Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сорьцгүй ээмэг бөгжийг хууль бус бараанд тооцдог
Агаарын тээврээр зорчиж, Буянт-Ухаа гаалийн газраар үйлчлүүлж буй иргэд мэдэхэд илүүдэхгүй санамж:

-Зорчигч та хилийн хяналтын байгууллагаар үйлчлүүлэхдээ бүгдийг нь гаалийн ажилтан гэж өрөөсгөл ойлгох тохиолдол бий. Иймд гаалийн ажилтны дүрэмт хувцас, таних тэмдгийг ялган харж үйлчлүүлээрэй. Хэрэв зорчигч та авч яваа бараандаа эргэлзэх эсвэл тодруулах шаардлагатай бол гаалийн байгууллага, гаалийн ажилтнаас сайтар лавлаж, заавар зөвлөгөө авч байх нь эрсдэлээс сэргийлэх сайн талтайг анхаараарай.

-Та Монгол Улсад болон гадаадад зургаан сараас урт хугацаагаар сурч, ажиллаж байсан бол хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүр нэгээс дээшгүйг улсын хилээр татваргүй нэвтрүүлэх эрхтэй.

-Гуравдагч этгээдэд дамжуулах хүний дайвар ачааг авахдаа хайхрамжгүй хандсанаас болж хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, буу сум, химийн хортой бодис гэх мэт хориглосон, хязгаарласан барааг хилээр нэвтрүүлснээс өөртөө болон бусдад нөхөж баршгүй хохирол учруулдаг. Жишээ нь, манай иргэд ашиг хонжоо хайх, өөрсдийн анхаарал болгоомжгүй, гэнэн байдлаасаа болж хүнд ашиглуулж гэмт хэрэгт холбогдож байна.

-Зорчигч та 15 сая төгрөг болон түүнээс их хэмжээний валют биедээ бэлнээр авч яваа тохиолдолд гаалийн мэдүүлэг буюу декларацид заавал бичиж, гаалийн улсын байцаагчаар баталгаажуулах шаардлагатай. Үүнийг үл тоосноос болж иргэд хилийн чанадад их хэмжээний мөнгөө хураалгах тохиолдол гардаг.

-Олон улсын жишигт онцгой албан татвартай бараа болох янжуур тамхийг 200 ширхэг буюу хоёр блокоор хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Энэ жишгийг зөрчсөн хоёр монгол иргэн Франц, Ирланд улсад нэвтрэхийг завдаад хуулийн хариуцлага хүлээж, шоронд ял эдэлжээ.

-Үйлдвэрийн аргаар боловсруулаагүй алт, мөнгө, үнэт металл, чулуу, эдгээрээр хийсэн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарладаг. Тодруулбал, иргэд хүний гар дээрээс  худалдаж авсан сорьцгүй ээмэг, бөгж, зүүлт, олборлосон байгалийн байдлаараа буй цул алт, мөнгө бусад металл, үнэт чулууг хууль бус бараанд тооцно.

-Зорчигчийн эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрэх зөвшөөрөл олгодог. Улсын эмийн бүртгэлд ороогүй, нэр хаяг тодорхойгүй, стандартын дагуу савлаагүй, эмийн зүйлийг хилээр нэвтрүүлдэггүй. Тухайлбал, зарим тариа, тарилгын шингэний орц найрлагад хориотой эсвэл орц ихтэй сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан байдгийг шинжилгээгээр илрүүлжээ.

-Иргэн хилээр явахдаа хувийн хэрэглээнд байнга ашигладаг нөүтбүүк, зургийн аппарат, видео камер, дуран, хөгжмийн зэмсэг зэргийг декларацид тэмдэглэн гаалийн байцаагчаар баталгаажуулснаар аль ч орны хилээр саадгүй нэвтрүүлэх болно. Хэрэв тэмдэглэлгүй бол зарим улсын гаальд дээрх зүйлийг хураах эрсдэлтэй.

-Хэрэв иргэн хилээр их хэмжээтэй, арилжааны шинж чанартай гэдэг нь мэдэгдэхүйц бараа нэвтрүүлж байгаа бол зайлшгүй татвар, хураамж төлөх ёстой.

-Биеэс тусдаа явуулсан ачаа, тээшинд зорчигчийн гаалийн мэдүүлгийг хоёр хувь бичиж, гаалийн байцаагчаар баталгаажуулан хийх шаардлагатай. Энэ нь хожим таны бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл баримт бичиг болдог тул мартаж болохгүй.

-Газрын хөрсний дээж, чулуулаг авч явах бол шинжилгээний дүгнэлт гаргуулж, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн байх шаардлагатай.

-Өв залгамжлалаар авсан эд зүйлсийг хил давуулах бол холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, декларациар баталгаажуулна. Эргэн орж ирэх үед тань дээрх декларацийг баримт болгон үздэг.

-Засварлуулахаар авч яваа болон буцаан оруулж ирж байгаа бол түүнийг гаальд мэдүүлэх үүрэгтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан