Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Гэгээн муза” энэ жил хэнийг ивээх бол

Драмын урлагийн шилд­гийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадмыг арван нэг дэх жилдээ зохион бай­гуу­лахад бэлэн болж, нэр дэвшигчдэд батламж гардууллаа. Урлагийн охин тэнгэр Музагийн ивээлд хэн багтсаныг тодруулдаг энэ наадам жил бүр өөрийн гэсэн онцлогоо харуулдаг. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Дэлхийн театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд зохион байгуулагдаж уламжлал болоод байсан наадмыг хоёр жилдээ нэг удаа тавдугаар сарын эхээр хийж байхаар болсон.
Арван жилийн ой нь тохиож буй Музад хошин урлагийнхан өрсөлдөж, ганц хүний жүжгийн төрөл нэмэгдсэн гээд нэр дэвшигчдийн хүрээ улам өргөжжээ. 80 гаруй уран бүтээлч 21 жүжгээр дөрвөн төрөлд өрсөлдсөнөөр хамгийн олон нэр дэвшигчтэй наадам болох нь. 

Өнгөрсөн жилээс шинээр нэмэгдсэн “Нэг хүний жүжгийн төрөл”-д зочин шүүгчээр АНУ-ын Төрийн департментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюссер Элизабет Хесс, “Драмын жүжгийн төрөл”-д ОХУ-ын шилдэг залуу арван найруулагчийн нэг Тувагийн найруулагч Сюзанна Ооржик нар ажиллахаар болжээ. Мөн энэ удаагийн наадмаас эхлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд экспертийн баг ажиллах гэнэ. Энэ багт ССАЖЯ, дэмжигч байгууллагууд болон орон нутгийн театрын төлөөлөл багтжээ.
УДЭТ, орон нутгийн цөөн хэдэн театрын дунд өрнөдөг байсан өрсөлдөөн улам өргөжин тэлж энэ жил гэхэд “Х-Түц”, “Классик мюзикл” продакшн, “Black box” театр,  ӨМӨЗО-ны Ордос үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэн, ҮДБЭЧ, “Гацуурхан” театр зэрэг өрсөлдөгч нэмэгджээ. УДЭТ-ын хувьд өнгөрсөн жилийн сор бүтээлүүдээ Музад сойж байна. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн оргил “Кихот ноён” жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулан тавьсан бол “Норовын намтар” хүүхдийн жүжгийг  Ч.Түвшин найруулсныг нэр дэвшүүлжээ. Харин УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын “Эцсийн зогсоол зөвхөн чи” бүтээл энэ удаагийн Музад нэр дэвшсэнгүй.
Энэ жилийн Музагийн “Драмын жүжгийн төрөл”-ийн номинацын хамгийн хүчтэй өрсөлдөгч бол “Х-Түц” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжиг. Хайр гэж хүн төрөлхтний мөнхийн сэдвийг өөр нэгэн өнцгөөс нь нээсэн энэ жүжиг тоглох бүртээ үзэгчээр дүүрэн байсан.

Тайваний алдарт зохиолч бүсгүй Цион Яогийн бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгийг Монголд анх удаа тайзнаа тавьсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Энэ бүхэн өнгөрсөн жилийн “Гэгээн муза” наадмын шилдэг жүжгээр шалгарсан “Эсрэг дурлал” жүжгийн найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн хүч гэдгийг “Х-Түц” продакшныхан хүлээн зөвшөөрдөг. Хошин урлагийн төрөл жанраар уран бүтээлээ түлхүү хийдэг ч үе үе драмын дорвитойхон бүтээл гаргачихдаг энэ хамт олонд үзэгчид  найдлага тавьж байна.
Драмын жүжгийн төрөлд дээрхээс гадна дөрвөн жүжиг нэр дэвшиж байгаа. Хувийн театрын үйл ажиллагааг таниулж, модерн жүжгийг үзэгчиддээ хүргэдэг ганц газар нь болоод байгаа “Black box” театрынхан энэ удаагийн Музад “Сандлууд” бүтээлээ сойж байна. Харин гадаадын театраас Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл” жүжиг өрсөлдөх нь. Энэ төрөлд “Хувьсал” продакшны “Хайр” жүжгийг өрсөлдөх болов уу хэмээн үзэгчид сураг тавьж байсан ч дэвшсэнгүй.

Манайд драмын урлаг хөгжиж байгааг олон зүйлээр гэрчилж болно. Тэдний нэг нь дуулалт жүжгийн төрөлд өрсөлдөгчид гарч ирсэн явдал. Дуулах, жүжиглэхийг хослуулах авьяастай жүжиг­чин  ховор. Бас хөгж­мийн урлагийг жүжиг­лэлт­тэй уялдуулах чадварлаг най­руулагч ч цөөн. Тэгвэл энэ жи­лийн Музагийн дуулалт жүжгийн төрөлд таван жүжиг өрсөлдөж байгаа нь драмын урлаг хэдэн шатаар ахисны баталгаа болж байна.

Энэ төрлийн өрсөлдөөн хамгийн ширүүн байна гэдэгт “Гэгээн муза” академийн хамт олон итгэж байгаа. Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”, Дорнод аймгийн ХДТ-ын бүтээл “Ван хүний үр”, Увс аймгийн ХДТ-ын бүтээл “Ээрэн хүрээ” жүжгээс гадна өнгөрсөн жил бас л үзэгчдийг байлдан дагуулсан “Классик мюзикл” продакшны бүтээл “Ромьео Жулетта” дуулалт жүжгүүдийг өрсөлдүүлэх нь. Өрсөлдөөнийг хурцлахаар ӨМӨЗО-ны Ордос үндэсний дуу бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” дуулалт жүжиг ч бас нэр дэвшсэн байна.

Драмын урлагийн номи­на­цуудаас хамгийн хэцүү төрөл бол хүүхдэд зориулсан бүтээл. Учир нь, тэр бүтээлийн чанар чансааг үзэгчид нь ядах юмгүй тодорхойлчихдог. Сүүлийн жилүүдэд хүүхдэд зориулсан бүтээл дутмаг байгаагаас гадна үндэсний баатрыг бий болгох зайлшгүй шаардлагаас үүдэн энэ төрлийн уран бүтээл театрынхны хүчийг сорьж байна. Энэ жилийн “Гэгээн муза” наадмын хүүхдийн жүж­гийн төрөлд дөрвөн бүтээл өрсөлдөнө. УДЭТ-ын бүтээл Ч.Түвшингийн найруулсан “Норовын нам­тар”-аас гадна ҮДБЭЧ-ын бү­тээл “Эрх цагаан унага” дуу­лалт хүүхдийн жүжиг, Сүх­баатар аймгийн “Жаахан шарга” театрын “Муурын байшин” жүжиг, мөн Латиф агсны хүү Л.Нурбуланы “Га­цуур­хан” театрын “Чоно ба долоон ишиг” жүжиг хүч сорих юм байна.

Хамгийн олон нэр дэвшигчтэй номинац бол өнгөрсөн жилээс Музад бууриа зассан нэг хүний жүжгийн төрөл. Энэ төрөлд өнгөрсөн жилийн наадамд “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ нэр дэвшсэн УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан “Тэнгэрийн аялгуу” нэг хүний дуулалт жүжгээрээ өрсөлдөх аж. Түүнтэй Монголын дөрвөн уран бүтээлчээс гадна Тува, Сербийн жүжигчид хүчээ сорих гэнэ.
Эрийн гурван наадмын бөхийн барилдаан даваа өгсөх тусам сонирхолтой болдог шиг энэ жилийн “Гэгээн муза” наадмын авьяас, ур чадвар нь эн тэнцүүхэн, нэр дэвшигчдийн өрсөлдөөн ч үзүүштэй болох биз ээ. Харин Зевс бурхны охин Музад хэний ямар бүтээл ивээгдэх нь энэ сарын 19-нд тодорхой болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан