Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.НАРАНБААТАР: ӨМНӨХ УДИРДЛАГУУД НЬ АТГ-Т ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР ХАНДСАН
Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Наранбаатартай ярилцлаа.

АТГ-т хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого илрээгүй л байна


-“АТГ-ыг сайн ажил­луулъя гэвэл хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх ёстой. Хууль эрх зүйн орчин нь хийдэлтэй, дутуу байх юм бол бидний ажил үр дүнд хүрэхгүй. Зарим гэмт хэргийг шалгах явцад мухарддаг” гэж танай байгууллагын зарим албан хаагч ярьдаг. Ингэхэд танай байгууллагын ажлаа хийх хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн байгаа вэ?
-Хууль эрх зүйн орчны хувьд тийм ч муу биш. Хийе гэвэл боломж нь байгаа. Энэ байгууллагыг бие даасан статустай байгуулаад өглөө. Холбогдох хуулиудыг баталсан. Мэдээж, манай байгууллага авлигатай дангаараа тэмцээд дийлэхгүй. Тийм учраас бусадтай нийлж, энэ авлига гээчтэй нийтээрээ тэмцэе л гэж яриад байгаа юм.
Гэхдээ одоо байгаа хуулийн хүрээнд тултал нь ажилласан тохиолдол байхгүй. Үнэхээр нэг хэрэг шалгаад явсан чинь энд очоод, ингээд мухардлаа. Ийм гарцаагүй байдалд орчихлоо. Тэндээс ийм дарамт ирдэг юм байна гэсэн зүйл одоогоор алга.
-Хөндлөнгөөс ажиглахад, танай байгууллагын хэрэг шалгах ажил мухардлаа гэж үзэх тохиолдол байна л даа. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт хол­боо­той хэргийг шалгахад ийм нөхцөл үүссэн юм биш үү. Энэ хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Т.Билэгт мөрдөн байцаалтаас зуга­таж, АНУ руу явчихсан. Түү­нийг авчирч хэргийг нь шалгах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна гэж үзэж болох уу?
-Гэхдээ тэр хүн эх орондоо ирнэ. Хэргийг нь тусгаарлаад, түдгэлзүүлчихсэн байгаа юм чинь эргээд сэргээгээд шалгах боломжтой.
-Ирэхгүй бол яах вэ гэсэн асуулт гарна даа?
-Тэртэй тэргүй энэ хүн хэрэгт холбоотой, шалгах нь үнэн юм чинь хэзээ нэгэн цагт ирж л таарна. Ирэхээр нь шалгах бололцоотой. Мэдээж, бид тухайн улс руу нь очоод байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй.
-Томоохон хүрээг ха­марсан авлига, албан ту­шаа­лын хэргийг шалгахад улс төрийн нөлөө их байдаг гэж ярих нь бий. Зарим улс­төрчтэй холбоотой хэргийг шалгахад ямар нэг дарамт шахалт ирдэг үү. Ийм тохиолдол гарч байна уу?
-Одоогоор тийм зүйл ажиглагдаагүй л байна. Гэхдээ зохион байгуулалттай авлигын гэмт хэргийг бүлэг хүн үйлддэг. Тийм зохион байгуулалтын шинжтэй авлигын гэмт хэрэг илэрсэн тохиолдолд эрүүгийн бүлэглэлүүд нь томорсон, нөлөөтэй болсон байдаг. Манайд бол одоогоор тийм зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар АТГ-т хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого илрээгүй л байна. Хуулийн хүрээнд хийх ёстой ажлаа хийж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнаас жирийн албан хаагч хүртэл ашиг сонирхлын зөрчлийн болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгч байна. Юм болгоныг хараар будаад байж болохгүй.
-Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн улсуудаас 2010 онд 116-д, 2011 онд 120-д жагссан. Зарим хүн үүнийг АТГ сайн ажиллаагүй учраас авлигын индекс ухарсан гэж ойлгож байгаа. Энэ тухайд...?
-“Трансперенси интер­нэшнл” байгууллага удахгүй дахин индекс гаргана. Манай улс ямар байранд орж вэ, энэ байгууллага юу гэж дүгнэх бол гэж хүмүүс хүлээж л байгаа байх. Ямар ч байсан бид сайн, муу ажиллаж байна гэ­хээсээ илүү авлига гарч бай­гаа шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр ажиллаж чадсан уу, үгүй юү гэдгээ дүгнэх хэрэгтэй. Авлигын шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр сайн ажиллах юм бол эерэг үр дүн гарна.
-АТГ-ын албан хаагчид хараат бусаар ажиллаж чадаж байна уу. Танай байгууллагын зарим албан хаагч, мөрдөн байцаагчийг гэмт хэрэгт холбогдсон гэх мэт мэдээлэл түгдэг?
-АТГ-ын ажилтнууд янз янзын асуудалд орооцолдож, нэр холбогдсон тохиолдолд дотооддоо шалгадаг хяналтын механизмтай. Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын алба гэж байгаа. Энэ алба тухайн албан хаагчийг шалгаж, үнэн үү, худал байна уу, шалтгаан нөхцөл нь юу байв гэдгийг тогтоодог. Тэгээд Ёс зүйн зөвлөлөөр орох уу, Даргын зөвлөлөөр оруулах уу гэдгээ шийдвэрлэдэг. Энэ мэтээр нэг талаар ажилтныхаа аюулгүй байдлыг хангадаг. Нөгөө талаар тэр алба ажилтан үнэхээр асуудалд орооцолдсон байвал үүнийг нь таслан зогсоох чиглэлд анхаарч ажилладаг.
-Тухайлбал, өнгөрсөн хугацаанд асуудалд ороо­цолдож ямар нэг байдлаар арга хэмжээ авахуулсан хэчнээн албан хаагч байдаг юм бол?
-Олон байхгүй ээ. Хамгийн сүүлд л гэхэд, мөрдөн байцаагч Одхүү хуурамч дип­ломтой байсан тухай асуудал яригдсан. Аюулгүй байдал хяналт шалгалтын, нууцын алба үүнийг МХЕГ-ын Боловсролын үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлийн байцаагч нартай хамтарч ажиллан шалгасан. Тэр дипломыг үндэслээд БСЯ-ны хүлээн зөвшөөрсөн хэмжээний эрх зүйч мөрдөн байцаагч хийх боломжтой боловсон хүчин биш байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэгээд тухайн мөрдөн байцаагч ч өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрөөд ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл тэр хүн прокурорын мөрдөнд тав, манайд мөн тав нийлээд 10 жил ажилласан хүн байгаа юм. Тэгэхээр түүний хийсэн ажлууд, мөрдөж байсан хэргүүд хүчин төгөлдөр байж чадах уу, үгүй юү гэсэн асуудал хөндөгдөнө.
-Цагдаа, шүүхийн бай­гууллагын ажилтан авлига, албан тушаалын хэрэгт хол­богдсон тохиолдолд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгана гэж АТГ-аас тусгаарласнаас хойш хоёр жил өнгөрч байна. Гэтэл авлига, албан тушаалын хэрэг шалгадаг хоёр бай­гууллагын мөрдөн бай­цаагчдын авдаг цалин нь тэс өөр. Б.Галдаа дарга энэ тухай “Манай албаны мөрдөн байцаагчийг авли­гад өрт гээд бага цалин өгөөд, АТГ-ынхныг болохоор авлигаас ангид байлгана гээд ихийг өгдөг нь шударга биш байна” гэж ярьсан удаатай. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ байгууллагын бүтэц про­курорт харьяалалтай. Цол хэргэмээ цагдаагаас ав­даг. Нэгэнт ийм байгаа юм чинь авлигын хэргийг илрүүлсэн цагдаагийн мөрдөн байцаагчийн цалинг ийм болгоё гэдэг ч юм уу, тусдаа зүйл байж болохгүй. Алсдаа энэ нь нэг тийш шийдэгдэх байх. Хуульзүйн сайд Мөрдөн байцаах албатай болно гэж ярьж байгаа шүү дээ. Үүнд нэгтгэх ч юм уу, энэ асуудлыг нэг тал руугаа оруулах байх аа. Яг одоогийн нөхцөлд байгаа хуулиудынхаа хүрээнд, хийх ёстой ажлаа хийгээд, цалин урамшууллаа ч аваад явах ёстой.

Иргэдийн сэтгэлгээг өөрчилж, мэдээлэлжүүлэх нь чухал

-Танай байгууллага авли­га, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна, авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Нийс­лэлийн иргэд ч яахав хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, эсвэл АТГ-т ирээд энэ талаархи мэдээлэл авчихдаг гэж бодъё. Орон нутгийн иргэдийг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай байгууллагад хандсан орон нутгийн иргэн “Танай байгууллагын шалгасан Н.Энхбаярын хэрэгт холбоотой Билэгт гэдэг хүн чинь гадаадаас ирээд ЦЕГ-ын дарга болчихлоо. Тэгээд та нар  шалгаж чадахгүй байгаа юм уу. Цагдаагийн дарга тийм их эрх мэдэлтэй юм уу. Танай байгууллагад юу дутсан гэж тэр хүнийг шалгаж чадахгүй байгаа юм бэ. Яахаараа хэрэгт холбогдсон хүн өндөр албан тушаал хашаад явчихав аа” гэж ярьсан л даа.  
Гэтэл ЦЕГ-ын дарга болсон Билэгт гэдэг хүн НИТХ-ын дарга асан Билэгт биш. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Билэгт шүү дээ. Ийм байдлаар орон нутгийн иргэд мэдээлэлгүй байгаа нь анзаарагдаж байна л даа.
Манай байгууллага өнгөрсөн долоо хоногт “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээ зохион байгуулаад, өмнөх хийсэн ажлуудаа дүгнэсэн юм. Тэгээд орон нутаг руу, тодорхой салбар руу чиглэж ажиллая гэсэн дүгнэлт гаргасан л даа. Бид энэ дөрөвдүгээр улиралд зүүн гурван аймагт ажиллана. Орон нутгийн иргэдтэй Тамгын хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга гээд байгууллагынхаа удирдлагын төвшинд уулзалт зохион байгуулна. Орон нутагт авлигын шинжтэй ямар үйлдэл байна, иргэдэд ямар асуудал, хүндрэл тулгарч байна гэх мэтээр иргэдтэй нээлттэй ярилцаж, авлига, ашиг сонирхлын зөрчил гэх мэт байгууллагынхаа үйл ажил­лагаатай холбоотой мэд­ээ­лэл өгнө. Өөр нэг төлөв­лөсөн ажил бол бизнесийн салбарынхантай уулзана. Энэ уулзалтаар бизнес хийхэд ямар боломж, бололцоо хаагд­мал байна, энэ нь хэнээс шалт­гаалдаг гэх мэт асуудлыг тодруулна.
-Иргэд АТГ-ын тухай төрийн албан тушаалт­нуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг, тэднээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсоныг нь шалгадаг гэсэн ерөнхий ойлголттой л байдаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдийн соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарах ёстой юм шиг ээ?
-Өөрийн чинь хэлдэг зөв л дөө. Иргэд мэдээлэлгүй байгаа нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэл рүү түлхүү анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна. Ер нь, авлигын гэмт хэрэг олшроод, далайцтай болсон тохиолдолд хүн болгоны араас мөрдөж шалгаад урагшлахгүй. Тийм учраас хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж, мэдээлэлжүүлэх чиглэлд анхаарах нь чухал.

Боловсон хүчний хувьд бэхэжсэн гэж хэлэх боломжгүй

-Манай улс АТГ гэсэн бие даасан байгууллагатай болоод таван жилийн нүүр үзлээ. Энэ байгууллага боловсон хүчин болон бусад асуудлаар хэр бэхжиж чадсан бэ?
-Боловсон хүчний тухайд яг бэхэжсэн гэж хэлэх боломжгүй. АТГ-ыг анх байгуулахдаа УМБГ, ЭЦГ-аас тодорхой тооны албан хаагч татаад, хуваарилсан шүү дээ. Өнөөдрийн байдлаар албан хаагчид маань тагнуулын байгууллагын боловсон хүчнээс зонхилж байгаа. Ямар ч байсан төрийн байгууллагад ажиллаж байсан хүмүүсээс сонгон шалгаруулж, шилж, шилжүүлэн ажиллах нь хамгийн оновчтой юм байна. Яагаад гэвэл, энд шалгагдаж байгаа хэрэг ч бай, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт сурталчилгааны хичээл ороход үүнийг хүлээн авч байгаа хүмүүсийн олонхи нь боловсролтой төрийн албан хаагч байгаа юм. Тэгэхээр тэр хүмүүсийн мэдэхийг хүсч байгаа зүйлийг мэддэг, үлгэр жишээ болохоор тийм хэмжээний ур чадвартай, туршлагатай хүн л ажиллахгүй бол үнэндээ оюутны ширээнээс гараад ирсэн хүн бол энэ ажлыг хийж чадахгүй. Хүмүүсийн өмнө сурталчлан таниулах, хэрэгт холбогдсон хүнээ мөрдөх, асуулт асууж байцаахаас авахуулаад мэдлэг болон олон ур чадвар дутагдана.
-Бусад гэмт хэргийг бодоход авлига, албан тушаалын хэрэг далд үйл­дэгддэг болохоор нарийн ажиллагаа шаарддаг байх. Албан хаагчдаа давтан сургах, мэргэшүүлэх талд байгууллагын зүгээс хэр анхаардаг вэ?
-Дотооддоо тодорхой сур­галт зохион байгуулдаг. ГХЯ, АТГ хамтран Засгийн газрын өнгөрсөн бямба гарагийн хуралдаанд “Авлигын эсрэг болон олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг оруулж, дэмжигдсэн. Удахгүй УИХ-д өргөн барина байх. УИХ албан ёсоор ба­тал­чихвал бид авлигын эс­рэг чиглэлээр ажилтнуудаа мэр­гэшүүлэх, эрдмийн зэрэг хам­гаалах боломжтой болох юм.

Шинэ байртай болсны дараа бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана

-Таныг АТГ-ын Тамгын хэлтсийн даргын ажилд томилсноос хойш сар гаруй хугацаа өнгөрчээ. Юунд илүү анхаарч ажиллаж байна вэ?

-Тамгын хэлтэст зангилаг­дах ажлаа хариуцаж, ажиллаад л явж байна. Байгууллагын захиргааны болон санхүү, төсөв хөрөнгө, албан хаагчдын ажиллах нөхцөл, хүний нөөц зэрэг асуудлыг хариуцдаг. Энэ дагуу л ажлаа хийж байгаа.
-УИХ-аас дөрвөн сарын өмнө АТГ-ын бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах тухай тог­тоол баталсан. Энэ тогтоолыг  хэр хэрэгжүүлж байгаа вэ?
-УИХ-ын 55 дугаар тоот тогтоолоор манай бай­гууллагын орон тоо 90 байсныг 145 болгосон. Одоогоор 115 орон тоотой. Ийм тооны хүн ажиллаж байна. Бусад хүний нөөцийн нөхөн хангалтаа одоогоор хийх бололцоогүй байгаа.
-Яагаад?
-Өргөтгөл байр маань арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно. Тэгээд хүмүүсээ бүрдүүлж авна даа. Шинээр барьж байгаа өргөтгөл байрны санхүүжилтийг 2011-2012 оны төсөвт тусгасан. Одоогоор барилга 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа.  
-Тэгэхээр 30 орон тоо сул байгаа байх нь. Энэ орон тоонд авах албан хаагчдыг аль хэлтэстээ харьяалуулах вэ?
-Янз, янз байгаа л даа. Мөрдөн шалгах хэлтэс гэхэд л 4-5 мөрдөн байцаагч дутуу. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн албанд мөн 4-5 хүн дутуу байна. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, Тамгын хэлтэст ч хүн дутуу байгаа.
-Бүтцийг нь яаж өөрчилсөн юм бэ?
-Дөрвөн хэлтэстэй байснаа тав болгосон. Гүйцэтгэх ажлын алба гэж байсныг  Гүйцэтгэх ажлын хэлтэс болгоод байгаа. Алба байсныг хэлтсийн статустай болгосон юм.
-Байгуулагдаад таван жил болсон хэдий ч АТГ машины гараашгүй байгаа гэл үү. Зайлшгүй шийдвэрлэх өөр ямар асуудал байгаа юм бол?
-Аж ахуй, санхүүгийн тухайд янз янзын л юм байх шиг байна. Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэрээр өмнөх удирдлагууд нь өөрсдөдөө мөнгө гаргаад авчихсан. Бид Засгийн газарт 2013 оныхоо төсвийн төслийг танилцуулаад байгаа. Үүнд, 72 айлын орон сууц барих талаар жаахан ч гэсэн дэмжлэг авахыг хүссэн. Гэр хороололд амьдардаг, эсвэл амьдралын нөхцлөө сайжруулах гэж байгаа албан хаагчдадаа туслах үүднээс.
АТГ таван жилийн хугацаанд нэг компанийн гараашийг түрээсэлсэн. Энэ хугацаанд зөвхөн гараашийн түрээс, сургалт, семинарын заалны зардалд 400 сая төгрөг өгчихөөд сууж байна шүү дээ. Тиймээс авто гарааштай болохын тулд 310 сая төгрөгийн төсөл оруулсан. Таван жилийн өмнө барилгын материал ямар үнэтэй байлаа. Магадгүй бид 200 сая төгрөгөөр авто гарааштай болчих л байсан байх. Тэгэхэд 200 сая төгрөгийг өмнөх дөрвөн удирдах ажилтан орон сууцны нөхцлөө сайжруулна гээд хуваагаад авчихсан байх жишээтэй. Албаны эрх ашиг нь урдаа яваад байна уу, амин хувийнх нь эрх ашгаа урдаа тавиад байсан юм уу гэдэг нь сонин.
Төр засаг бол энэ байгууллагад үнэхээр анхаарч байна. Төсөв мөнгийг нь баталж, ажилчдын цалинг боломжийн төвшинд тавиад өгч байна. Тэгэхээр өмнөх удирд­лагууд нь хоноцын сэтгэлээр хандсан юм уу даа гэсэн зүйл ажиглагдаж байгаа юм.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан