Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМЕРИКААС ТҮҮСЭН “ЧУЛУУ”


ЖАЗ...


Америк. Улс бүрт суугаа Бүрэн эрхт Элчин сайд нь тэр бүр хүнд виз дараад хаалгаа дэлгээд байдаггүй ч очих ёстой хүндээ үргэлж дэлгээтэй хаалга.  Залуусын хувьд мөрөөдлийн  гэж болох эрх чөлөөний гэсэн тодотголтой Америкид  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганы “ачаар” хөл тавилаа. Сэтгүүлч бидний хувьд энэ орон заавал очих ёстой газар гэдэг жагсаалтад нэлээн дээгүүр байдаг нь ч тодорхой. Нью-Йоркийн Жон Кеннидигийн нэрэмжит олон улсын нисэх буудалд буух үед “Кореан Айр”-ын онгоцонд аль тэртээх Фрэнк Сэнатрагийн үеийнх гэмээр жаз эгшиглэн Нью-Йорк хэмээн дуулах нь “энэ л Америк даа” гэх шиг. Онгоцны буудлаас Пенсильванийн галт тэрэгний буудал хүртэл Нью-Йорк нэг л танил санагдаж, анх ирж буй бидний хэдэн сэтгүүлч “ Ямар хачин юм бэ. Огт сэтгэгдэл төрөхгүй, Улаанбаатартаа л байгаа юм шиг” хэмээн өөр хоорондоо ярих. Зарим нь гаргалгааг нь Холливудын киноных байх гэж хийв. Магад ч үгүй. Орой бүр кино үзэх гэж л зурагтын өмнө хааяа суухад нэг бол Солонгос сериал, нэг бол адал явдал, уран зөгнөлт Америк кино л гардаг юм чинь. Зуны бороотой өдрийн дараах өглөө шиг агаар нь ч танил санагдуулж байсан биз. Хэрвээ ачаа зөөгч негр эр гарч ирээгүй бол “Сайн байна уу Америк аа” гэж  хэн маань хэлэхгүй байсан байх. Том биетэй, тарган эр түрдэг тэргэн дээр хэдэн чемоданыг маань даахаараа нэг ачиж аваад галт тэрэг рүү оруулж өглөө. Америкид хууль болох шахсан нэг зүйл бол гарын мөнгө өгөх. Хоёр тэрэгчиндээ тус бүр 20 ам.доллар атгуулав. Нарантуул зах дээр 1500 төгрөгөөр буюу нэг ам.доллараар биедээ ахадсан ачаа зөөгөөд гүйдэг хөвгүүдийн дэргэд тэд бол бадриун эр. Гэхдээ төгрөгөөр тооцвол 28000-ыг л гарын мөнгөнд авдаг. Галт тэрэгний буудлыг том  биетэй негр бүсгүйчүүд “манана”. Цагдаа хувцас нь тэдэнд зохих юм билээ. Зөрж өнгөрөх бүр “Уучлаарай” гэж заавал хэлэх ёстой мэт уучлал хүсэх хүмүүс Ipone,  Ipod-ынхоо чихэвчийг хийчихсэн хурдан хурдан алхлах нь “ Завгүй шүү. Завгүй байна шүү” гэж хэлэх.

Бостон орох хүртэлх галт тэрэгний суудал онгорхой явна гэж үгүй. Хоёр цагийг ашиглаад  зарим нь бичиг баримтаа боловсруулж, нөгөө хэсэг нь  зөөврийн компьютерээ дэлгээд интернэтээр аялна. Галт тэргэнд аяллын турш Wi Fi тасрахгүй.

Америкийн 10 том хотын нэг, дэлхийн 50 том хотын нэг Бостон биднийг дулаахан уур амьсгалаар угтав. Одоо ч халж байгаа даа, лав 30 хэмийн дулаан байгаа гэж хэн нэгнээс сонссоноороо явчихсан бидэнд жаахан сэрүүхэн санагдсан ч Монголын маань уур амьсгалтай ойролцоо, сайхан л байлаа.

 

СУУТНУУДЫН ӨЛГИЙ

1630 онд үүссэн гэж үздэг энэхүү хотод англи хэлтэй анхны сургууль, коллеж байгуулагдсан нь өнөөдрийн алдарт Харвард юм. XVIII зууныг хүртэл Англи Америкийн хамгийн том хот нь Бостон байж. Дундад зууны үеийн хамгийн том худалдааны төв болсон энэ боомтоор ром дарс, давс, загас, тамхийг дамжуулан борлуулдаг байсан учраас Бостоноос гаралтай томоохон худалдаачдын үр удам болсон үе дамжсан хөрөнгөтнүүд өнөөг хэр нь байдаг аж. 1812 оны дайны дараа худалдааны боомт багагүй сүйдсэн ч Бостон хүн ам шигүү хот учраас удалгүй аж үйлдвэрийн төв болсон гэдэг. Европоос ирсэн олон мянган цагаачид XX зууныг хүртэл Бостонд оёдлын болоод арьсан эдлэлийн үйлдвэрлэл явуулж, Америкийн эдийн засагт голлох байр суурь эзэлсээр байсан ч 1900-гаад оны эхээр энэ хот жинхэнэ хямралд өртсөн байна. Хотын захиргаанаас огцом эргэлт хийх бодлого явуулсны ачаар Бостон ахин амь орж, улс төр эдийн засгийн төдийгүй, шинжлэх ухаан, технологийн томоохон төв болж чаджээ.

Монголын  сэтгүүлч бидний хувьд Бостон бол алдарт Харвардаар л төсөөлөгдөж байв. Манайхны хэдэн жил дамнан яриад байгаа оюутны хотхон энд аль дундад зуунаас бий болж, дэлхийд номер нэг сургууль гэсэн статусаа алдарт Харвард олон жил хадгалж иржээ. 1636 онд санваартан Жон Харвардын  байгуулсан энэ сургуульд эдүгээ дэлхийн нэр нөлөө бүхий улстөрчид суралцаж, толгойгоо цэнэглэж байна. Кеннидигийн сургууль, Бизнес сургууль, Хуулийн сургууль гэх зэрэг 12 дээд боловсролыг зэрэг олгодог  тус сургуульд өдгөө 21 мянган оюутан суралцаж байна. Тэднээс 20-оод нь монгол оюутан.  Харвардыг АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч  Жон Адамсаас эхлэн найман Ерөнхийлөгч нь төгссөн бол тус сургуулийн төгсөгчдөөс 75 хүн Нобелийн шагнал хүртсэн байдаг. Монголчууд 1992 оноос эхлэн Харвардад суралцсан гэдэг. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардын Жон Кеннидигийн нэрэмжит төрийн удирдлагын сургуулийн төгсөгч. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаад хүндэт зочноор тус сургуульд уригдсан. Харвардын маршал Жеки О Нил Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Харвард Монгол судлалыг хөгжүүлэх, ялангуяа монгол хөгжмийн зэмсгийг дэлхийд таниулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэсэн бол Ерөнхийлөгч Харвардад суралцах суралцагчдын тоог нэмэх бодолтой байна гээд жилд 20-25 хүүхэд элсүүлэх талаар ч хэлээд амжив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардын Ж.Кеннидигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийн форумд тавьсан илтгэлийнхээ үеэр жирийн малчин айлын хүү сэтгүүлч болж, ардчилсан хувьсгалд оролцсон гээд өнөөдрийг хүртэл туулсан амьдралынхаа талаар өгүүлж, Монголын ардчиллын, өөрийнхөө амьдралын түүхийг ярьсан нь лекцэнд суусан оюутнуудын анхаарлыг эрхгүй татаж байлаа. Ерөнхийлөгч 2011 онд НҮБ-ын хуралд оролцож байх үеэр улс орны төрийн тэргүүн нарын авхуулсан зурагны нэг кадрт АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөсөн гар түүний нүүрийг тагласан талаар ч ярьсан. Аливаа зүйлийг хаанаас нь хэрхэн харснаас үүдэн бусдад яаж ч тайлбарлаж, ойлгуулж болдог. Монголчуудын хувьд энэ нь доромжлол мэт санагдаж нэг хэсэг л шуугих сэдэв болсон бол америкчуудын хувьд Ерөнхийлөгчийнх нь хийсэн хамгийн болчимгүй үйл хөдлөлийнх нь нэг байлаа. Мэдээж хэн юу гэж ойлгож мэдээлсэн түүгээр нь тусгах нэгэн байх ч өөрийн бөндгөртөө тунгаагаад үлдэх нэгэн ч байсан л биз. Гэхдээ энэ бол хүний амьдралд учирсан бас л нэг сонин түүх байлаа.

Бидний туулсан амьдрал, түүний амьдралын түүх гуравдагч хөршид бол үнэхээр сонин ертөнц. Монгол хүний хувьд шинэ зүйл үүнд байхгүй ч бодит үнэн түүх л биднийг судлах ёстой нэг обьект болгож байлаа.  Хэрвээ Ерөнхийлөгч маань Ардчилсан түүхийн гэрч биш, хөндлөнгөөс л ажиглагч байсан бол… гэж өөрийн эрхгүй бодогдсон.  Хэрвээ тэр биш, өөр хэн нэгэн байсан бол харсан  хэдий ч өөрийн биеэр туулаагүй,  өөрөө оролцоогүй тэр л АРДЧИЛАЛ-ын тухай хэрхэн ярих бол…
 


БАНГАТАЙ Ч БАТАЛГААТАЙ БАЙГУУЛЛАГА
 

1946 онд  нефтийн магнат Рокфеллерийн үе залгамжлагч бага Жон Рокфеллерийн бэлэглэсэн долоон га газрыг эзэгнэн Нэгдсэн Үндэсний байгууллага гэх  нэгэн “улс” байгуулагджээ. Олон улсын Засгийн газар хоорондын энэ байгууллагад 193 орон гишүүн. НҮБ-ын хашаагаар орсон цагт АНУ-ын хууль үйлчилдэггүй. Аль ч улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байлаа ч энэ хашаанд буу зэвсэгтэй хамгаалагч дагуулах эрхгүй. НҮБ нь тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг ч Ерөнхий Ассамблей хуралдсанаас хойшхи гурван сарын хугацаанд илүү идэвхтэй ажилладаг. Байнга тогтоол шийдвэр гарч байдаг ч гишүүн орнууд нь тэр бүр дагадаггүй. Гэсэн хэдий ч НҮБ-д элсэнэ гэдэг тусгаар улсаа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлдэг учраас гишүүн орнууд нь гишүүнчлэлээсээ хэзээ ч татгалздаггүй.  НҮБ-аар шийдвэр гаргуулна гэдэг амаргүй учраас хүнд сурталтай байгууллага гэсэн банга хүртдэг.  АНУ, Япон зэрэг томоохон татвар төлөгчид нь байнга шүүмжилж байдаг ч Нью-Йоркоос нүүчих вий гэж үргэлж эмээдэг.

Энэхүү дархан эрхт НҮБ-ын системийн болоод бүсийн байгууллагуудад өнөөдрийн байдлаар 100 гаруй монгол хүн ажилладаг аж. Энхийг сахиулагчдаа оролцуулбал  НҮБ-д зүтгэж буй монголчуудын тоо 1000 давах гэнэ.  Хүн амынхаа тоотой харьцуулаад үзвэл энхийг сахиулах үйлсэд зүтгэж буй байдлаараа Монгол эхний 20-д л явдаг аж.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар 1962 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа.  Хэдийгээр өнөөдөр байнгын төлөөлөгчийн газарт манайхаас тавхан дипломатч ажилладаг ч НҮБ-д бол бид танил улс болжээ. Байнгын төлөөлөгчийн газрын байр НҮБ-ын төв байрнаас холгүйхэн оршдог. 1962 онд худалдаж авсан Манхэттэний хуучин байшин маань өдгөө 15 сая ам.доллараас хол илүү үнэлэгдэх болжээ. Саяхан тус төлөөлөгчийн газрын Элчин сайдаар О.Оч томилогдсон юм.

 


ИРАН БА МОНГОЛ
 

Бид буусан буудлынхаа үүдэнд нэгэн англи эртэй таарав. “Та нар монгол уу” хэмээн асуусан эр Монголын тухай тун сайн мэдлэгтэй юм. Ерөнхийлөгчийн Иранд хийсэн айлчлалын талаар лавлаж, энэ чинь тийм ч таатай зүйл биш гэх өнгө аястай юм хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч CNN-д ярилцлагад ороход ч Кристина Аманпуарын асуултын цөм үүнд л чиглэж байлаа. Иран гаралтай сэтгүүлч бүсгүй цэргийн сурвалжлагч болсон цагаасаа CNN-ийн нэгээхэн нүүр царай болж эхэлсэн аж.  Сараево, Конго, Сомали, Пакистан, Ирак гээд буу тачигнаж, бөмбөг дэлбэрч, цус үнэртсэн тэр халуун цэгүүдээс Аманпуар мэдээллээ дамжуулж байсан. “ Бен Ладины мөрөөр”, “ Афганистаны төлөөх тулаан” зэрэг олон баримтат киноны зохиогч энэ бүсгүйн дүрс дуу орж, ороосон хальс бүр нь олон улсын сэтгүүл зүйн шагналын эзэн болж байсан билээ. Эвсэлд үл нэгдэх орнуудын уулзалтад оролцох үеэрээ  Ираны цөмийн баяжуулах  цогцолборт орсон анхны гадаад улсын төрийн тэргүүн боллоо. Яагаад тэнд очих болов, бас ямар дүгнэлттэй үлдэв? гэдэг асуулт Кристина Аманпуарт үнэхээр сонин байлаа.

Түүний асуултад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Үнэндээ Эвсэлд үл нэгдэх орнуудын уулзалтад оролцсон улс орнуудын тэргүүн бүрт л тэнд очиж үзэх боломж нээлттэй байсан. Тэгээд би яагаад тэнд очиж үзэж болохгүй билээ гэж бодсон. Манай улс цөмийн асуудалд маш тодорхой байр сууриас ханддаг. Тухайн айлчлалын үеэр ч бас маш тодорхой л байсан. Нэгд, Ираны цөмийн хөтөлбөр нь аливаа тусгаар улсын аюулгүй байдалд заналхийлж болохгүй. Хоёрт, тэд цөмийн хөтөлбөрөө НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хяналт шалгалтад нээлттэй байлгах ёстой. Гуравт, Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан. Үүнийг НҮБ дэмжсэн. Энэ бол зөвхөн Монголд биш дэлхийд ч чухал асуудал юм гэж хариулсан. Асуулт ч ойлгомжтой, хариулт ч тодорхой. Монгол бол хэнээс ч юунаас ч хараат биш тусгаар тогтносон улс гэдэг л телевиз үзэж байсан хүн бүрт тодорхой үлдсэн болов уу. Энэ бол яахын аргагүй монголчуудыг барууныхан сонирхох нэг халуун сэдэв байлаа. Тиймдээ ч “Time” Ерөнхийлөгчийг оны гурван хүний нэгээр онцолжээ.

Үргэлжлэл бий
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан