Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.ЭРДЭНЭЧИМЭГ: Гэр цэцэрлэгийн тухай хууль батлагдвал 5000 хүн ажлын байртай болно
Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн сурч боловсрох орчин тааруу, хүүхдийн цэцэрлэг хангалттай биш болсныг хүн бүхэн мэдэж буй. Үүнд хүн бүхэн дор бүрнээ дүн тавьчихаад байгаа. Тэгвэл өнөөдөр дутагдаж гачигдаад байгаа цэцэрлэгийн хангамжийг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуулт өнөөг хүртэл хариугаа нэхсээр. Тэгвэл энэ асуудлыг шийдэх гарцыг УИХ-ын гишүүд олсон байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн асуудлыг шийдэх хуулийн төсөл боловсруулан Засгийн газраас санал авахаар илгээжээ. Хууль санаачлагч гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй энэ талаар ярилцлаа.

-Цэцэрлэг хангалтгүй бай­на гэсэн гомдол хичээлийн шинэ жилийн нээлтээс хойш тасарсангүй?
-Сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн асуудал нь өнөөдөр нэлээд тулгамдаад байгаа нь яахын аргагүй үнэн. Хүн бүхэн үүнийг мэдэж байгаа. Тооцоо судалгаагаар 220 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой. Гэтэл энэ бүх хүүхдийг багтаах цэцэрлэг алга. Улсын хэмжээнд 80 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ байна. Ер нь, Үндсэн хуульд зааснаар бол хүн болгон л ижил тэгш эрх эдэлж, сурч боловсорч, мэдэх эрхтэй. Энэ нь, сургуулийн өмнөх, хойно гэсэн ялгаварлал байхгүй гэсэн үг. Гэтэл энэхүү эрхээ эдэлж чадахгүй яваа 80 мянган балчир хүүхэд байна. Тэдний эрхийг эдлүүлэх шаардлагатай.
-Тэдэнд сурч боловсрох эр­хийг нь эдлүүлэх ямар гарц байна вэ?
-Мэдээж, үүнийг шийдэх гарц, шийдлийг олох нь хамгийн чухал. Бидний үзэж байгаагаар манай цэцэрлэгийн тогтолцоо буруу явж байна. Яагаад гэхээр дээрх хэмжээний хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгохын 100 ортой 800 барилга сүндэрлүүлэх шаард­лага гарч ирнэ. Иймэрхүү мая­гаар асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй. Тиймээс хүүхдийн цэцэр­лэгээ шийдэж байгаа гадаа­дын туршлагаас судалж үзсэн л дээ. Ерөнхийдөө гэрээр хүүхэд ха­рах үйлчилгээ нэлээд хөгжсөн бай­даг.
Ялангуяа, Азийн томоохон орон болох Филиппин, АНУ, баруун Европын орнуудад ийм загвар маш өндөр хөгжсөн байна. Ийм загварыг нэвтрүүлж чадвал жил бүр ганц хоёр барилга бай­гууламж барихыг зогсоон, хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломж бүрдэнэ. Тиймээс сургуулийн өмнөх бо­ловс­ролын тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан Засгийн газарт өр­гөн мэдүүлээд байгаа. Удахгүй тэд саналаа өгөх байх. Тэгвэл пар­ламентаар хэлэлцүүлэгт ороод явах болно.
-Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгийн ба­рилга стандартын шаардлагад нийцэж байгаа юу?
-Цэцэрлэгүүдийн олонхи нь шаардлага хангахаа больсон ну­раах шатанд орсон барилгад үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм арга хэмжээ авахгүй бол хэзээ мөдгүй хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сөрөг нөлөө үзүүлж эхлэнэ. Ер нь, үзүүлээд эхэлчихсэн л байгаа шүү дээ. Хана туурга нь хагарч, чийг дааж, мөөгөнцөр үүссэн тийм л нөхцөл байдалд байгаа.
-Тэгэхээр гэрээр хүүхэд асрах хууль гарах юм байна. Үүнийг дагаад цалин хөлс, асаргааны нөхцөл, хяналт, хэчнээн хүүхэд нэг дор авч болох гэх мэт зүйл яригдах нь дамжиггүй?
-Ажил хөдөлмөр эрхлээгүй, нярай хүүхдээ асарч байгаа эх, гэртээ суугаа нэг хүн зургаан хүүхэд аваад ажиллах боломжтой. Тэгэхээр нэг багшид үүнээс илүү хүүхэд ногдохгүй гэсэн үг. Мөн өнөөдөр цэцэрлэгийн насны нэг хүүхдэд ногдох төсвийн дагуу хөрөнгө мөнгөө төрөөс авчих юм. Тодруулбал, цалингийн зардалд 70-80 мянга, хоолонд нь 40 орчим мянган төгрөг өгдөг.
Иймд нэг хүүхдийн зардал гээд 120 орчим мянган төгрөг авна. Үүнээс гадна хүүхэд асарч байгаа байрны ам метрт тааруулан түрээсийн болон дулаан, цахилгаан, усны зардлыг улсаас олгох болно. Бас эцэг эхчүүдээс нэмэлт төлбөр авах боломж нь нээлттэй байх юм. Ингээд бодохоор нэг багш сардаа 500 мянган төгрөгийн цалинтай ажиллах тооцоо гарсан. Ер нь, зөвхөн хүүхэд сурч боловсрох эрхээ эдлээд зогсохгүй таван мянга орчим хүн ажлын байртай болно. Өнөөдөр 45-50 насны эмэгтэйчүүдэд ажил олдохгүй, амьдрал нь хэцүү л байгаа шүү дээ. Тэдэнд ажил эрхлэх боломжийг нээн өгч байгаа хэрэг.
-Хоол унд, орчны ариун цэврийн асуудал гээд шүүмжлэл дагуулах зүйл олон бий?
-Үүнийг хэн хүнгүй хэлж байна. Айлд хүүхдээ үлдээчихээд аюулгүй байдалд нь санаа зовохгүй суух хэ­цүү, хоол ундны чанар хэр байх бол, эрүүл ахуйн нөхцөлд нийцэх үү, эрсдэлтэй алхам бий гээд л яриад байгаа.
Тэгэхээр монголчууд эрт үеэс л гэрээр хүүхдээ асарч, хүмүү­жүүлж ирсэн түүхтэй улс. Яахав, уламжлалт ёс маань л сэргэж байгаа явдал. Түүнээс цоо шинэ зүйл ч биш. Мөн өнөөдөр ажиллаж бай­­гаа цэцэрлэгийн байдал ч тийм аюулгүй цэвэр орчин биш. Нэг ангид 40-50 хүүхэд хүмүүжиж байна. Нэг хүүхэд ханиад хүрвэл дор хаяж 30 орчим нь хүнд, хөнгөн байдлаар халдвар авдаг. Тэгвэл 6-10 хүүхэдтэй нөхцөлд өвчлөл бага.
-Ийм замаар явах боломж­той байх. Гэхдээ хүн бүр зөв­шөөрөлтэй үгүй нь мэдэгдэхгүй ийм төрлийн ажил эрхлээд эхэлбэл яах вэ. Хяналтаа хэрхэн тогтоох бол?
-Тухайн гэр цэцэрлэг зөв­шөө­рөлтэй үгүйд эцэг эхчүүд л хяналт тавина. Гэрээ хийх үедээ шалгаж, ариун цэврийн байдал, хүүхдийн унтах ор, тоглох тоглоомын аюулгүй байдлыг хянана. Өнөөдрийг хүртэл эцэг эхчүүд огт хариуцлага хүлээж байгаагүй. Ямар хоол идэж, аюулгүй орчинд байна уу гэдгийг ч хянахгүй яваа. Ийм үйлчилгээ гарч ирснээр зургаан хүүхдийн 12 эцэг, эх 100 хувь хяналт тавина. Үүнд тусгайлсан байгууллага байх ч шаардлагагүй биз. Хэрвээ ямар нэгэн зөрчил дутагдал илэрвэл, хүүхэд аюултай байдалд орох нь гэж үзвэл мэргэжлийн байгууллагад хандан шалгуулж болно.
-Яагаад ийм чиглэлд илүү анхаарч байна вэ?
-Сургуулийн өмнөх боловсрол гэдэг маань хүүхдийг хүнтэй харил­цаж сургах, өөрийгөө илэрхийлэх чадварт сургах зорилготой. Гэртээ суугаа хүүхэд яаж өөрийгөө илэр­хийлж сурах юм бэ. Тэр 80 мянган хүүхэд ийм чадварт суралцахгүй бол ирээдүйд өөртөө итгэлгүй хүн болж төлөвшинө шүү дээ.
-Мэргэжлийн багшийг дөр­вөн жилээр сургаж байгаа. Ийм хуга­цаанд лав багш бэлтгэхгүй байх?
-Тийм. Маш богино хугацаанд арга барил эзэмшүүлж, хүүхэдтэй хэрхэн харилцах, хэрхэн хандах та­лаар заана. Ерөнхийдөө түргэв­чил­сэн, курсуудээр багш бэлтгэнэ дээ.
- Гэр цэцэрлэг байгуулах хү­сэлтэй олон хүн гарч таараа. Гэ­тэл бүрдүүлэх бичиг баримт нь олон, дээр нь хэд хэдэн газраар орж тамга тэмдэг даруулах шаард­­лага гарах болов уу. Үүнээс нь залхах хүн ч цөөнгүй гарна?
-Төрийн хүнд суртал их гэдэг л дээ. Тиймээс ч бүрдүүлэх бичиг баримтыг нь багасгаж, болж өгвөл нэг газраас зөвшөөрлөө авах бо­ломж бүрдүүлж, журмаар зохи­­цуулах болно. Гэртээ нярай хүүх­дээ асарч байгаа эх олон газраар орж, бичиг цаас хөөцөлдөх бо­ломж­гүй гэдгийг маш сайн харж байгаа.
Иймд нэг цэгээс бүхнийг хийх талаар ажиллана. Энэ хууль удахгүй төрөн гарахаар бүх зүйл тодорхой болно. Ямар нөхцөлд, хэчнээн хүүхэд хүлээн авч болох, зөвшөөрлөө хаанаас авах гээд бүгдийг заах юм. Ирэх есдүгээр сараас өмнө бэлтгэл ажлаа базааж дуусгах санаатай байгаа.
Э.Хүслэн


0 Сэтгэгдэл
xet xavtgairaxgui bol bolox l yum shig
Хамгийн их уншсан