаа батламжилж, дүрмээ өөрчилсөн АН-ын VII Их хурал


Л.НОМИН

Ардчилсан намын VII Их хурал өчигдөр боллоо. 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүд төдийгүй Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайд, дипломатуудыг зочноор оролцуулан хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энэ Их хурлын өмнө Үндэсний зөвлөлдөх хороо сүүлчийн хуралдаанаа хийж, Их хурлаар хэлэлцэх асуудал, холбогдох тогтоолууд, Их хурал даргалагч, тэргүүлэгчдийг сонгож, баталсан. Хурлыг Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж даргалсан. Тэргүүлэгчдээр Д.Эрдэнэбат, С.Одонтуяа, П.Цагаан, Д.Батбилэг, С.Эрдэнэболд, Л.Сурат, Мөнхцэцэг нар ажиллав.
VII Их хурлыг АН-ын дарга асан З.Энхболд нээж, хурал даргалагч, тэргүүлэгчдийг суудалд нь залсны дараа АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар тайлангаа тавьсан юм.

Үүний дараа бүх гишүүний сонгуулиар хамгийн олон санал авч сонгогдсон С.Эрдэнийг АН-ын даргаар батламжилж, тамга тэмдэгийг нь гардуулан өглөө. Энэ үеэр халаагаа өгөхөөр хурлын индэр рүү яаран гарч ирсэн З.Энхболд “Индэр рүү гүйх миний сүүлчийн ажил энэ болж байна” гэв.


З.Энхболд: Фракцуудын барьцаанаас гарч чадлаа

Ардчилсан нам түүхэндээ анх удаа бүх гишүүнээсээ даргаа сонголоо. Энэ сонголт нь Монголын улс төрийн намуудын түүхэнд дахин нэг шинэчлэлийг авч ирлээ. АН-ын даргыг сонгох сонгуульд нэр дэвшиж, намын төлөвшил, бэхжилтэд хувь нэмрээ оруулж гишүүдийнхээ итгэлийг сэргээж, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нартаа баяр хүргэе. Фракцуудын барьцаанаас АН өөрийгөө чөлөөлж чадлаа. Бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, хүний нөөцийн томилгооноос эхлээд намынхаа хурлыг хийхэд хүртэл фракцтай зөвшилцөж тэдний эрх ашигт нийцүүлэхээс өөр аргагүй байдалд ордог, тэдний эрх ашигт нийцэхгүй бол ирц бүрдэггүй байдлаас АН саллаа. Олигархиуд, оффшорчдоос авахгүйгээр нийт жирийн гишүүдийнхээ хандиваар бүрдүүлсэн Их хурал болж байна.

Орон даяар шинэчилсэн бүртгэл хийхэд 138 мянган хүн хамрагдаж, нэгдсэн цахим бүртгэлтэй боллоо. Дотоод сонгууль ил тод нээлттэй явах суурь ингэж тавигдлаа. Удахгүй болох анхан шатны байгууллагуудын даргын сонгууль АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаа, Үндэсний зөвлөлдөх хорооны сонгууль зэрэгт бүх гишүүнээсээ санал авах учир суурь баазаа бүрдүүлж чадсан. Намын анхан ба дунд шатны байгууллагыг өөрийн хүрээллээ хэдхэн хүнээр бүрдүүлж үүд хаалгаа хаадаг тогтолцоо өнөөдрөөс эхэлж больж байна. Энэ шинэчлэлийг хийж чадсан мянга мянган гишүүд, бүх шатны намын байгууллагууд, Ж.Оюунбаатар даргатай Намын даргын сонгуулийн хороо, түүний салбар хороод, дүрмийн шинэчлэлийг сүүлийн зургаан сарын турш хийж байгаа Ш.Түвдэндорж даргатай ажлын хэсгийн олон зуун гишүүдэд баяр хүргэе. Намаа дахин эрх баригч болж, улс орноо хөгжүүлэх гол улс төрийн хүчин болгохын төлөө бүх хүчээ дайчлан та бүхэнтэй хамтран зүтгэх болно.

З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар АН-ын шинэ дарга С.Эрдэнэд тамгыг нь гардуулсны дараа үзэл бодлоо илэрхийлсэн. Тэдэнд зориулж С.Эрдэнэ төрийн далбаа болон АН-ын тугийг хадгалуулахаар гардууллаа. 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нийслэлийн АН-ын гишүүдийн өмнөөс С.Эрдэнэд баяр хүргээд “Сунгаа гэдэг үзэгдлийг Монголын ардчилалд, Монголын улс төрийн амьдралд АН оруулж ирсэн. З.Энхболдын хэлсэнчлэн намынхаа нийт гишүүдийн сунгаа болгосон ийм түүхэн шинэ цаг үеийн дарга нь С.Эрдэнэ. Одоо С.Эрдэнэд өмнөх дарга нараас ч илүү эрх мэдэл, итгэл найдвар очиж байгаа. Энэ эрх мэдэл, итгэл найдвар очих төдийгүй С.Эрдэнэ Монголд өмнө нь байгаагүй олон гишүүний оролцоотойгоор сонгогддог намын дарга болсон. Ийм сунгаа хийж чадах нам Монголд байхгүй. МАН бидэн шиг ийм сунгаа хийж хэзээ ч чадахгүй. Намын даргаа гишүүдийнхээ саналаар сонгодог нам бүс нутагтаа ч байхгүй гэж бардам хэлж чадна. Одоо бидний өмнө улс төрийн маш том зорилго тавигдсан. Ийм үед намын дарга болж байгаа нь онцлогтой. Ард түмэндээ эрх мэдлийг эргүүлж өгөх ийм том тэмцлийн өмнө С.Эрдэнэ зогсч байна. 1990 онд бид нойр, хоолоо умартаж тэмцэж байж олсон үнэ цэнэт  зүйл рүү одоо дайрч байна. Энэ үед С.Эрдэнэ намын дарга болж байгаа учраас их амаргүй зорилт өмнө нь байгаа. Гэхдээ 85 мянган гишүүн, торгон цэрэг ард нь зогсч буй гайхалтай жанжин ялагдана гэж байхгүй” хэмээсэн юм. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр анд нөхрийн хувьд С.Эрдэнэд амжилт хүсээд “АН-ын шинэчлэлийг уухайлан түрсэн нийт намын гишүүддээ баяр хүргэе. Хэдхэн сарын өмнө АН ард түмнээрээ дүнгээ тавиулахыг харлаа. Энэ дүнд АН гэмшиж, ухаарч шинэчлэл хийх шаардлагатай болсныг ойлгож буйг шинэчлэлийн үйл явцаас бид хамтдаа харж байгаа. Бид хоёрхон сарын дотор хоёр Их хурал зохион байгуулахыг харлаа. Бид дотоод шинэчлэлээ хийж чадлаа. Олигархиудаас, фракцалсан, блоклосон, хувьчлагдсан намаас нээлттэй нам болох үйл ажиллагааг эхлүүлж чадлаа. Бидний шинэчлэл сэтгэлгээний шинэчлэл рүү явах хэрэгтэй болсон. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө, зөв бодолтой, хөдөлмөрийг тахин шүтдэг хүмүүжлээр ард иргэдээ манлайлах ёстой. Маш том хариуцлага үүрлээ шүү, С.Эрдэнэ ээ. Бидэнд амбийц, хувиа бодох зүйл байхгүй. Эх орныхоо, иргэдийнхээ төлөө хамтдаа зүтгэе” гэлээ.
 

“Шинэчлэлийг бүрэн хийснээр 2020 оны сонгуульд ялна”

2016 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хүртэл он дамжин АН-ын даргын сонгууль болсон. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар сонгуульд өрсөлдсөн билээ. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 120 мянга 703 гишүүний 85 мянга 393 нь саналаа өгч ирц 71,2 хувь байсан. 20 аймаг, найман дүүрэгт саналын тоогоор буюу 2928,92 оноогоор тэргүүлсэн С.Эрдэнэ АН-ын сонгуулиар сонгогдсон анхны дарга болов. Аймаг, дүүргүүдийг УИХ-ын мандатын тоотой нь харьцуулан онооны системээр саналын дүнг тооцсон. Санал хураалтын явц, санал тоолохыг дүрс бичлэгээр баталгаажуулсан байна. Сонгуулийн санал хураалтын дүнг бусад нэр дэвшигч хүлээн зөвшөөрч АН-ын шинэчлэл амжилттай эхэлсэн.
АН-ын даргаар сонгогдсон тул УИХ дахь АН-ын бүлгийн даргаас С.Эрдэнэ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Д.Эрдэнэбатыг өнгөрсөн баасан гарагт томилоод буй. Ингээд VII Их хурлаар АН-ын даргаар батламжлагдсан С.Эрдэнэ цаашид ямар бодлогоор ажиллахаа илтгэлтдээ ингэж дурдсан юм.

Тэрээр эх орныхоо өнцөг булан бүрээс цугласан Их хурлын нийт төлөөлөгчид, гадаад, дотоодын зочдодоо мэндчилгээ дэвшүүлээд энэ бол Монголын ардчиллын түүхэнд нэгэн чухал үйл явдал хэмээлээ. Цааш нь “АН-ын шинэчлэл, үүнд чиглэсэн АН-ын үзэл баримтлал, дүрмийн шинэчлэлийг хийснээр XXI зууны Монгол Улсын намуудын шинэчлэлийн түүхэн эхлэлийг тавьж байна. Монголын улс төрийн түүхэнд намын даргаа нийт гишүүнээсээ сонгодог шинэчлэлийг хамтдаа хийж, эхлүүлж чадлаа. Түүхэн шинэчлэл, алхамуудыг хийхдээ хамтдаа зүтгэж, гишүүдтэйгээ уулзаж, 10 гаруй мянган км замыг хамтдаа туулсан Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нарын цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Энэ сунгаанд намайг, миний мөрийн хөтөлбөрийг дэмжиж, миний төлөө саналаа өгсөн, сунгаанд идэвхтэй оролцсон журмын 85 мянган нөхөддөө нийт гишүүддээ баярласан, талархснаа илэрхийлье. 27 жилийн өмнө хүйтэн жавар тачигнасан өдрүүдийг бид мартаагүй. Бидний зорьж эхлүүлсэн, ардчилал, шударга ёс, хувийн өмч гээд үнэт зүйлсийнхээ төлөө бид 27 жил хамтдаа тэмцлээ. Бидний дунд байх ёстой олон сайхан нөхөд маань одоо алга. Эрүүл мэнд, амь нас, үнэт зүйлсээ тэд маань зориулж чадсан. Түүхэн шалгуурын өмнө бид ирээд байна. Монголын ардчиллыг цааш нь үргэлжлүүлэх, Монголын улс төрийн шинэчлэлийг эхлүүлэх зүй ёсны шалгуурын өмнө ирлээ. Монголын улс төрийн түүчээлэгч, тэргүүлэгч улс төрийн хүчин болохын төлөө ажиллах, түүхэн хариуцлагын өмнө ирээд байна. Бид ахмадуудаасаа өвлөх туршлагагүйгээр, эмэгтэйчүүдийнхээ нарийн нандин мэдрэмжгүйгээр, залуучуудынхаа гал цогтой хүсэл тэмүүлэлгүйгээр энэ өөрчлөлтийг цогцлоож чадахгүй. Тиймээс гурван цагийн хэлхээс болсон ахмад, дунд, залуу үе, жендэрийн тэгш байдлыг хангасан үйл ажиллагаа явуулахаа хариуцлагатайгаар хэлье.

Бидэнд хийх бүтээх ажил асар их байна. АН-ын анхан, дунд шатны намын шинэчлэлийг хийх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангаж чадна гэдэгт итгэлтэй байна. Шинэчлэлийг бүрэн дүүрэн хийж чадсанаар 2020 оны төрийн бүх шатны сонгуульд ялагч байх болно. Монголын ард түмний хүсэн хүлээсэн төр, нийгэм, хөгжлийг авч ирэх улс төрийн тэргүүлэгч хүчин байж чадна гэдэгт огт эргэлзэхгүй байна” гэсэн юм.
АН-ын даргын сонгуулийн уулзалтын даргалагчаар АН-ын гишүүн С.Эрдэнэболд ажиллахдаа 21 аймаг, есөн дүүрэгт нийтдээ 33 өдөр үргэлжилсэн сунгааны тэмдэглэлийг хийжээ. 30 удаагийн уулзалтын тэмдэглэл 50 хуудас цаас буюу 550 метрийн урттай болж. Монгол бичгээр хийсэн тэмдэглэлээ хамгийн сүүлд Налайх дүүрэгт болсон уулзалтын дараа таван нэр дэвшигч, Сонгуулийн хороонд ажилласан 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөгч гарын үсгийг зурж баталгаажуулснаа энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэд гар­дууллаа. Мөн Өмнөговь айм­гийн мянган тэмээтэй улсын сайн малчин Г.Бүд шинэ дар­гадаа амжилт хүсээд хадаг, мөнгөн аягатай цагаан идээг өргөн барив. VII Их ху­рал үүгээр үдээс өмнөх хурал­даан нь завсарлаж, үдээс хойш хаалттай горимоор Үнд­сэн дүрмийн төслийн нэ­мэлт өөрчлөлтийг хэлэлцсэн юм.

      
С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тавдугаар сард болох VIII Их хурлаар тодруулна

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.    

-АН-ын VII Их хурлаар ямар асуудлууд шийдэх вэ?
-АН-ын шинэчлэлийн анхны алхам амжиллтай болж дуусч байна. Үдээс хойш болох хуралдаанаар АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт батлагдана. Ингэснээр АН-ын анхан дунд шатны бүх сонгуульт албан тушаалтныг шинэчлэх ажил эхэлнэ. ҮЗХ хоёр хоногийн өмнө отгон хуралдаанаа хийж бүрэн бүрэлдэхүүнээрээ тарсан. Шинэ дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороо 380 төлөөлөгчтэйгээр шинээр байгуулагдана. 338 сум, 152 хорооны үүрийн дарга нар, тэргүүлэгчид шинэчлэгдэнэ. Мөн 21 аймаг, есөн дүүргийн намын дарга нар шинэчлэгдэнэ. Энэ бүх ажил намын шинэчлэлийн хоёр дахь том давалгаа байх болно.
-Үндсэн дүрмийг VII Их хурлаар яагаад батлахгүй юм бэ?
-Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг батална. Хавар тавдугаар сарын эхээр хуралдах VIII Их хурлаар үзэл баримтлалын төсөл, Үндсэн дүрмийн эцсийн найруулгыг батлах юм. Энэ хугацаанд Үндсэн дүрмэнд хийх, зохицуулах зүйл их байна. Үндсэн дүрэм, Үзэл баримтлалын зөвлөлийг шинээр байгуулж байгаа. Энэ зөвлөл маань дахиад хоёр сарын хугацаанд ажиллах шаардлага байна.
-Намын дарга болоод шинэчлэлийн эхний ажил юу байх вэ?
-Нэгдүгээрт, АН-ыг нэгдмэл цул нам байлгахын төлөө ажиллана. Фракц бүлэглэл, хэрүүл талцалд хуваагдсан байдлаас өнөөдөр бид гарч байна. Тэгэхээр АН улс орны хөгжлийг тодорхойлдог, улс төрийн тэргүүлэгч хүчин байхын төлөө нэг цул болж ажиллана.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ АН сунгаагаар тодруулна гэсэн?
-Ерөнхийлөгчийн сонгуу­лийн дагуу намаас нэр дэвшигчийг тавдугаар сарын 1-7-ны хооронд тодруулах ёстой. Энэ хугацаанд бид бүх гишүүнээс санал авч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн эхний үе шатны шалгаруулалт явуулна. Хамгийн олон санал авсан хоёр хүнийг намын VIII Их хуралд оруулж, нууц санал хураалтаар эцсийн байдлаар нэр дэвшигчээ тодруулах хоёр үе шаттайгаар шалгаруулахаар төлөвлөж байгаа.

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тухайд?
-Үдээс хойш дүрэм батлагдсаны дараа Ерөнхий нарийн бичгийн даргыг батална. Дүрэм батлагдаагүй байгаа учраас хэлэх боломжгүй байна.

-Нэр дэвшүүлэх юм уу, намын дарга санал болгох уу?
-Намын даргын санал болгосноор оруулж Ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлана. Ер нь Ерөнхий нарийн бичгийн даргыг Үндэсний бодлогын хороо батлах ёстой. Тэгэхээр Үндэсний бодлогын хороо батлагдах хүртэл хугацаанд Их хурлаас намын даргад эрх олгосон тогтоолоор батлахаар шийдэж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан