Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нэг алхам урагшиллаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үед парламент дахь олонхийн гишүүд болоод цөөнхийнхний дунд багагүй маргаан дагуулав. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг амралтын өдөр явуулах уу, ажлын өдөр явуулж, тэр өдрийг нь амралтын өдөр болгох уу гэдэгт гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж байлаа. Уг нь хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөрт явуулахаар тусгажээ. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, “Сонгуулийн ажлын өдөр бус амралтын өдрийнхөө нэг өдөрт нь явуулах хэрэгтэй. Бид долоо хоногт хоёр өдөр амарна гэдэг бол дэндүү их амралттай байна” гэсэн санал гаргав. Харин МАН-аас энэ хуулийг боловсруулах ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Сонгуулийн ирц жилээс жилд багасч байгаатай холбоотойгоор ажлын өдөр болгохоор болсон юм” гэсэн тайлбарыг өгөв.
Мөн УИХ-ын гишүүн С.Баярцогт, “МАН-аас ажлын хэсэгт хүн орж, ярьж тохиролцсон хэрнээ ийм санал гаргаж байгаа нь тоглоом шоглоом хийж байна” гэж цөөнхийн бүлгийн гишүүдийг шүүмжлэв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 35 хоног байна

Сонгуулийн сурталчилгааг багасгах арга зам руугаа явж байгаа. 1990-ээд оны эхэнд сонгуулийн сурталчилгааг 75 хоногийн хугацаанд хийдэг байсан аж. Энэ нь багасч 45 хоног болсон бол өнгөрсөн сонгуулиар 21 хоногийн хугацаанд сурталчилгаа явуулсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааг 35 хоног байхаар тусгажээ. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сурталчилгааны хугацааг хоёр хоногоор сунгаж 37 хоног болгох санал гаргав. Түүний ийн хоёр хоног нэмж байгаа нь сонгуульд өрсөлдөж байгаа хүн Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээр явахад сурталчилгааны 30-34 хоног нь зарцуулагдана. Хоёр удаагийн мэтгэлцээнд бэлтгэх хугацаа шаардлагатай. Сурталчилгаа 24 цагийн өмнө хаана. Гэтэл аймгаас дутахааргүй хүн ам олонтой сумдын иргэд нэр дэвшигчдийг сумандаа ирээсэй гэж хүлээж байдаг юм. Тиймээс тэдэнтэй очиж уулзах боломжийг олгох үүднээс сунгах санал гаргаж байна гэлээ. Энэ саналыг Байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. Хоёр хоног байсан байгаагүй ялгаагүй гэж үзэв. Ийн хэлэлцэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гаргасан саналаа татаж авсанаар сурталчилгааны хугацааг 35 хоног байхаар болов.

Саналын хуудасны нэгдүгээрт АН-аас нэр дэвшигчийн нэр бичигдэнэ

Саналын хуудасны нэгдүгээрт аль намаас нэр дэвшигчийн нэр бичих эсэхэд гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлж байлаа. Тухайлбал, Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн дарааллын дагуу нэр дэвшигчийн нэр бичигдэх ёстой гэсэн саналыг цөөнхүүд гаргасан. Харин хуулийн төсөлд УИХ-д олон суудал авсан намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн нэр байна гэж тусгажээ. Энэ байр суурийг олонхийн бүлэг хадгалсан. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн хувьд хуучин цагт нэг хэсэг саналын хуудсанд МАН-аас нэр дэвшигч, нэг хэсэг саналын хуудсанд АН-аас нэр дэвшигчийн нэр дээр нь бичигддэг байсан. Үүн шиг ээлжилсэн байдлаар нэр дэвшигчдийн нэрийг сольбож бичвэл яасан юм бэ гэсэн саналыг гаргаж байлаа. Гэсэн ч хуулийн төслийг олонхийн бүлгээс санаачилсан болохоор хуулийн төсөлд тусгасан байдлаар бичихээр болсон юм.

Саналын хуудсыг автомат машинаар тоолно

Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар тоолохгүй байхыг УИХ дахь МАН-ын гишүүд гаргалаа. УИХ болоод Орон нутгийн сонгуулиар автомат машинтай холбоотой гомдол гарсан. Иргэдийн гомдлыг нэг тийш нь шийдээгүй байхад дахин автомат машинаар санал тоолох нь зарчимгүй хэрэг гэдгийг хэлж байлаа. Харин тэдний энэ байр суурийг УИХ-ын гишүүн Л.Болд няцаасан юм. Тэрээр дэлхий даяараа автомат машинаар санал тоолж байна. манай улс ч хоёр сонгуулиа автомат машинаар тоолсон. Гэтэл үүнээсээ буцна гэдэг бол том дэвшлээс ухарч байгаа хэрэг гэсэн юм. УИХ-ын гишүүн Н.Энхболд, “Намайх, Сүхбаатар дүүрэгт, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт автомат машинаас үүдэлтэй зөрчил гарсан. Хяналтын тооллого хийх гэхээр хөдөлж өгөхгүй байна. Тиймээс хоёр, гуравхан нэр дэвшигчийн саналын хуудсыг гараар тоолох нь зүйтэй” гэсэн санал гаргасан. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, “Эрхэм гишүүд үүнийг буруугаар мушгин гуйвуулах хэрэггүй. Автомат машиныг худлаа тоолдог гэж ярьж болохгүй ээ. Тэгж ярьвал энэ парламентад байгаа гишүүд бүгд л машины тооллогын дүнд энд сууж байгаа. Тиймээс үүнээс татгалзах хэрэггүй” гэв. Хуулийн төсөлд АН-ынхны байр суурь нэвт шингэжээ. Тиймдээ ч хуулийн төсөлд тусгаснаар явахаар болсон.

Хяналтын тооллогыг суманд нэг, дүүрэгт хоёр хэсгийн хороонд явуулна

Саналын хуудсыг гараар тоолох ёстой гэсэн саналаа дэмжүүлж чадаагүй МАН-ынхан хяналтын тооллогыг бүх хэсгийн хороонд хийх ёстой гэж үзсэн. УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын сонгуулийн дараа хяналтын тооллогыг хийх хүсэлт гаргасан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор хийх ёстой гэж байсан. Гэтэл өнөөдрийг болтол хийсэнгүй. Энэ хугацаанд орон нутгийн сонгууль хүртэл явагдаад дүн гарчихлаа. Машинаар тоолоход дүн нь 30 минутын дотор л гарна гэж хэлж байсан ч эсэргээрээ 10 хоногийн дараа гарсан. Тиймээс...” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Үүнээс болж багагүй маргаан үүссэн. Зарим нь автомат машинаар тоолсон саналын хуудсыг гараар давхар тоолох хэрэгтэй гэсэн санал ч гарж байлаа. Харин УИХ дахь гуравдагч хүчний төлөөлөл болох УИХ-ын гишүүн Д.Батцогт, “Энэ маргааныг таслахын тулд цөөнх болсон нь хамгийн сэжигтэй гэсэн хоёр газарт хяналтын тооллогыг хийдэг байдлаар хуулийн төсөлд томъёолох хэрэгтэй” гэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сонгуулийг итгэл үнэмшилтэй болгохын тулд хяналтын тооллого байх ёстой гэв. Харин хяналтын тооллого, автомаш машины тооллого хоёрын дүн зөрвөл яах вэ, хэрхэн шийдэх вэ гэсэн асуултыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргаж ирсэн. Үүнийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа тайлбарлахдаа, “Хэрэв зөрвөл протоколд тэмдэглээд, хяналтын байгууллагад шилжүүлнэ” гэлээ. Ийн санал зөрөлдөж олон санал гарсны эцэст хуулийн төсөлд хяналтын тооллогыг суманд нэг, дүүрэгт хоёр хэсгийн хороонд явуулахаар тусгаж, Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

Аж ахуйн нэгжээс 50, иргэнээс таван сая хүртлэх төгрөгийн хандив авна

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг төрөөс гаргах нь зүйтэй гэсэн саналыг хоёр гол намын гишүүд дэмжсэн. Үүнээс улбаалаад улс төрийн намыг төрөөс санхүүжүүлж, гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй гэсэн санал дэмжигдсэн. Хэрэв ингэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч бизнесийн байгууллагаас хамааралгүй болно гэсэн юм. Энэ ярианы эхлэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хандивыг аж ахуйн нэгжээс авдаг нь Ерөнхийлөгч хандив өгсөн компанид өрөө төлөх үүднээс түлхүү үйлчлэх тал гардаг гэснээс үүдэв. Төвсийн тухай хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 19 тэрбум төгрөгөөр баталжээ. Гэвч энэ мөнгө нь сонгуулиар ажилласан төрийн албан хаагчид, цагдаа хүчнийхэнд урамшуулал, хоол унааны зардалд ихэнх нь явчихдаг тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэв. Үлдсэн мөнгийг нь автомат машины програмчлал, тээврийн зардалд зарцуулдаг гэсэн тайлбарыг өгсөн юм. Тиймээс хандивын асуудлыг хуульд аж ахуйн нэгжээс 100 сая, иргэнээс 10 хүртлэх төгрөгийг авахаар тусгажээ. Гэвч энэ мөнгө хэтэрхий их байна гэдгийг УИХ-ын гишүүн Д.Лүнджээжанцан хэлж аж ахуйн нэгжээс 20, иргэнээс таван сая хүртлэх төгрөгийн хандив авдаг байхаар тусгасан нь дээр гэв. Гэтэл 2003 онд батлагдсан сонгуулийн хуульд энэ хандивыг компаниас 10, иргэнээс таван сая хүртлэх төгрөгийн хандив авахаар тусгасан байдаг аж. Тэр үеийн энэ мөнгийг өнөөдрийнхтэй харьцуулахад эрс тэрс ялгаатай болсныг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлсэн. Тиймээс  хуулийн этгээдээс 50, иргэнээс 10 хүртлэх сая төгрөгийн хандив авдаг байхаар тусгаж баталлаа. Гэхдээ хандив, зардал тусдаа гэдгийг тэрээр онцолсон юм. Нэр дэвшигчийн намтар, зурагт хуудсыг хэвлэж, хүргүүлэх ажлын зардлыг төр хариуцахыг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан