Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зарим үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, yийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, эрүүл ахуйн байдлын талаар судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн тайлан мэдээллийг сонсов.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор Нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, эрүүл ахуйн байдлын талаар судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл ахалж, бүрэлдэхүүнд нь нийслэлийн МХГ, Хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар зэрэг холбогдох албаныхан багтсан юм.

Ажлын хэсэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх, мах боловсруулах 11 үйлдвэрт шалгалт хийсэн. Төлөвлөгөөт бус эл хяналт, шалгалтын явцад 31 зөрчил илэрч, 21-ийг арилгуулж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авчээ. Мөн урьдчилсан хяналтад хамрагдаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан "Бугат-Эрхэс" компанид 500.000 төгрөгийн торгууль ногдуулж, "Эрээн сити юнайтэд" болон "Мөнх төгрөг" компанийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Нийстдээ 6500 кг мах хурааж, устгуулахаар шийдвэрлэж, 15.5 сая төгрөгийн торгуульж ногдуулж, бүрэн барагдуулж дуусчээ.

Ажлын хэсгийн шалгалтын явцад Монголын мах экспортод сөргөөр нөлөөлөхөөр ноцтой зөрчлүүд илэрсэн талаар ажлын хэсгийн гишүүн, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж танилцуулав. Тэрбээр "Холбогдох байгууллагатай хамтран мах бэлтгэх бодлогод журам боловсруулах шаардлагатай болоод байна. Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр холбогдох байгууллагад үүрэг өгөх саналтай байна. Мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх үйл явцад зөвшөөрөлгүй оролцож буй гадаадын иргэдийг шалгахыг нийслэлийн ГХУСАЗЗ-д, хүнсний аюулгүй байдлын талаарх уг шалгалтыг хийж, хагас жил тутамд Тэргүүлэгчдэд танилцуулж байхыг тэмдэглэлээр үүрэг болгох хэрэгтэй" гэсэн юм.  Танилцуулгын үеэр олонх байгууллага зориулалтын бус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт мах чанаж байсныг дурдлаа. Мөн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө өөрчлөн ажиллаж буй гадаадын иргэд ч байсан аж. Түүнчлэн зарим компани дулааны аргаар боловсруулсан мах БНХАУ-д экспортлох зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг ашиглан үйл ажиллагаа явуулж байсан зөрчил ч илэрчээ.

Тэргүүлэгчид Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод дараах саналуудыг хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: -Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдсан юм байна. Иргэд мах идэж байна уу, химийн бодис идэж байгаа юу хэлэхэд бэрх. Мэргэжлийн байгууллагын төлөөллийг оруулж Ажлын хэсгийг өргөтгөх хэрэгтэй.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч П.Баярхүү: -Ажлын хэсгийг тогтмол үйл ажиллагаатай болгох хэрэгтэй гэсэн саналтай байна. Мөн тусгай чиг үүргийн байгууллагуудыг оруулж, өргөтгөхийг дэмжинэ. Улмаар хүнсний аюулгүй байдлын талаар хэрэгжүүлэх зохион байгуулалтын санал оруулж ирээрэй гэж хэлэх байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа: -Нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангаж, тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Ажлын хэсэг эрчтэй ажиллах гэсэн боловч хүчин мөхөстсөн бололтой. Тиймээс асуудлыг өндөр түвшинд гаргах ёстой. Хот стандарт боловсруулах ажлыг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт үүрэг болгох хэрэгтэй. Ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй болгож, үйл ажиллагааг нь тогтворжуулах нь зүйтэй.

Хуралдаанаас Ажлын хэсгийг өргөтгөж, байнгын ажиллагаатай болохыг дэмжив.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан