Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ВАН ШЯОЛҮН: ХЯТАДЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БОЛ ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР БИШ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ван Шяолүн ASSA сэтгүүлийн маань зочноор уригдсан юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг сонирхон уншина уу.  

-Юуны өмнө манай сэтгүүлийн урилгыг хүлээн авсан Элчин сайд танд баярлалаа. Монгол Улсад эх орноо төлөөлөн суух үндэс суурь хэрхэн тавигдсан талаар ярилцлагаа эхэлье?
-Танай оронд Элчин сайдаар эх орноо төлөөлөн ажиллах завшаан олдсон минь нэр хүндийн хэрэг гэж боддог. Монгол, Хятад улс найрамдалт харилцаатай хөрш орон. Улс төр, эдийн засаг, хүмүүнлэг гээд олон салбарт хоёр улсын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад баярлаж явдаг.

-Та бол Монгол Хятадыг холбож буй гүүр. Монголчуудын талаархи таны сэтгэгдлийг сонсмоор байна?
-Монголчууд надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн ард түмэн. Монгол хүнийг баатарлаг, эр зоригтой, шулуухан зантай, зочломтгой, чин сэтгэлээсээ аливаад ханддаг гэж хэлмээр байна. Монголын соёл урлаг өндөр төвшинд хөгжсөн. Надад ардын урлаг, дуу, бүжиг, хөгжим бүгдээрээ таалагддаг.

-БНХАУ-ын удирдагч Ху Жинтаотай манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалт хийсэн. Энэхүү уулзалтаар хоёр орны харилцаанд ямар шинэ алхам хийсэн бол?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ху Жинтао дарга болон Хятадын төрийн зөвлөлийн орлогч сайд Ли Көцян ноёнтой тус тус уулзсан. Цаашдаа хоёр орны харилцааг хэрхэн хөгжүүлэх талаар нэлээд илэн далангүй ярилцаж, хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн. 2012 он бол хоёр улсын хувьд маш онцгой жил. Танай улсын хувьд зургадугаар сард УИХ-ын сонгууль боллоо. Удахгүй шинэ Засгийн газар бүрэлдэх байх. Хятадын хувьд энэ намар коммунист намын 18 дугаар Их хурал болно.  Намын их хурлаар шинэ удирдлагууд сонгогдоно. Энэ бүхнээс шалтгаалан хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, бүх талын хамтын ажиллагааны хөгжлийн хандлага нэмэгдэх байх. Дэлхийн эдийн засгийн байдал тун эмзэг байна. Жишээ нь, АНУ-ын хувьд эдийн засгийн эргэлтийн явц маш удаашралтай байна. Европын санхүүгийн хямрал хүнд байгаа. Энэ бүхэн Азийн эдийн засгийн тодорхой төвшинд нөлөөлж байна. Иймд Хятад, Монгол улс нэгдүгээрт хөрш орны хувьд нөгөө талаар хамтын ажиллагаатай түншүүдийн хувьд цаашдаа бүр илүү нягт хамтарч ажиллах хэрэгтэй. 
 
-Хятад бол манай улсад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ тэргүүлдэг. Цаашид аль салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийх бодлого баримтлаж байгаа вэ?
-Монгол Улсад цаашдаа шууд хөрөнгө оруулалт хийх талаар манай төр засгаас аж ахуйн нэгжүүдэд чиглэл, зөвлөмж өгнө гэж би бодож байна. Монголын эдийн засагт нэн шаардлагатай байгаа салбарт хөрөнгө оруулалт хийх талаар зөвлөмж өгнө. Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу хөрөнгө оруулалт хийгдэх ёстой. Юун түрүүнд шаардлагатай байгаа авто зам, төмөр зам болон дэд бүтцийн салбар шууд хөрөнгө оруулалт хийх болно. Цаашдаа бүтээгдэхүүн боловсруулах, нэмүү өртөг шингээх зэрэг үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийнэ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлж сайхан ирээдүй хамтдаа бүтээхийг хүсч байна.

-Монгол Улстай хамтын ажиллагаа явуулахад хүндрэлтэй зүйл юу байдаг бол. Хамгийн ойр ажиллаж байгаа хүн учраас танд тодорхой санал бодол байгаа байх аа?
-Хамтын ажиллагааны ерөнхий байдал сайн гэж дүгнэдэг. Гэхдээ нөгөө талаар таны асуусан саад бэрхшээл, хүндрэлтэй зүйл байгааг нуух хэрэггүй гэж бодож байна. Жишээ нь, УИХ-ын сонгуулийн өмнө стратегийн орд газруудад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталсан. Үүнд манай улс их анхаарал хандуулж байгаа. Монголын хувьд эдийн засгаа сайн хөгжүүлэхийн тулд хууль тогтоомж болон удирдах механизмаа улам боловсронгуй болгож байгааг ойлгож хүндэтгэж байна. Дэлхийн улс орнууд түүний дотор манай улс ч гэсэн энэ чиглэлд зүтгэж байна. Гэхдээ дээрх арга хэмжээ нэгдүгээрт, Монгол улсын язгуур эрх ашигт нийцэх хэрэгтэй байна. Нөгөө талаар бусад улс орнууд ялангуяа Хятад улстай хамтран ажиллахад тус дөхөм болох, саад бэрхшээл учруулахгүй байх ёстой гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулахад тухайн улсын хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал. Ялангуяа эрдэс баялгийн салбарт. Энэхүү салбарт нэгдүгээрт, томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд хийгддэг. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтыг буцаан авахад нэлээд хугацаа хэрэгтэй байна. Гуравдугаарт, энэ салбар дахь хөрөнгө оруулалт нэлээд эрсдэл, аюул дагуулдаг.  Дэлхийн дахинаа хөрөнгө оруулалтын зах зээл доошоо явж байна. Ийм нөхцөл байдалд өөрийн орны хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлж чадах юм бол хөрөнгө оруулалтыг цаашид татан оролцуулахад тустай байх аа.

-Монголын стратегийн орд газруудыг Хятадын “Чайналко”, Шин Хуа зэрэг компани авчихсан талаар шуугиан дэгдсэн. Магадгүй энэ бүхнээс болоод стратегийн орд газруудад гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох тухай хууль яаравчлан баталсан байх аа?
-“Шин Хуа” групп, “Петрочайна” зэрэг нь Хятадын төрийн өмчит компаниуд. Эдгээр компани бол хятад болон гадаад улс орнуудтай хамтын ажиллагаа явуулахад маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Зарим хүн Хятадын төрийн өмчит компаниудын талаар буруу ойлголттой явдаг. Эдгээр компанийг Хятадын Засгийн газар мэт ойлгож явдаг нь ташаа ойлголт юм аа.  Сүүлийн 30 жилийн турш Хятад улс шинэчлэлт, өөрчлөлт хийсээр ирсэн. Хятадын аж ахуйн нэгж компаниудын бүтэц ч өөрчлөгдсөн. “Шин Хуа”, “Петрочайна” зэрэг компани олон улсын биржэд нэгдэн үйл ажиллагаа явуулдаг. Төрийн өмчит компани ч олон улсын зах зээлийн зарчмаар бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг хэлмээр байна. Эргэлтийн хөрөнгө, техник технологи гээд дэлхийн төвшинд салбартаа тэргүүлэгч компани болтлоо хөгжсөн. Нийгэмд хүлээх хариуцлага, үүргээ маш сайн гүйцэтгэсээр ирсэн. Хамтран ажиллаж буй орондоо ажлын байр олноор бий болгож, нийгмийн бүхий л салбарыг хөгжүүлэхэд тусалж, байгаль орчинг хамгаалах талаар системтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа.

-Манай улсын нүүрсний экспорт анхнаасаа ямар ч бодлогогүй, зохион байгуулалтгүй, эмх замбараагүй явагдчихсан. Үүнээс шалтгаалан янз бүрийн хүндрэл бэрхшээл, үл ойлголцол зэрэг асуудал тасралтгүй гараад байгаа байх л даа?
-Нүүрс бол Монголын экспортын ихээхэн хэмжээг эзэлдэг. Тэр хэмжээгээрээ эдийн засагтаа чухал нөлөө үзүүлдэг. Өнгөрсөн онд манай улс гурван тэрбум тонн нүүрс хэрэглэсэн. Үүнээс 170 сая орчим тонн нүүрс нь импортынх. Монголоос гэхэд 20 сая тонн нүүрс экспортолсон. Манай улсын хувьд Монгол Улстай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг явуулмаар байна. Манай талаас зөвхөн санхүүгийн ашиг хонжооны төлөө явдаггүй юм шүү. 
 
-Өнөөдрийн байдлаар Монголын нүүрс танай улсын хил дээр хямд  үнээр зарагдаж байгаа. Тяньжины олон улсын бирж цаашлаад Хятадын эцсийн хэрэглэгч болох төмөрлөгийн болон эрчим хүчний үйлдвэрүүдэд шууд нийлүүлэхийн тулд танай улс доторх тээвэрлэлтийн асуудлыг шийдэх ёстой гэдгийг нүүрсний салбарынхан байнга сануулдаг. Ойрын хугацаанд Хятад улс доторх тээвэрлэлтийг асуудлыг шийдэх боломжтой юу?
-Монгол улс гуравдагч улс орнуудад нүүрс экспортлох асуудлыг Хятадын зүгээс дэмжиж байгаа. Үүнийг шийдэхийн тулд тээвэрлэлтийн асуудал үнэхээр чухал.  Хятадын дотоодын авто зам, төмөр замын хүчин чадал дутагдалтай байгаа. Нүүрс тээвэрлэж буй хүнд даацын автомашинууд  автозамд маш урт цуваа үүсгэж байгаа. Заримдаа 100 км газар машины урт цуваа тасралтгүй үргэлжилдэг. Ази Номхон далайн нүүрсний зах зээлд нүүрсний үнэ буурч эхэлсэн. Австрали, Индонези зэрэг улс нүүрсийг их хэмжээгээр экспортлож байна. Их хэмжээний нүүрс Номхон далайн баруун эргийн орнуудад хямд үнээр ихээр орж ирэх болсон. Үүнээс шалтгаалан Монголын нүүрс үнэ хүрэх давуу тал багасах болов уу гэж үзэж байна. Автозамаар нүүрс тээвэрлэж байгаа нь байгаль орчинд муугаар нөлөөлсний зэрэгцээ бүтээмж бас доогуур, өртөг өндөртэй байгаа. Энэ нь Монголын нүүрсний үнэ зах зээлд өрсөлдөх чадварыг бууруулсан. Монгол шинэ төмөр зам барих асуудалд манай улс дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна. Цаашид аль болох Хятадын төмөр замд холбогдох хэрэгтэй гэж хүсч байна.  Ингэснээр Монголын нүүрсийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой.

-Хятадын нүүрсний нөөцийн талаар янз бүрийн зөрүүтэй тоо баримт гардаг. Энэ талаар танаас сонирхож болох болов уу?
-Манай улсын нүүрсний нөөц ерөнхийдөө их хэмжээтэй гэж үзэж байна. Зөвхөн ӨМӨЗО гэхэд долоон зуун тонн нүүрсний нөөцтэй. Би саяхан ӨМӨЗО-ны нүүрсний нэг компанийн үйл ажиллагаатай танилцсан. Жилдээ ганцхан уурхайд 200 сая тонн нүүрс олборлодог юм билээ. Хятадын эрчим хүчний 75 хувийг нүүрсээр хангадаг. Жилдээ гурван тонн нүүрс хэрэглэж байгаагийн ихэнхийг нь дотооддоо олборлосон.

-Хятад улс экспортоороо дэлхийд тэргүүлэгч гүрэн. Эдийн засгийн хямралыг давж гарсан, цорын ганц аврагч мөн л танай улс байж чадсан. Энэ бүхний нууц юунд оршдог вэ гэвэл та юу гэж хариулах бол?
-Сүүлийн 30 жилийн турш Хятад улс эдийн засгийн өндөр үсрэлтийг хадгалж ирсэн. Ялангуяа Хятадын эдийн засгийн хэмжээ асар том орон зайг эзэлдэг учраас энэхүү үсрэлтийг хадгалахад амаргүй байна. Гэхдээ өөрийн улс орныг хөгжүүлэхээс гадна дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Энэ бүхний нууц гурван зүйлд оршино. Нэгдүгээрт, манай улс улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж ирсэн. Эдийн засгаа хөгжүүлэх үндэс суурийг маш бат бөх тавьж өгсөн. Улс төр, нийгмийн байдал тогтвортой байвал эдийн засгийн бодлогыг үргэлжлүүлэн явуулахад томоохон нөлөө үзүүлдэг. Хоёрдугаарт, сүүлийн 30 жил шинэчлэлт, өөрчлөлтийг тасралтгүй хийсэн. Энэ нь хаалттай бол хэзээ ч хөгжиж чадахгүй шүү гэдэг томоохон ойлголт бий болгосон. Эдийн засгийн даяарчлалын ерөнхий чиглэлийг барьсан. Ний нуугүй хэлэхэд өөрчлөлт, шинэчлэлтийг анхны алхмуудын үед янз бүрийн асуудал үзэл бодол олон гарсан. Энэ бүгдээс зөвхөн гадаад хөрөнгө оруулалтад яаж хандах вэ, тэдэнд хаалгаа нээх үү, хаах уу гэдэг хамгийн чухал байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг орууллаа гэхэд эдийн засгийн хараат бус байдал, үндэсний аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлэх бол гээд ихэд нухацтай хандсан. Эцсийн мөчид нээлттэй бодлого хэрэгжүүлснээр хамгийн зөв алхам болсон доо. Манай аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулалтад идэгдэхгүйгээр өөрсдөө сайн хөгжиж чадсан. Гуравдугаарт, дэд бүтэцдээ өндөр анхаарал хандуулан хөгжүүлж ирсэн. Хятад улс дэлхийн аж үйлдвэрлэгч орон болоход авто зам, төмөр зам, боомтууд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

-Хятад улс юанийг Азийн мөнгөн дэвсгэрт болгох тухай гарч европчуудыг сандаргасан. Энэ асуудал юу болсон бол?
-Юань бол Азийн төдийгүй дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Хятадын юанийг олон улсын валют болгох явцад нэлээд хугацаа хэрэгтэй байна. Нэг, хоёр өдрийн дотор шийдэх асуудал биш учраас саад бэрхшээл олон гарах байх аа.

-Манай улс бол Хятадын хэрэглэгч орон. Хятадаас импортолж буй ялангуяа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд ямар хяналт тавьдаг вэ?
-Хятадын талаас хүнсний аюулгүй байдалд анхаарлаа байнга хандуулж тасралтгүй сайжруулж ирсэн юм аа. Хууль гүйцэтгэх байгууллага хяналтын ажлыг улам чанга болгосон. Манай улсын хүнсний аж үйлдвэрүүд зөндөө байна. Үүнээс чанар сайтай, үнэ хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ихэнх хувийг эзэлдэг. Гэхдээ дутагдалтай зүйл байгаа гэдгийг би үгүйсгэхгүй.  Юутай ч манай талаас анхаарал тавьж шаардлагатай арга хэмжээг авсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын хүнсний худалдааны тал дээр томоохон ноцтой асуудал гараагүй ерөнхийдөө сайн байгаа. Цаашид ч байнга анхаарал хандуулж байх болно оо.

-Манай улсын боловсролын салбар чанаргүйдэж байгаа нь тулгамдсан асуудал болсон. Харин эсрэгээрээ танай улсын боловсролын систем дэлхийд гайхагддаг шүү дээ. Боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлтээ хэрхэн хийсэн юм бол?
-Хятад иргэд өөрсдөө нэлээд хүчин чармайлт гаргасны үр дүнд боловсронгуй боловсролын системтэй болж чадсан. Хятадад бүх шатны сургуулийн нийт тоо гэвэл нэг сая 57 мянга бий. Суралцагчдын тоо гэвэл 300 сая. Үүний дотроос дээд боловсрол эзэмшиж буй суралцагчид гэхэд 100 сая.  Хятадын хүн амын тоо нэг тэрбум гурван зуун сая хүрсэн. Нийт хүн амын 13 хүн тутмын нэг нь хамгийн дээд төвшний боловсрол эзэмшсэн юм. Хятадын боловсрол ийм өндөр төвшинд явж байгаа эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн амын тоогоор манай улс том хэдий ч боловсон хүчин, хүний нөөцийн хувьд тийм ч хүчтэй биш. Боловсролын системийг өндөр төвшинд хүргэснээр нийгмийн шударга байдлыг бий болгох, нөөц баялгийг хүн бүрт тэгш хуваарилж хүртээхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Анхан шатны боловсролоор зөвхөн мэдлэг өгөх бус мэдлэгийн чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Дунд шатны буюу ерөнхий боловсрол олгохдоо аль болох мэргэжлийн талыг нь чухалчлах хэрэгтэй. Дээд боловсролыг нийгмийн шаардлагаар хамтад нь хөгжүүлэх хэрэгтэй.

-Хятадын хүн ам нэг тэрбум 300 сая хүрсэн талаар ярилаа. Нэг айл хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн гэсэн байх аа?   
-Гэр бүл бүр нэг хүүхэдтэй байх бодлого баримтлаж ирсэн. Гэхдээ энэ нь маш чанга хатуу биш зүгээр ерөнхий бодлого юм аа. Заавал нэг хүүхэдтэй бай гэхгүй уян хатан ханддаг. Сүүлийн үед хөдөө болон хотод амьдарч буй иргэд зарим нөхцөл хангасан тохиолдолд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Хятадын хүн амын ихэнх хувийг өндөр настнууд эзэлж байгаа. Цаашдаа энэ хандлага буурахгүй шинжтэй байгаа учраас бодит байдлыг харгалзан үзэх шаардлага гарч ирсэн.  

-Манай улсын барилга, уул уурхай, авто замын салбарт ажиллаж буй  хятад ажилчид маш өндөр хэмжээний цалин авдаг. Эх орондоо ажиллаж байгаа Хятад иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж ямар байдаг вэ?
-Хятадын хөдөлмөрийн зах зээл дэх боловсон хүчин их өөрчлөгдөж байгаа. Салбар, мэргэжлээсээ хамаарч цалин хөлсний хувьд харилцан адилгүй байдаг. Таны хэлсэнчлэн барилгын салбарт ажиллаж буй хятад иргэд өндөр цалин авдаг. Хятад ч мөн адилхан өндөр хэмжээний цалин авдаг. Жишээ нь, Хятадын хөгжиж буй бүс нутгуудад ажиллаж буй иргэдийн сарын цалин бол 3000-5000 юань байдаг.

-Гадаадын иргэд харъяатын асуудал хэрэг эрхлэх газраас 24 мянган гаруй Хятад иргэн Монголд амьдарч ажиллаж байгаа гэсэн тооцоо гаргасан. Элчин сайдын яамнаас гаргасан нарийн тоо бий юү. Хууль бусаар зөвшөөрөлгүй ажиллаж буй иргэд хэд байгаа вэ?  
-Монголд ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоог манайхаас бүртгээгүй учраас тодорхой тоо алга. Гадаадын иргэдийн хэрэг эрхлэх газраас тоо авсан. Саяны хэлсэн тоо ёсоор байгаа байх. Монгол Улсын эдийн засаг маш хурдан хөгжиж байна. Үүнийг дагаад хоёр талын хөдөлмөрийн хүчний хамтын ажиллагаа нэмэгдэж, их хэмжээгээр хятад ажилчин Монголд ирсэн. Монголын хөгжлийг дагаад мэргэжилтэй боловсон хүчний бодит шаардлага гарч ирээд байгаа. Гэтэл энэ оны эхний хагаст Монголын тал хөдөлмөрлөх виз шинээр олгохгүй гэж шийдвэр гаргасан. Үүнээс бол зарим хятад иргэд бизнесийн визтэйгээр Монголд ирж ажил хийх болсон. Энэ бол бодит асуудал. Зах зээлд дээрх салбаруудад ажилчдын эрэлт хэрэгцээ ихэсч байгаа учраас үүнд анхаарал хандуулахыг хүсч байна. Хоёр тал энэхүү асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээр хийх талаар ярилцаж байгаа.

-Монголчууд Түвдийн асуудалд анхаарал их хандуулдаг учраас асуухгүй үлдээж чадахгүй нь ээ. Та үүнд ямар байр сууринаас ханддаг юм бол?   
-Мэдээж хэрэг Түвд бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Монголын Засгийн газар ч энэ талаар тодорхой байр сууринаас ханддаг. 1951 онд Түвд энх тайвнаар чөлөөлөгдсөн. Үүний дараа бид Түвдэд ардчилал, шинэчлэлт бас хийсэн юм аа. Одооны Түвд хуучныхтайгаа харьцуулах юм бол тэнгэр газар шиг ялгаатай өөрчлөлт гарсан. Улс төр , эдийн засаг, хүний эрх чөлөө, шашны салбарт гээд өөрчлөлтүүд хийгдсэн нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Далай лам болон түүнийг дагалдагчид Түвдийг Хятадаас салан тусгаарлуулах бодлого баримталж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Дэлхий нийтэд бодит байдалд нийцэхгүй цуу яриаг тарааж байгаа.

-Сүүлийн үед Түвдийн лам нар өөрийгөө зулын гол болгох үзэгдэл байсаар л байгаа шүү дээ?     
-Лам нар өөрсдийгөө ингэж шатааж байгаагийн ард зарим хүн өдөөн хатгаж, зааж чиглүүлж байгаа. Түвдийн бүс нутагт тогтвортой бус байдлыг бий болгож олон улсын анхаарлыг татахын төлөө ийм алхам хийж байна.  Хятад улсыг хүнд байдалд оруулах гэсэн оролдлого гэж үзэж байна. Энэхүү хэт даварсан үйл ажиллагаа хүний амь насыг огт бодохгүй хохироож байгааг нь бурхан шашны үзэл санааг зөрчиж байна гэж бодож явдаг. Миний хувьд бурхан шашин шүтдэггүй ч сургаал номлолын талаар жаахан мэднэ. Хамгийн гол нь өөрийн амь наснаас гадна бусдын амь насыг ч хайрлах ёстой. Бурхан шашны сургаалийн хамгийн гол зарчим нь энэ гэж ойлгодог. Лам нарыг өөрийгөө шатаахад нь өдөөж байгаа нь хүний амь насыг огтхон ч хүндлэхгүй байгаагийн илрэл. Ийм хэнд ч зөвшөөрөгдөхгүй бусармаг аргыг бид буруушааж байгаа. Бусад хүмүүс ч надтай санал нэгтэй байх болов уу.

-Арай өөр асуулт руу оръя. Лондонгийн олимп талдаа орж Хятад улс медалийн тоогоор олимп эхэлснээс хойш тэргүүлж байна. Таны хувьд ямар спортын төрлийг илүү сонирхон үзэж байна. Мэдээж өөрийн орны тамирчдаар бахархаж суугаа биз ээ?
-Усанд сэлэлтийн тамирчид маань надад их гайхамшигтай сэтгэгдэл төрүүлсэн дээ. 16 настай И Шивень дэлхийн дээд амжилтыг шинэчилж олимпын аварга болж чадлаа.

-Монголчуудын хувьд амралтын улирал эхэлчихлээ. Элчин сайдын хувьд хэзээ амардаг юм бол оо. Монгол орны ямар газруудаар явж үзсэн бэ?
-Энэ он гарснаас хойш хөдөө орон нутгаар хэд, хэдэн удаа зочилсон. Монголын хойд нутгуудаар аялж үзсэн. Бороо хур элбэгтэй, өвс ногоо жигдэрсэн их сайхан зун боллоо. Зуны улиралд Монгол орны тал нутаг диваажингаас гоё сэтгэгдэл төрүүлдэг гэж хэлмээр байна. 
0 Сэтгэгдэл
bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.mun borluulagch ajild awna.utas 91914197 91915043
ERGUU MUU HUJAA OORSDIIGOO DOVIILGOSON YARILTSLAGA OGCHEE UDAHGUI HEDEN HESEG ZADRAH GEJ BAIJ IH TOMORCHEE ENE SETGUULCH GESEN ULAM DOVIILGOSON ASUULT ASUUSAN BN MONGOL HUN MONUU
Хамгийн их уншсан