Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Мөнх-Оргил “Ростех”-ийн удирдлагуудтай уулзахгүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2017 оны хоёрдугаар  сарын 13-14-нд тус улсад айлчилж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд  С.В.Лавров Монгол Улсын ГХ-ны сайдтай уулзаад “Эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь олон жилийн түүхэн хэлхээ холбоонд үндэслэгдсэн, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойролцоо байр суурьтай байдгаараа онцлог, уламжлалт сайн хөршүүд болох Монгол, Оросын харилцааг бид үнэлдэг. Стратегийн түншлэлийн нөөц бололцоог дээд хэмжээгээр ашиглах тухай хоёр талын удирдагчдын хүсэл эрмэлзлэлийг  2009 оны Тунхаглалд бататган зааж өгсөн. Энэхүү Тунхаглалын үндсэн дээр улс төр, худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, олон улсын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх томоохон зорилтуудыг хамарсан Дунд хугацааны хөтөлбөрт 2016 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, янз бүрийн түвшний хэлхээ холбоог идэвхжүүлэхэд тус дөхөм болж байна” гэж цохон тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр орны улс төрийн харилцаа стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу амжилттай сайн хөгжин, өндөр, дээд түвшинд болон парламент, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, салбарын яамдын хооронд ажил хэргийн айлчлал, яриа хэлэлцээ тогтмол явагдаж байгааг дурдан, цаашид худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг эрс идэвхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлал чухал ач холбогдолтой гэв.

Сайд нар  цаашид хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, хил залгаа бүс нутгийн хоорондын худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг эрчим­жүүлэх шаардлагатайг дурдаад Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн заалтуудыг ажил хэрэг болгох, Эдийн засгийн коридор байгуулах тухай Монгол, Орос, Хятад гурван талт хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэн, хоёр талын төрийн холбогдох  байгууллагуудын хэмжээнд тодорхой арга хэмжээ авч ажиллахаар боллоо. 

Гадаад Харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээс ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилын айлчлалтай холбоотой зарим мэдээлэлд тодруулга хүсэв.

-Орост хийж буй айлчла­лыхаа хүрээнд ГХ-ны сайд Эрдэнэтийн 49 хувийн асууд­лаар “Ростех”-ийн удирд­­ла­гууд­тай уулзана гэж байсан. Энэ үнэн үү?

-Сайд “Ростех”-ийн удирдлагуудтай уулзах ямар ч үндэслэл байхгүй. Хүсэлт ч тавиагүй. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтай маш өндөр түвшний хэлэлцээр хийсэн. Цаашид хоёр орны харилцааг өндөр төвшинд гарах зорилтын хүрээнд өнгөрсөн зургаан сарын хугацаанд хоёр орны зургаан ч салбарын сайд салбарын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулаад байгаа.

-Оросоос ирээд Ц.Мөнх-Оргил сайд Хятад руу айлчлана гэсэн мэдээлэл байна. Энэ үеэр 4,3 тэрбум долларын зээлийн асуудал яригдах уу?

-Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тус улсад айлчлахыг албан ёсоор урьсан.  Энэ сарын 19-20-нд айлчилна. Айлчлалын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй албан ёсны хэлэлцээр хийнэ. Мөн БНХАУ-ын дэд даргад бараалхана. Гадаад худалдааны сайдтай нь уулзана. Түүнээс 4,3 тэрбум долларын зээлийн асуудал огт байхгүй ээ. Энэ бол ташаа мэдээлэл байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан