Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 24 дүгээр тогтоолоор их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү түүхэн ойн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогддог "Давлагаа" богино өгүүллэгийн наадмыг их зохиолчийн нэрэмжит болгон өргөжүүлэн зохион байгууллаа.Нийгмийн оюун санааны тусгал, үндэсний дархлааны хүчирхэг хөдөлгүүр нь уран зохиол бөгөөд үүнгүйгээр оюун санаа, уран сайхны үнэт баялгийг бүтээн туурвих боломжгүй юм. Тиймээс уран зохиолын хөгжлийг дэмжин дэлгэрүүлэх нь нэн чухал ач холбогдолтойг тус наадмын үеэр онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Их Сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Соёл, Урлагийн Их Сургуулийн Ярих урлаг, театр, кино судлалын тэнхим хамтран зохион байгуулдаг тус наадам нь анх 1998 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 28 жилийн хугацаанд хоёр жил тутамд тогтмол болж байна. “Давлагаа” наадам нь зөвхөн шилдэг бүтээлийг шалгаруулаад зогсохгүй, үгийн урлагийг тайзнаас амилуулах уран уншлага, жүжигчилсэн тоглолттой хослуулдгаараа бусад уралдаанаас онцлог юм.
Энэ удаагийн наадамд хэл шинжлэл, утга зохиолын хөтөлбөрт суралцагч 50 гаруй оюутан уран бүтээлээ ирүүлснээс шалгарсан шилдэг 10 бүтээлийг тайзнаа толилууллаа. Мөн энэ үеэр сүүлийн таван наадмын шилдэг бүтээлүүдээс бүрдсэн эмхэтгэлийг хэвлүүлэн олны хүртээл болгов.
Монголын уран зохиолын ирээдүй, залгамж халааг бэлтгэхийн тулд энэ чиглэлээр суралцаж буй оюутан, залуучуудыг тууштай дэмжих, олон улсын түвшинд утга зохиол судлал, шүүмж, уран зохиолын мэргэжлийн орчуулагчдыг бэлтгэх чиглэлд төрөөс анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол үндэстний хэл соёл, гүн ухаан, түүх, урлаг, аж төрөх ёс, улс орны хөгжлийн түүхийг уран сайхны аргаар бүтээн туурвиж, үеэс үед хадгалан дамжуулагч үндэсний уран зохиолыг хөгжүүлэх асуудал нь салбарын тэргүүлэх бодлогын нэг хэсэг юм.




























