
Отгонтэнгэр хайрханы Төрийн их тахилгын ёслолыг тохиолдуулан Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Завхан аймгийн харьяат алдарт “Хурд” хамтлаг Отгонтэнгэр хайрханы өвөрт хүрэлцэн ирж, нутгийн зон олон болон төрийн их тахилгад оролцогчдод зориулсан хүндэтгэлийн тоглолтоо өргөн барихаар боллоо.
Монголын рок поп урлагийн түүхэнд өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн “Хурд” хамтлагийн уран бүтээл, эх орон, уул ус, хүн ардаа дээдэлсэн дуу хуур нь Төрийн их тахилгын сүр жавхаа, ариун хүндэтгэлийг улам бадрааж, Отгонтэнгэр хайрханы өвөрт хуран цугласан олон түмэнд мартагдашгүй сайхан мөчийг бэлэглэх юм.
Энэхүү хүндэтгэлийн тоглолтыг Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач, Завхан Даян дэвжээний тэргүүн Дашзэвэгийн Дагвадорж ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж байна.
Тэнгэр хангайн сүр хүчийг бэлгэдсэн Отгонтэнгэр хайрханы Төрийн их тахилгын үеэр нутгийн зон олон, сүсэгтэн олон, зочид төлөөлөгчид эх орон, уул ус, өв соёлоо дээдэлсэн энэхүү хүндэтгэлийн тоглолтоор нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, бахархал, хүндэтгэлийн уур амьсгалд нэгдэх болно.
Отгонтэнгэр хайрхан мөнхөд сүр хүчээ бадрааж, Завхан нутаг үеийн үед өнөр өтгөн, амар амгалан байх болтугай.
























