УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, төсөлд иргэдийн саналыг авахаар D.Parliament.mn платформд 10-р сарын 13-ны өдөр байршуулжээ. Төсөлд,
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.18, 5.19 дэх хэсэг нэмсүгэй:
5.18. Морин хуурын өдөр: 06 дугаар сарын 07;
5.19. Монгол тэмээний өдөр: 01 дүгээр сарын 24.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Уг хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэлээ Монгол Улсын нүүдлийн соёл иргэншлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох монгол тэмээ, морин хуурын түүх, соёлын үнэ цэнийг төрийн бодлогын түвшинд баталгаажуулж, тэдгээрийг хамгаалах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үед уламжлуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна.
Монгол Улс нь биет болон биет бус соёлын өвөөр баялаг улс бөгөөд тэмээ, морин хуур нь монголчуудын ахуй, сэтгэлгээ, гоо зүй, байгальтай зохицон амьдрах үзэл санааг илэрхийлсэн онцгой бэлгэдэл юм. Морин хуур нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний хөгжмийн зэмсэг” хэмээн албан ёсоор баталгаажсан бол тэмээ нь говь, цөлийн бүсийн экосистемд дасан зохицсон, уламжлалт мал аж ахуйн тулгуур, нүүдлийн соёлын чухал илэрхийлэл хэвээр байна.
Гэвч эдгээр соёлын өвийг улс орон даяар жил бүр тогтмол, системтэйгээр онцлон тэмдэглэх, олон нийтэд таниулах, боловсрол, соён гэгээрэл, соёлын бодлоготой уялдуулах эрх зүйн тусгай зохицуулалт одоогийн байдлаар бүрдээгүй байгаа нь урьдчилсан тандан судалгаагаар тодорхойлогдсон. Хотжилт, даяаршлын нөлөөгөөр уламжлалт соёлын өвийн дамжуулалт суларч, хойч үедээ өвлүүлэх бодлогын механизмийг бэхжүүлэх шаардлага тулгамдаж байна.
Иймд энэхүү хуулийн төсөл нь жил бүрийн 01 дүгээр сарын 24-ний өдрийг “Монгол тэмээний өдөр”, жил бүрийн 06 дугаар сарын 07-ны өдрийг “Морин хуурын өдөр” болгон тогтоож, тэдгээрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн ангилалд хамруулах замаар соёлын өвийг хамгаалах, алдаршуулах төрийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэх зорилготой юм.
Олон улсын туршлагаас харахад үндэсний соёлын бэлгэдэл, уламжлалт хөгжмийн зэмсэг, аж ахуйн онцлогийг илэрхийлсэн өдрүүдийг хуульчлан тогтоох нь нийтлэг бөгөөд үр нөлөөтэй бодлогын хэрэгсэл болох нь нотлогдож байна. Энэхүү хандлагатай уялдуулан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр”-ийг хуульчлан тогтоох нь олон улсын соёлын бодлогын чиг хандлагад нийцсэн, үндэсний онцлогт тохирсон шийдэл болно гэж үзэж байна.
Иймд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх төрийн бодлогыг бэхжүүлэх, үндэсний үнэт зүйлсийг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрх зүйн баталгааг хангах стратегийн ач холбогдолтой хуулийн төсөл гэж дүгнэж байна.
























