Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГРЕГОРИ ГОЛДХАУК: МОНГОЛ- КАНАДЫН ХАРИЛЦАА ЗӨВХӨН УУЛ УУРХАЙГААР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Грегори Голдхаук энэ удаагийн зочноор маань уригдлаа.


-Юуны өмнө, танд энэ өдрийн мэнд хүргэе. Агаарын анд АССА сэтгүүл тантай уул уурхай тойрсон асуудлаар ярилцахаар төлөвлөсөн. Гэхдээ уламжлал ёсоор, яриагаа хоёр орны харилцаанд гарсан шинэ ахиц дэвшлийн талаар эхэлье?
-Та бидний мэдэж буйгаар 2013 онд Монгол-Канадын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, мөн Улаанбаатарт Канадын Элчин сайдын яам байгуулсны таван жилийн ой давхар тохионо. Тиймээс хоёр улсын харилцаанд гүн гүнзгий хувьсал гарч, он удаан жилийн шалгуур давж төлөвшсөн хэмээн онцлон тэмдэглэж болно хэмээн бодож байна. Энэ харилцаа одоо зөвхөн уул уурхайгаар хязгаарлагдахгүй ээ. Тийм ээ, Канад бол Хятадын араас Монголын хоёр дахь том хөрөнгө оруулагч. Тийм ээ, манай хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт зонхилж байгаа. Гэхдээ харилцаанд маань өөр олон чухал чиглэл хөгжиж байна. Ардчилал, хүний эрх, хууль журам зэрэг үнэт зүйлийг эрхэмлэн номлодгоороо ижил байр суурьтай орнуудын хувьд  бид олон улсын тавцанд олон төсөл, хөтөлбөрт гар нийлэн ажиллаж байна, зөвхөн НҮБ-аар зогсохгүй шүү. Олон улсын энхийг сахиулах үйлсэд бид түншлэн ажиллаж байна. Монгол Улс саяхан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон нэгдэхэд Канад улс дэмжсэний нэгэн адил Монголыг НАТО-гийн  түнш орон болон нягт хамтран ажиллахыг дэмжиж байна. Канад, Монгол Улс олон улсын сайн засаглал, энхтайвны төлөөх хамтын зорилгоо биелүүлэхэд бие биедээ найдаж болох түншүүд юм.  Манай хоёр улсын харилцаа “зөвхөн мөнгө” гэсэн утгаас хамаагүй давж гарсан, худалдаа арилжааны зорилгоос хэтийдсэн, өсөн тэлж буй, хүчирхэг харилцаа юм.

-Канад бол уул уурхайн туршлагаараа дэлхийд тэргүүлэгч орны нэг. Монголын хувьд бид энэ салбарыг одоо л дөнгөж хөгжүүлж, эхэн шатандаа явна. Монголын эдийн засгийн хөдөлгөх хүч нь уул уурхай хэмээн мэргэжилтнүүд үзэж буй энэ үед эдийн засгаа дан ганц уул уурхайгаас хараат болгох нь зөв үү, буруу юу гэсэн халуун маргаан одоо манай оронд ид өрнөж байна. Үүн дээр та санаа бодлоо хуваалцахгүй юу?
-Канадын уул уурхайг хөгжүүлсэн туршлага нь Монголын хувьд сайн үлгэр загвар болно хэмээн би бодож байна. Канад улс уул уурхайг хөгжүүлэхдээ өнгөрсөн цаг хугацаанд Монголтой ижил маш олон сорилт бэрхшээлтэй тулгарч байсан. Манай улс асар том газар нутагтай ч хүн ам цөөтэй, газар зүй, цаг уурын нөхцөл байдлын хувьд бэрхшээлтэй. Манай эдийн засаг уул уурхай, модон бүтээгдэхүүн, арьс үслэг эдлэл гэх мэт нөөц баялагт суурилсан эдийн засгаас хөгжиж тэлсэн. Гэхдээ ганц тулгууртай эдийн засаг олон эрсдэлтэй тулгардаг. Эдийн засгийн ганцхан салбарт, тухайлбал уул уурхайгаар жишээ авья л даа. Эрэлт хэрэгцээ буурвал ажлын байрнаас эхлээд эдийн засгийн бүтээмж хүртэл бүх зүйл унадаг. Канад Улс эдийн засгаа төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж нэлээд олон жил шаргуу тэмцлээ. Энэ бол эдийн засгийн хувьд байгалийн баялгаасаа аль болох хараат бус байх гэсэн хэрэг шүү дээ. Өнөөдөр манай улсаас худалдааны хамгийн том түнш болох АНУ руу нийлүүлж буй бүтээгдэхүүний 75 хувь нь нэмүү өртөг шингэсэн байна. Манайх одоо нисэх тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд 4, 5-д орж яваа. Бид бас автомашин, цахилгаан хэрэгсэл, телевиз-киноны уран бүтээл, софтвейр гээд төрөл бүрийн зүйл үйлдвэрлэж байна. Гэсэн атал хүмүүс одоо хүртэл Канадыг уур уурхайд суурилсан эдийн засагтай гэж ярьдаг хэвээрээ. Тэгэхээр эдийн засгийг төрөлжүүлэх гэдэг амар ч юм биш, бас түргэн хийчихдэг ч ажил ч биш. Гэхдээ заавал хийх ёстой, хийж болдог зүйл. Боловсрол, тэр дундаа мэдлэг, чадвартай ажиллах хүчнээ бэлтгэж авна гэдэг өнөөгийн дэлхийн эдийн засагт эдийн засгийн нөхцөл байдалтай хөл нийлүүлэн алхах, өсч дэвших гол үндэс юм.


-Канадаас уул уурхайн салбарт орж ирж буй хөрөнгө оруулалт манай нийт хөрөнгө оруулалтын багагүй хувийг эзэлдэг. Сүүлийн үед манай Засгийн газрын уул уурхай, хөрөнгө оруулалтын талаар баримталж байгаа бодлого хуулиас үүдэлтэйгээр хөрөнгө оруулагчид жаахан дөлөх боллоо гээд байгаа. Жишээ нь танай улсаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын төвшин ямар байгаа бол оо?
-Бид хэзээ хэзээнээс илүүтэй даяарчлагдсан эдийн засгийн үед амьдарч байна. Хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтаас орж ирдэг эдийн засгийн өсөлт, ажлын байр гэх мэт зүйлс бол эрсдэл болон унац гэсэн хоёр зүйлийг нягтлан тооцсоны үр дүнд дэлхий даяар урсч байдаг зүйл. Бид одоо дэлхийн санхүүгийн хямрал, эдийн засгийн нөхцөл байдал уруудсан үед амьдарч байна. Тэгэхээр ямар ч орон ажлын байр, эдийн засгийн өсөлтийн төлөө хөрөнгө оруулалтыг өөртөө татахаар тэмцэж байна. Өөрийнхөө туршлагаас анзаарч харвал, хөрөнгө оруулагчид тогтвортой газар руу илүү татагддаг. Хууль зүйн зохицуулалт, дүрэм журам нь тогтвортой газарт. Та олон улсын эдийн засаг ямар байхыг хянаж чадахгүй. Гэхдээ та хаана бизнесийнхээ үрийг суулгаж, хаана тарихаа өөрөө шийдэж чадна. Тэгэхээр таны бизнест тухайн газар орон хууль, татвар, болон бусад талаас нь хэрхэн хандахыг бодолцож байж шийдвэрээ гаргана. Надтай холбоотой байдаг, зөвхөн Канадын гэлтгүй гадаадын олон компани Монгол дахь бизнесийн орчин “зөөлөрсөн” гэж үзэж байгаа. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль болон одоо хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харахыг шаардсан УИХ-ын гишүүдийн шаардлага зэрэг нь хөрөнгө оруулагчдад сануулга “дохио” өгөөд байна. Энэ нь эдийн засгийн хөгжилтэй холбоотой Засгийн газрын бодлогын талаар тодорхойгүй ойлголт бий болгож, гадаад дотоодын олон компани бизнесийн шинэ санаагаа хойш нь тавьчихаад байна. Энэ тодорхойгүй байдал удахгүй арилж, Засгийн газрын бодлого шинэ хөрөнгө оруулалтыг татахуйц бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх байх гэж би итгэж байна.

-Манай хоёр улсын уул уурхайн салбарт баримтлах бодлого болоод хууль эрх зүйн орчин, нэн ялангуяа стратегийн ач холбогдолтой томоохон орд газруудын эзэмшлийн талаарх бодлогын ижил төстэй болон ялгаатай талуудыг та ажигласан биз ээ. Манай орны хувьд ордынхоо дийлэнх хувийг эзэмших гэсэн бодлого баримталж байгаа. Энэ талаар та өөрийн ажиглалтаасаа хуваалцахгүй юу?
-Энэ асуултад хариулахын өмнө би хуульч хүн биш учраас хоёр улсын хуулийг нарийвчлан харьцуулан чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ зарчмын хувьд Засгийн газар бизнесийн удирдлагад аль болох бага оролцоотой байхыг эрхэмлэх ёстой гэдгийг хэлмээр байна. Тийм ээ, Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах талаар ажиллах нь зүйн хэрэг. Гэхдээ бизнес явуулах, бизнесээ эрхлэхэд нь оролцохгүй байх нь дээр. Канадын Засгийн газар бизнес дэх оролцоогоо бууруулахаар хэдэн арван жил ажиллаж байна. Энэ нь ч эдийн засагт сайнаар нөлөөлж, эдийн засгийн үзүүлэлтээрээ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд дотроо нэлээд хүчирхэгт тооцогдож явдаг. Тэгэхээр миний онцлон тэмдэглэх эхний зүйл бол “Засгийн газрын хувь эзэмшил” бол эдийн засгийн хувьд ерөнхийдөө үр дүнгүй зүйл гэдэг нь өөрөө батлагдчихсан гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл Засгийн газар шийдвэр гаргахдаа зөвхөн орлого, зарлагыг бус өөр олон хүчин зүйл харгалзаж үзэх болдог. Хэрвээ хувийн эзэмшил хэвийн байгаа тохиолдолд, дараагийн нэг логик асуулт гарч ирнэ. Эзэмшигч нь дотоодынх уу, гадаадынх уу гэж. Ихэнх улс орон гадаадын хөрөнгө оруулалтыг хаанаас, хэдий хэр хэмжээтэй орж ирэхийг хүлээн зөвшөөрөхөө хуулиар зохицуулсан байдаг. Канад ч бас энэ талаар өөрийн гэсэн нэлээд урт, бас араасаа ширүүн маргаан дагуулсан хуультай. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг ямар хэмжээнд барих ёстой вэ?

Хэрэв гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрвөл энэ нь эдийн засаг, улс төрийн тусгаар тогтносон, бие даасан байдлыг сулруулах уу гэх мэт асуулт гарч ирнэ. Тэгэхээр ямар ч канад хүн Монголын хүсэл сонирхолтой маргаж чадахгүй. Магадгүй канадчууд Монголыг гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай байх нь зөв гэж хэлэх байсан байх. Хамгийн гол нь маш тодорхой, бас тодорхой хүрээнд хязгаарлагдсан, ямар төрлийн хөрөнгө оруулалт авахыг хүсч байгаа, түүнийгээ татаж чадахуйц хууль байх ёстой юм. Канадын хууль бол эдийн засгийн тоотой хэдэн салбарыг хамарсан, өндөр босготой, хүчин төгөлдөр болохын тулд хуулиа эргэн харахыг шаардсан тийм хууль. Канадын хуулийг төгс гэж би хэлэхгүй. Саяхан, Хятад, Малайзын төрийн өмчит хоёр компани томоохон хөрөнгө оруулалтын санал тавьснаас үүдэн Канадад гадаадын хөрөнгө оруулалтаа эргэн харах, хамгийн сайн хувилбарын эрэл хайгуул үргэлжилсээр байна. Энэ хоёр хөрөнгө оруулалтын санал  манай хуулиар хүлээн зөвшөөрөгдөж буй боловч  үүнээс улбаалан хуулиа нэн даруй эргэн харах шаардлага гарч байна. Үүний үр дүнд нэг тэрбум ам.доллар хүртэл болон түүнээс дээш хөрөнгө оруулалтын шалгуур босгыг өндөрсгөхөөр болоод байгаа юм.

Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын тухай ямар ч хуульд маргаантай асуудал байж болно. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдалдаа тохируулан сайжирдаг, хувьсдаг байх хэрэгтэй. Монголын  одоогийн хууль бол тодорхойгүй бичигдсэн, хөрвүүлж ойлгоход хэцүү хууль болсон. Хууль зүйн хувьд хэрхэн хөрвүүлж тайлбарлахыг бид хүлээж байна. Мөн энэ хууль өргөн хүрээг хамарсан, хөрөнгө оруулалтын босгоо сайн нягталж чадаагүй. Энэ нь эргээд тодорхой бус байдал үүсгэж, шинэ хөрөнгө оруулалтыг зогсоох эрсдэл дагуулж байна. Монголын Засгийн газар энэхүү хуулиа хэрэгжүүлэхдээ болгоомжтой, мэдрэмжтэй байж, улс орондоо хэрэгтэй шинэ хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж бид найдаж байна. 


-Канад улсаас манай улстай харилцахдаа аль салбарт түлхүү анхаарал хандуулж байгаа вэ. Мэдээж уул уурхай орох байх. Энэ салбарт та бүхний зүгээс Монголын Засгийн газарт ямар хүсэлт тавьдаг вэ?
-Би ярилцлагынхаа эхэнд хэлсэнчлэн Канад-Монголын харилцаа бол зөвхөн уул уурхайгаар хязгаарлагдахгүй. Бид Монголтой олон салбарт хамтран ажиллаж байна. Тухайлбал, Монголын цэрэг армийн энхийг сахиулах тал дээр чадавхижуулахаар ажиллаж байна. Мөн хуулийн реформ хийх, цагдаагийн албаны мэргэжлийн дадлага туршлагыг дээшлүүлэх тал дээр дэмжин ажиллаж байна. Түүнчлэн нийтийн үйлчилгээний реформын тал дээр ч ажиллаж байгаа. Бид эдгээр салбарт ажиллаж байгаа нь Монгол улс олон улсын өмнө хариуцлага хүлээсэн, басхүү олон улсын хэрэгт хувь нэмрээ оруулдаг орон гэдэг үүднээс харж хандаж байгаагийнх. Мөн Монголын хууль, эрх зүйн зохицуулалт, процесс нь үр дүнтэй, ил тод байвал Канадын хувьд сайн түнш байх болно  гэж үзсэнийх юм. Эдийн засаг арилжааны хувьд ч, дэлхий нийтэд ардчилал сайн засаглалыг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд ч тэр сайн  түнш байх болно.

-Уул уурхайгаас олж байгаа ашгаа ард түмэнд хүртээх талаар танай улс ямар бодлого баримталдаг вэ. Монголын хувьд уул уурхайн ашиг орлогоос иргэддээ нийгмийн халамж хэлбэрээр шууд бэлэн мөнгө тарааж буй талаар та ямар бодолтой байна вэ?
-Уул уурхай үр шимийг хэрхэн нийтээрээ хүртэх талаар цорын ганц тохирсон бодлого гэж байхгүй. Засгийн газрын бодлого маш тодорхой, татвар болон нийгмийн хөгжилд хүргэх бусад зүйлсээр  бизнесийн хөгжлийг ерөнхийд нь дэмжсэн орчныг бүрдүүлэх нь л чухал. Эдийн засаг хүчирхэг байхгүйгээр бид татварын сууриа бүрдүүлж чадахгүй,  Канадыг НҮБ-ын Хүний хөгжлийн индексээр нэлээд дээгүүрт бичигдэх гол нөхцөл болдог нийгмийн хөтөлбөрүүд, тухайлбал, боловсрол, эрүүл мэднийн салбараа өөд нь татаж чадахгүй.

-Манай улсын дэд бүтцийн хөгжлийн талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу. Мөн боловсролын салбарт, Монголын мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх талаар хамтран ажиллах ямар боломж бололцоо байна гэж та харж байна?
-Дэд бүтэц гэдэг бол Засгийн газар дангаараа ч бай, хувийн сектортой хамтардаг ч бай зайлшгүй анхаарч, хөгжүүлэх ёстой салбар. Үр ашигтай, орчин үеийн эдийн засаг бүхий улс орон болоход “чанга” дэд бүтэц, сайн автозам, төмөр зам, цахилгаан станц маш их хэрэгтэй. Түүнчлэн үр дүнтэй, ашигтай төрийн үйлчилгээ, үр дүнтэй-ил тод хууль зүйн тогтолцооны “зөөлөн” дэд бүтэц ч чухал хэрэгцээтэй. Мөн түүнчлэн, таны хэлсэнчлэн боловсрол бол тэр “зөөлөн” дэд бүтцийн маш чухал элемент юм. Хүн амаа боловсруулахгүйгээр Монголын хурдацтай өөрчлөгдөж буй эдийн засгийн хэрэгцээг хангаж чадахгүй, түүнээс илүүг үзэж хүртэж чадахгүй. Тийм ч учраас Канад улс боловсролын хөгжлийн талаар Монголтой хамтран ажиллаж байгаа. Канадын олон компани эндэх маргэжилтнүүдээ боловсруулах тал дээр идэвхтэй ажиллаж байна. Мөн олон компани бага, дунд сургууль барих ажилд хөрөнгө санхүүгээр туслаж дэмжиж байна. Энэ сайн суурин дээр үндэслээд бид илүү амжилт ололтод хүрнэ гэж найдаж байна. Монголын Боловсролын яам болон Канадын сургалтын институтууд хамтран ажиллаж, уул уурхайн инженерүүдийг тэтгэлэгт хөтөлбөрөөр сургах гэх мэтчилэн ажиллаж байгаа. Канадын дээд боловсролын хэд хэдэн байгууллага Монголд салбараа нээх сонирхолтой байгаа. Мэдээж, монгол залуучууд Канадад дээд боловсрол эзэмших талаар сонирхох байх гэдэгт итгэж байна. 2013 онд бид анх удаа Канадын боловсролын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Тэр талаарх нарийн мэдээллийг дараа аваарай.

-Сүүлчийн асуулт. Та Монголтой анх хэрхэн холбогдож байсан бэ. Монголын хөгжил, ард түмний талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би Монголын түүхийг хэзээнээсээ сонирхдог хүн. Дэлхийн ертөнцийг үнэнхүү өөрчилж чадсан Чингис хааны агуу амжилт, ололтыг  биширдэг юм. Өнөөдрийн Монголын энэ түүхэн цаг үед миний бие Улаанбаатарт суух завшаан тохиолдсон нь үнэхээрийн азтай хэрэг гэж боддог. Энэ газрын зүрхэн хэсэгт эрт цагийн ул мөр болон орчин үе, уламжлал ба өөрчлөлт шинэчлэл зэрэгцэн оршиж байдаг нь гайхалтай мэдрэмж төрүүлж, энэ бүхний нэг хэсэг байж, бас эерэг сайхан өөрчлөлтөд нь өөрийн хувь нэмрээ оруулах боломж олдсонд баяртай байдаг. Өнөөгийн Монголд Канадын Элчин сайдаар ажиллана гэдэг энэ дэлхий дээрх хамгийн сайхан ажил юм. Энэ албаа аль болох удаан хашихыг хүсч байгаа. Энэ бол Оттава дахь нөхөд маань хараахан мэдээгүй нууц.

-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа.
-Та болон танай уншигчидтай ярилцах боломж олгосонд мөн баярлалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан