Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Петер Шаллер: Бид түүхий эдэд суурилсан аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр бий болгоход туслана

Холбооны бүгд найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Шаллертай ярилцлаа.

-Сар гаруйн дараа бид шинэ оноо угтах гэж байна. Тиймээс 2012 он манай хоёр улсын харилцааны хувьд ямар шинэ алхам хийж, ямар ажлын ард гарсан бол. Энэ талаархи таны дүгнэлтийг юун түрүүнд асуумаар байна?
-Улирч буй онд хоёр улсын харилцаанд тохиосон хамгийн том үйл явдал бол гарцаагүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Герман улсад хийсэн айлчлал байлаа. Энэхүү айлчлал хоёр талын онцгой сайн харилцааг батлаад зогсохгүй, бас шинэ хэтийн төлөв, хандлагыг бидэнд нээж өглөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Германы  Ерөнхийлөгч болон Канцлер Меркельтэй уулзаж, ярилцсанаас гадна соёл, шинжлэх ухааны төлөөлөгчид, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийсэн. Төрийн тэргүүний энэхүү айлчлал бизнесийн хамтын ажиллагаанд урам зориг өгч, зарим аж үйлдвэрлэлийн төсөл, тухайлбал нүүрс шингэрүүлэх үйлдвэр, коксын үйлдвэр, газрын ховор элементийн орд газрын тухай харилцан ойлголцлын хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр талын харилцаанд гарсан энэ ажил хэргийг цаашид үргэлжлүүлэх, хэрэгжүүлэх алхмыг одоо бид хийх ёстой. Түүнчлэн Ерөнхийлөгчийн айлчлалын дүнд Германы олон нийтийн дунд Монголын талаархи ойлголт, мэдээлэл нэмэгдсэн нь том амжилт юм. 2012 оныг эргэн харвал манай Элчин сайдын яам хоёр талын харилцааны бүхий л салбарыг хамарсан маш олон үйл явдал, ололт амжилтыг жагсаан хэлж болохоор байна. Тухайлбал, бид Германы бизнесийн төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Өнгөрсөн тавдугаар сард “Ирээдүйн Монгол” нэртэй худалдааны үзэсгэлэн яармаг зохион байгуулж, Германы компаниуд идэвхтэй оролцсон. Мөн бид 1960, 1970-аад оны үед хоёр улсын хамтарсан эрдэм шинжилгээний томоохон экспедиц гаргаж байснаа эргэн дурсч биологи, геологийн салбарт хамтран ажиллаж эхэлсний 50 жилийн ойг тэмдэглэлээ. Умард Афганд Германы бүс нутгийн команд дор энхийг сахиулах ажиллагаанд бэлтгэхээр Германы сургагч офицерууд монгол дайчдыг сургаж дадлагажууллаа. Үүнээс гадна өөр олон зүйл хэлж болохоор байна.

-Та саяхан нэгэн мэндчилгээндээ “Уул уурхайн салбар дангаараа зонхилоогүй, ашигт малтмалын үнэлэмжийг бий болгох хэрэгтэй. Улсын дэд бүтцийг хөгжүүлэх нь манай хоёр орны хамтын ажиллагааны үндсэн бодлого” хэмээн тодорхойлсон байсан. Үүнд хүрэхэд хэр их хугацаа шаардах бол?
-Монголын эдийн засгийн үндэс суурь бол байгалийн баялаг, ашигт малтмал мөн. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Миний хэлэхийг хүссэн зүйл юу вэ гэхээр түүхий эдээ шууд экспортлохын оронд өртөг нэмж, бүтээгдэхүүн болгоод илүү орлого олох нь ашигтай гэсэн санаа юм. Нүүрсээр л жишээ авахад, олборлоод шууд экспортлохын оронд боловсруулж, коксжуулаад худалдвал хамаагүй ахиу үнэ хүрнэ шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын үндсэн хандлага ч ийм байгаа. Дэд бүтцийн тухайд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд автозам, төмөр зам, харилцаа холбооны шугам сүлжээ, нисэх буудал гээд дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ бол маш тулгамдсан сорилт болоод байна л даа. Барилга байгууламж гэдэг бүтээж босгоход тодорхой цаг хугацаа шаарддаг учраас. Яг хэдий хэр хугацаа хэрэгтэйг би танд хэлж чадахгүй нь. Гэхдээ орчин үеийн хэрэгцээ шаардлагыг харвал нэлээд урт удаан хугацаа орох юм шиг санагдаж байна.

-Тэгэхээр та бүхэн юун түрүүнд бидэнд туслаж болох салбар гэвэл?
-Германыг авч үзье л дээ. Манай оронд аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Дэд бүтцийн хувьд дэлхийд хамгийн шилдгийн тоонд ордог. Бид орчин үеийн өндөр технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэн, дэлхийн өнцөг булан бүрт экспортолж байна. “Made in Germany” гэсэн шошго өөрөө дэлхийд түгсэн брэнд болж, чанар, урт удаан эдэлгээ, эрчим хүчний хэмнэлт, экологийн стандартын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байна. Бид олон салбарт дэлхийд тэргүүлэгч. Манай компаниуд Монголд хоёр талдаа харилцан ашигтай маш олон санал тавьж чадна. Бид Монголын эдийн засгийг шинэчлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадна. Бид түүхий эдэд суурилсан аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр бий болгоход тусалж чадна.

-Германы жижиг дунд үйлдвэрийн олон компани салбар бүртээ дэлхийн зах зээлийг тэргүүлсээр байдаг. Ялангуяа хүнсний үйлдвэрлэл талдаа.  Эдгээр үйлдвэр нь салбартаа ямагт тэргүүлж нэр хүндээ алдахгүй ажиллаж байгаагийн нууц юунд оршдог вэ?
-Германы аж үйлдвэрлэлийн гол тулгуур багана бол олон мянган жижиг дунд үйлдвэр юм. Тэдний нэлээд хувь нь салбартаа дэлхийд тэргүүлэгч болсон байна. Мэдээж, манай үндэстэн дамнасан томоохон компаниуд тив бүрт үйлдвэрээ байгуулаад, маш өрсөлдөөнтэй ажиллаж байгаа. Гэвч энэ олон жижиг дунд үйлдвэргүйгээр Германы эдийн засаг ийм хүчирхэг, бат бөх байхгүй байсан.  
Миний бодлоор эдгээр компанийн амжилтад олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Юуны өмнө, бид хэдэн зууны тэртээгээс л нарийн хийцтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн арвин туршлага, уламжлалтай. Манайд чадвартай ажилчин, техникч, инженерүүд байна. Тэд маань бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө байнга сайжруулж шинэчилж байдаг. Жижиг дунд бизнесийн дийлэнх нь хэдэн үе уламжлан ирсэн гэр бүлийн бизнес байдаг. Тиймээс бизнес эрхлэгч, эзэмшигчид нь зөвхөн гэр бүлийнхээ өмнө хариуцлага үүрээд зогсохгүй, ажилчдынхаа өмнө хариуцлага хүлээж, алс хэтээ харж төлөвлөн ажилладаг.

-Тэгвэл бизнесийн гол зорилгын нэг хүртэх ашгаа хэрхэн тооцдог юм бэ?
-Манай жижиг дунд бизнес эрхлэгчид бусад улс орных шиг хувьцаа эзэмшигчдийн орлого, богино хугацааны ашиг харж ажилладаггүй.
Үүнээс гадна нэг зайлшгүй анхаарууштай, бодож үзэх нэг зүйл бол Германд шийдвэр гаргах процесс, улс орны хэмжээний томоохон асуудалд холбогдох нийгмийн салбар, бүлгүүдийг бүгдийг нь оролцуулж өгдөг тогтолцоотой. Герман хүмүүс хүнд бэрх цаг үе, дэлхий нийтээр тулгарсан бэрхшээлийн өмнө өөрийн төлөөлөл, холбогдох институтээрээ дамжуулан харилцан тохиролцоо, зөвшилцөлд хүрч чаддаг. Энэ мэдээж амаргүй л дээ. Гэхдээ ингэж чадвал эцэстээ бүхий л улс орноороо үр шимийг нь хүртдэг юм.
Германы хүнсний салбарын тухайд манай улсын эдийн засгийн маш чухал салбар. Бид өндөр чанартай, аюулгүй хүнсийг боломжит үнээр худалдаалдаг. Үүнд манай үйлдвэрүүдийн шинийг эрэлхийлэгч чанар, өндөр бүтээмж нөлөөлдөг л дөө. Ганц хүнсний гэлтгүй бүхий л салбар ингэж ажилладаг. Хүнсний салбар бол ганцхан жишээ.

-Өнгөрсөн жил та хөдөө орон нутагт ажиллаж археологийн судалгаа хийж хоёр орны судлаачдын ажилтай танилцсан. Хархорум, Хар балгас, Орхоны хөндийн булшны байгууламжид хийсэн малтлага түүнээс гарсан олдворуудыг үзсэн байх аа?
-Археологийн салбар дахь манай хамтын ажиллагаа бол үнэхээр амжилт дагуулсан түүхтэй. Хамтын ажиллагаа маань 1998 онд байгуулагдсан Монгол-Германы Хархорум экспедицийн малгай дор анх 2000 онд эхэлж байлаа. Монголын талаас Шинжлэх ухааны академи /Археологийн хүрээлэн/, манай талаас Германы Археологийн хүрээлэн болон Бонны их сургууль ажиллаж байна. Энэхүү судалгаа Монголын түүхийн талаархи ойлголтыг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Тийм ч учраас манай хоёр орны Ерөнхийлөгч энэхүү археологийн экспедицийг ивээлдээ авсан байдаг. Судалгааг хэрэгжүүлэгч хоёр талын хамтын бэлтгэл, хичээл зүтгэлээр үзэсгэлэн, каталогиуд гаргасныг би онцлон дурдмаар байна. Ялангуяа 2010 онд гарсан Чингис хааны амьдрал, амжилт ололтын тухай үзэсгэлэн маш сайхан болсон. Саяхан л гэхэд Монголын  тал нутгийн нүүдэлчин, адуучин ардын тухай сайхан үзэсгэлэн гарсан. Энэ оны есдүгээр сард би Орхоны хөндийд зочилж, Хүннүгийн үеийн маш сонирхолтой Булшны малтлагыг үзэж сонирхсон. Тиймээс энэ газар хийсэн эрдэм шинжилгээний дүгнэлтийг харахыг тэсэн ядан хүлээж байна. Миний хувьд ийнхүү хөдөө гадаа явж, хүмүүстэй уулзаж ярилцан өдрийн тогтсон дэглэмээ өөрчлөх нь таатай сайхан байдаг.


-Таныг ажлын гараагаа дунд сургууль төгсөгчдөд мэргэжлийн зөвлөгөө өгөх мэргэжилтнээс эхэлсэн гэж сонссон. Ер нь, мэргэжлээ сонгоход хамгийн чухал зүйл нь юу вэ? Монгол орны онцлогоос шалтгаалаад та оюутнуудад ямар мэргэжил сонгоорой гэж зөвлөх бол?
-Миний бодлоор мэргэжлээ сонгох ерөнхий нэг дүрэм байдаг. Тэр бол та ажлаасаа сэтгэлийн таашаал авдаг байх явдал юм. Ажил мэргэжил тань таны хүсэл тэмүүлэл, итгэл найдвараа биелүүлдэг гүүр байх ёстой. Ажил мэргэжилдээ тохирох хувийнхаа зан чанарыг таньж мэдсэнээр л хүн амжилтад хүрдэг. Гэхдээ амжилт гэдэг бол зөвхөн карьер өгсөх, их мөнгө олохыг хэлдэг юм биш шүү дээ.  Бас нэг хэлэх зөвлөгөө бол сайн боловсрол, дадлага сургуулилт хэрэгтэй. Нөр их хичээл зүтгэл гаргаж, өөрт байгаа бүхнээ дайчлан шавхсан үед л үр дүн гардаг. Жишээлбэл, гадаад хэлийг ингэж л сурна. Гэхдээ би үүгээр хүн бүр их сургуульд сурах ёстой гэж хэлж байгаа юм биш. Мэргэжлийн сургалт маш чухал. 

-Эцэст нь, манай талаас виз хүсэгч иргэдийн тоог сонирхмоор байна. Энэ тоо нэмэгдэж байгаа юу. Визиндээ татгалзсан хариу авсан хүмүүс ихэвчлэн ямар алдаа дутагдал гаргадаг вэ?
-Юуны түрүүнд, виз хүсэгчдийн тоо сүүлийн 2-3 жилийн хугацаанд маш их хэмжээгээр нэмэгдэж байгаа гэдгийг хэлье. 2009 онд бид жилдээ 5000 виз олгодог байсан бол одоо тэр тоо 100 хоёр дахин нэмэгдсэн. Энэ оны урьдчилсан тоо баримтыг харж байхад 2013 он гэхэд бид 10 мянга гаруй виз олгох төлөвтэй байна.  Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр Германд аялал, бизнес, ажил хэргийн шугамаар очих монголчуудын тоо улам бүр нэмэгдэж байна. Бид бас нэг болон түүнээс дээш жилээр урт хугацааны виз ч олгож байна. Бидний хувьд Герман руу зорчих урсгалыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Мэдээж, бидэнд виз олгох дүрэм журам байна. Виз хүсэгчид тодорхой баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Хэрвээ виз хүссэн өргөдөл татгалзсан хариу авсан бол энэ нь виз хүсэгч шаардлагатай мэдээллээ бидэнд өгөөгүй байна гэсэн үг. Гэхдээ татгалзсан хариу өгөх нь маш бага гэдгийг би батлан хэлж чадна.


"АSSA" сэтгүүлийн түнш
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан