Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрхийн эмнэлгүүд шинэ автомашинтай болж, Гурвантэс сум өнгөт эхо аппараттай боллоо

Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар тавигддаг. Тиймээс ч сүүлийн жилүүдэд энэ салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийсээр байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Даланзадгад сумын өрхийн гурван  эмнэлэг автомашинтай болсон бол Гурвантэс сумын эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий өнгөт эхо аппараттай боллоо.

Энд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг “Шим билэг”, “Энхийн хүслэн”, “Өнө-Орших” өрхийн эмнэлэгт эдгээр автомашиныг гардуулан өгсөн юм. Хүн ам өсөн нэмэгдэж байгаа Даланзадгад сумын хувьд иргэддээ хүрч үйлчлэхийн тулд өрхийн эмнэлгийн чанар сайн байх ёстой. Тиймээс орон нутгийн төсвөөр гардуулан өгсөн энэхүү автомашиныг үйл ажиллагаанд ашигласнаар томоохон хувь нэмэр болж байгааг ч эмч нар хэлж байна. Эдгээр автомашиныг “Эрүүл мэндийн шинэчлэл” хөтөлбөрийн “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлж байгаа бөгөөд 54 сая төгрөг зарцуулжээ.

Мөн энэ үеэр Гурвантэс сумын Хүн эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий 3D, 4D өнгөт эхо аппараттай боллоо. Гурвантэс сум сүүлийн жилүүдэд уул уурхайг даган хүн ам өсөн нэмэгдэж түүнийг даган эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлага тулгарч байна. Тиймээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 120 сая төгрөгийн үнэ бүхий өнгөт эхо аппаратыг аймгийн Засаг дарга гардуулан өгсөн байна. Шинэ тоног төхөөрөмжтэй болсондоо талархаж байгаагаа сумын Засаг дарга болон эрүүл мэндийн байгууллагынхан хэлж байлаа.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан