Хоёр өдрийн өмнө Косово руу албадан гаргасан 15 настай Леонарда Дебрани гэдэг цыган охиныг Францад эргэн ирж үргэлжлүүлэн суралцаж болно хэмээнЕрөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ. Леонарда Дебранийг хоёр өдрийн өмнө сургуулийн автобусаар аялал хийж явахад нь цагаачлалын албаныхан шалгаад Францын нутагт амьдрах бичиг баримтгүй учраас Косово руу албадан гаргасан юм. Үүний дараа ангийнхан нь болон бусад сурагчид охиныг эргүүлж авчрахыг шаардан эсэргүүцлийн жагсаал хийсний дараа Францын эрх баригчид аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргасан бололтой.
Гэхдээ Францад эргэн ирэх хүсэлтээ цор ганцаар өгөөд, халамжлагч гэр бүлд байвал болно гэдгийг онцолсон байна. Охины эцэг, эхийг энэ зун Косово руу албадан гаргасан байжээ. Хөөрхий 15 настай охиныг албадан гаргаж сүр хүчээ үзүүлэх шаардлага байсан юм уу гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг.
Дэлхийн олон оронд цагаачдын байдал үүнтэй төстэй ээдрээтэй байна.
Нэг жишээ нь, манай хойд хөрш. Москва хотын Бирюлёво дүүрэгт цагаачид ба хотын иргэд хооронд олныг хамарсан том зодоон долоо хоногийн өмнө гарсан. Хэргийн газар ирсэн цагдаа нар зодооныг тараасны дараа олон тооны цагаачдыг баривчлан саатуулж, ихээхэн торгууль ногдуулан нутгаасаа албадан гаргажээ. Ер нь, сүүлийн хэдэн сарын дотор Дундад Азиас ирсэн цагаачдыг үзэн ядах явдал ихээхэн газар аваад байгаа.
Германы эрх баригчид Дорнод Европоос нийгмийн халамж хөөцөлдөн ирсэн цагаачдыг албадан гаргах бодлого баримтлаж буй. Энэ бодлогын хүрээнд цагаачдад нутаг заах, өөрөөр хэлбэл тодорхой тойрог, хотоос гарахыг хориглох гэх мэт арга хэмжээ авчээ.
Их Британи нь Пакистан, Нигер гэх мэт орноос ирж байгаа иргэн бүрээс буцаж явах баталгаа болгож барьцааны мөнгө авдаг журам тогтоосон. Удахгүй банкууд нь цагаач иргэдэд данс нээхийн өмнө Британийн нутагт хууль ёсны дагуу амьдарч байгаа эсэхийг нь шалгадаг болно. Мөн эмнэлгийн үнэгүй тусламж үзүүлдэг байгууллагууд нь цагаачдад илүү хатуу хяналт тавьж хууль бусаар Англид орогнож байгаа хүмүүсийг илрүүлэх болно гэв. Улмаар сайн дураараа нутаг буцахыг уриалсан бичиг бүхий тусгай машин цагаачид олноор амьдардаг дүүргүүдээр тогтмол явуулдаг болсон.
Энэ мэт байдал Итали, Швед, Норвеги, Швейцарь, Австри, Дани, Америк гээд бусад баян оронд ч ажиглагдаж байна.
Хууль зөрчсөн эсвэл зөрчөөгүй гэдгээс үл хамааран цагаачдыг эдгээр орны хэт үндсэрхэг үзэлтнээс эхлээд жирийн иргэн, хууль хяналтын байгууллагууд ч нүд үзүүрлэдэгт хэргийн гол учир бий гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Нүд үзүүрлэхэд хүргэдэг шалтгаан нь хоорондоо төстэй.
Юуны өмнө, цагаачдыг том, жижиг янз бүрийн хулгай, хар тамхи зарах, биеэ үнэлэх, хүний наймааны гол уурхай болж байна гэж буруутгадаг. Дундад Ази, Кавказын зарим орноос Орост ирж байгаа цагаачдыг үүний хамгийн тод жишээ гэдэг. Зөвхөн Москвад гарч байгаа гэмт хэргийн 50 гаруй хувийг цагаачид үйлддэг гэж цагдаагийнхан мэдэгдэж байв. Дараа нь, бага цалин авдаг гэдгээрээ уугуул иргэдийн ажлыг булааж авдаг, цалингаасаа татвар суутгал төлдөггүй, авсан мөнгөнийхөө дийлэнхийг нутаг руугаа илгээх замаар амьдарч байгаа улсынхаа эдийн засагт асар их хохирол учруулдаг гэнэ. Зөвхөн 2012 оны байдлаар баян орнуудад ажилласан цагаач нар нутаг руугаа 406 тэрбум ам.доллар явуулжээ. Эндээс манай хойд хөршид ажил хийсэн узбек цагаачид хоёр тэрбум, тажикууд 1,4 тэрбум ам .долларыг, киргиз, украйн, армен, азербайжанууд ойролцоо хэмжээний мөнгө гээд нийт 10 тэрбум орчим ам.долларыг нутаг руугаа явуулсан байна.
Зарим нь анхнаасаа ажил хийхгүй, цагаачдад зориулсан халамжийн мөнгө авах гэж орж ирдэг аж. Жишээлэхэд, цыгануудыг хаа явсан газар нь ажил хийх сонирхолгүй, халамж, жижиг хулгай дээрмээр гол зогоодог хүмүүс гэж буруутгадаг. Үнэгүй байранд суулгаад хэл заая, ажил идэвхтэй хайгаад өөрийн хөлсөөр амьдар гээд байхад л ажил хайдаггүй, зөвхөн халамж авч, гуйлга гуйн амьдрах гэдэг гэж буруутгадаг. Цыганууд Румын, Унгар, Болгар гэх мэт улсад амьдралын нөхцөл хүнд, уугуул иргэдийн харилцаа тааруу, халамжийн мөнгө бага болохоор илүү сайн нөхцөл, хайн Франц, Герман, Их Британи гэх мэт улсыг олноор зорих болсон. Энэ халамжийг нь төлөх гэж уугуул иргэдэд зарцуулах ёстой байсан мөнгөнөөс хасдаг гэж баян орны сонгогчид бухимддаг тул цыгануудыг албадан гаргах кампанит ажил эхлүүлсэнд гайхах зүйлгүй.
Байгаа улсынхаа түүх, хэл, соёлыг үл тоон доромжилж, хүлээн авахаас татгалздаг гэсэн зэмлэл ч олон ирдэг. Лалын шашинт улсаас орж ирж буй цагаачид гол төлөв ийм хэргийн эзэн болдог. Нигериэс орж ирсэн хоёр цагаач Лондон хотын гудамжинд гэмгүй явж байсан цэргийн албан хаагчийг хутгалж алаад “ Британийн цэргүүдэд алагдсан лалын шашинтнуудын өмнөөс өс авлаа” гэж байсан нь үүний жишээ. Нутагт нь амьдарч байж хэлийг нь мэддэггүй гэсэн зэмлэл хамгийн түгээмэл. Эдийн засаг өсөлттэй, уугуул хүн амын амьдралын төвшин өндөр үед онц ноцтой хэрэг л гараагүй бол эдгээр таагүй зүйлс тухайн улсын олон нийт, улстөрчдийн анхаарлыг татаад байдаггүй. Харин тухайн улсын эдийн засаг санхүү хямран хэцүүдээд ирэхээр л байдал эрс өөрчлөгддөг.
Өөрчлөгдөхөд олон үйл явц тухайн улсад харьцангуй богино хугацаанд болно. Хямралын үеэр том, жижиг олон зуун компани дампуурч хэдэн мянган уугуул иргэн ажилгүй болно. Дампууралгүй үлдсэн компаниуд их хэмжээний цомхотгол хийж, ажилгүйчүүдийн тоог нэмдэг. Засгийн газраас зардлаа багасгахын тулд жирэмсэн эмэгтэйчүүд, оюутны тэтгэлэг, хүүхэд, хөгшдөд олгодог нийгмийн халамж, төрийн албан хаагчдын цалинг хасна. Үүнээс болж зээл төлөх чадвар буурч, хүмүүс өмч хөрөнгөө хураалган, зарим банк дампуурч тэнд хадгаламжтай байсан хүн орон гэргүй, цалингүй болно. Үүнийг дагаад нийгэмд асар их бухимдал бий болоход улстөрчид тэр бухимдлыг зайлуулах гэдэг том ажилтай тулгардаг.
Ингээд л ард олны дунд хэт үндсэрхэг, явцуу үзлийг дэвэргэх замаар үндэсний цөөнх, суурьшмал иргэд эсвэл цагаачдад бүх бурууг тохож эхэлнэ.
Дэлхийн нэгдүгээр дайны дараа Германд болсон эдийн засаг, санхүүгийн гүн хямралын үеэр Гитлер бүх бурууг цагаачдын үр удам болох еврейчүүдэд тохсон нь үүний сонгодог жишээ. Өнөөдөр ч байдал давтагдаж магадгүй тухай олон судлаач анхааруулсаар. Франц, Норвеги, Австри, Герман, Дани гэх мэт олон оронд дэлхийн хоёрдугаар дайны дараа нэр хүнд нь асар их унаж, нэрнээс цаашгүй явсан хэт барууны, явцуу үзэлт намууд “Цагаачдын асуудлыг шийднэ”, “Цагаагчдыг оруулж ирэхийг хориглоно”, “Хууль бус цагаачдыг үлдэн хөөнө” гэх уриан дээр дөрөөлөн өнөөдөр парламентад суудалтай олон мянган дэмжигчидтэй улс төрийн том хүчин болж хувираад байгаа. Гэтэл цагаачдыг бага цалинтай ажил хийж ажлын байр булаалаа, цалингаасаа татвар төлөлгүй нутаг руугаа явууллаа гэж хөөгөөд ч тухайн улсын асуудал шийдэгдэхгүйд хэргийн гол залгилаа байна.
Баян орнуудын баячууд аль болох бага татвар төлөх эсвэл бүр татвар төлөхгүйн тулд офшор бүсүүд рүү их хэмжээгээр мөнгө гаргадаг нь Кипрт болсон санхүүгийн хямралын дараа дэлхийн нийтийн анхаарлыг татаж байсныг уншигч та санаж байгаа байх. Эдгээр баячуудын хуулийн цоорхойг ашиглан албан ёсоор хилийн чанад руу бултуулсан мөнгөний хажууд цагаачдын хууль бусаар гаргасан мөнгө юу ч биш. Орост гэхэд л баячууд нь өнгөрсөн жил Швейцарь зэрэг орны банкны дансанд хамгийн багаар бодож 130 тэрбум гаруй ам.доллар хийсэн байна.
Цаашилбал, хууль бус цагаачлалыг өөгшүүлэгчид нь баян орны зарим компанийн эзэд өөрсдөө байдаг. Аль болох бага зардлаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, барилга бариулахын тулд гадаадын хямд ажлын хүч буюу хууль бус цагаачдыг ажиллуулах сонирхолтой. Уугуул иргэдээ ажиллуулахад цалин өндөр, нийгмийн даатгал, татвар суутгал төлөх хэрэгтэй болдог.
Баян орнуудын хууль хяналт, орон нутгийн захиргааны байгууллагын авлигад автсан хэсэг ч хууль бус цагаачлалтай багагүй холбоотой байдаг. Үндэсний онцлогоор бүрдсэн гэмт хэргийн бүлэглэлүүдийг хүний наймаа хийх, хил давуулан олон хүн оруулж ирэхэд хуулийн байгууллагад холбоо сүлбээ байхгүй бол тун хэцүү. Өрнөдийн орнуудын өндөр цалин авдаг хууль хяналтын байгууллагынханд цагаан чулуу атгуулснаар аргалах боломжгүй тул том сүлжээ үүссэн тухай цөөнгүй яригддаг. Өнгөрсөн жил Испанид Хятадын мафид хүний наймаа хийх, тэрбум 200 сая еврог угаахад тусалсан хэргээр төрийн албаны хэд хэдэн хүн баривчлагдан том дуулиан дэгдэж байсан.
Баян орнууд, олон улсын байгууллагаас хууль бус цагаачлалыг урсгалыг нутаг дээр нь хаахын тулд гол эх үүсвэр болдог орнуудад амьдралын төвшнийг сайжруулах, ажлын байр бий болгох янз бүрийн төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийдэг ч “товарищууд” дийлэнхийг нь халааслаж аваад буцаад баян орны банкны дансанд хийчихдэг. Үлдсэн хэдээр нь өөдтэй амьдрах боломжгүй болохоор гадаад руу явах нь хамгийн зөв арга гэж санагдах нь зүй. Тэгэхээр хууль бус цагаачлалын гол буруутнууд нь улсаа хөгжүүлэхийн оронд хэтэвчээ зузаалаад ард иргэдээ сайхан амьдрал хайж өөр улсад ажил хийхээс өөр аргагүй байдалд хүргэдэг хүмүүс аж.