Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Зуучлагч” нь зувчуулагч болдог уу?

Хилийн томоохон боомтуудад гаалийн зуучлагч байгууллага ажилладаг. Энэ нь бараа бүтээгдэхүүн импортлогч иргэн, байгууллагын өмнөөс “гүйж” ажлыг нь амжуулах эрх зүйн зохицуулалттай. Гэвч тэд одоогоор мэдүүлэг бөглөж суухаас цаашгүй болсон тул тэдний араар хууль бус үйлдэл гаарч буйг холбогдох албаныхан шүүмжилдэг юм. Хувийн зуучлагч-хувь унагадаг луйварчид Замын-Үүд дэх гаалийн газарт хамгийн амь бөхтэй, өргөн бүрэлдэхүүнтэй “аж төрж” суугаа аж. Албаныхан тэднийг луйварчин гэж хэлэхээс сэтгэл зовоогүй нь бодит байдал хэчнээн хүнд болсныг илтгэх шиг.

Хил давж, гаалийн шалгалтаар орж, урт оочер дарааллыг даван туулна гэдэг тэвчээртэй хүний л хийж дуусгадаг ажил гэж хэлэх хүн цөөнгүй. Ачаалал ихтэй үед хүлээхээс өөр аргагүй, хуультай улс болохоор ёс журмаа дагахаас өөр гарцгүй байлтай. Харамсалтай нь, хуулийг гууль болгож, хулгайн арга төрүүлж, хувь хүн, албан байгууллагыг хуурч, төрийн албан хаагчийг хэлмэгдүүлж, улсын ажил цалгардуулдаг хэсэг хүн байдгийг сийрүүлье.

Иргэн Дондов анх удаа Замын-Үүдээр дайрч наймаа хийжээ. Гэвч тэр таван цүнхтэй ачаагаа ямар дарааллаар, хаана хаана шалгуулахаа мэдэхгүй баахан бажгадав. Буруу газар зогсч хэсэг цаг алдана, бусдын урдуур орж бухимдал төрүүлж бас нэг сандарна. Түүний дэргэдүүр зуучилна, тусална гэх хүмүүс явсаар байсан ч танихгүй хүнд итгэхгүй гэсээр арай хийж гаалийн шалгалт давжээ. Гэвч дараагийн удаа явахдаа зуучлагчаар ачаагаа гаргуулсан нь арай хурдан, бага ядрах юм байна гэсэн бодолтой үлдсэн байна. Хоёр дахь удаа зуучлагчид ажлаа даатгаад өөрөө хөндлөнгөөс харж суулаа. Тэр хүн хаана, ямар дарааллаар явахыг мэднэ, буруу явж будилахгүй амар. Гэтэл татвар дутуу төлсөн, бараагаа нуун дарагдуулсан, буруу мэдүүлсэн нь илэрлээ. Зуучлагч гэх хүн атгаг санаа агуулж, өгсөн мөнгөнөөс нь “бултуулж” завшсаныг гаалийн байцаагч илрүүлсэн байна. Хариуцлага хэн дээр ирэх вэ?

Энэ тохиолдолд барааны эзэн Дондов л торгуулийн 30 хувийг төлж, 15 хувийн татвараа өгөх юм. Харин зуучлагч хөндлөнгийн хүн, бараг л ачааг нь өргөж тусалснаас өөр оролцоогүй болж хувирна. Үнэндээ зуучлагч нь гаалийн байцаагчийг хахуульдах гэж оролдсон, татвараас өөртөө авах гэсэн, барааг дутуу мэдүүлж зөрүү мөнгийг завших гэсэн этгээд байдаг. Ийм үзэгдэл Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт байдаг ч Замын-Үүдэд хамгийн түгээмэл. Учир нь, энэ бүс нь наймаачин иргэд, аж ахуйн нэгж хамгийн олноор зорчдог, импортын 70 гаруй хувийг эзэлдэг том “хаалга”, зуучлагчдын хувьд том зах зээл. Иргэдийг хохироодог, гаалийн байцаагчаар тоглодог, компаниудын нэр хүндийг унагадаг, улсад хохирол учруулдаг тэр луйварчид олон жил ажиллаад сурчихсан. Өдөртөө л 1-2 удаа хил давдаг болохоор гааль хэдийд ачаалалтай байдаг, хэдэн цагийн үед яаж гарвал бараагаа нууж чадахаа мэддэг. Жишээ нь, 17:20 цагт Замын-Үүдээс галт тэрэг хөдөлдөг байтал зориуд 15:00 цаг өнгөрөөж гааль дээр ирдэг. Тэгээд удахгүй вагон нь хөдлөх гэж байгаа зорчигчдоо “Хашгираад бай, суудал явлаа гээд орил” гэж турхираад гаальчид дээр очно. “Та нар ард түмнийг дарамталлаа, хоцроолоо, хохироолоо” гэж шавдуулдаг нь үнэндээ үйлчүүлэгчиддээ сэтгэл зовсных бус харин самгардуулж байгаад бараагаа дутуу мэдүүлэх гэснийх.

Тэд зөвхөн хувь хүнийг хуурч, завшдаг юм биш. Бизнес эрхлэгч, компани, аж ахуйн нэгжийг ч мэхэлж дөнгөнө. Ингэхдээ асуудлыг харьцангуй албан ёсны байдлаар шийддэг. Тодруулбал, компанийн ачаа барааг гаальд мэдүүлэх итгэмжлэл гаргуулж, бие төлөөлөгч нь болчихно. Компани ч өөрсдөө ирж цаг алдаж байхын оронд ямар дарааллаар ажиллахыг мэддэг хүнд хөлс төлөөд ажлаа амжуулах нь ашигтай тохироо тул итгэмжлэлээ дуртай гаргаж өгдөг. Гэвч эхний нэг, хоёр удаа барааг асуудалгүй мэдүүлж ажилласан зуучлагч гурав, дөрөв дэх удаадаа зуучлалд зүгээр суух нь ховор гэнэ. Тэд татварт өгөөрэй гэсэн гурван сая төгрөгөөс нэг саяыг нь өөртөө авахыг хичээнэ. Ингэхдээ гаалийн байцаагч-танилаа авлигадна эсвэл ирсэн барааг дутуу мэдүүлнэ. Гаалийн байгууллагын шалгалт шат дараалалтай үргэлжилдэг тул дутуу мэдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл нь Замын-Үүдэд биш юм гэхэд Улаанбаатарт ирээд ил болдог. Гэвч нэгэнт үйл явдал болоод өнгөрсөн тул хариуцлагыг зуучлагч биш бизнес эрхлэгч, компани өөрсдөө үүрэхээс өөр аргагүй. Тэгээд ч өөрсдөө итгэмжлэхээ гаргасан учраас эрх зүйн хувьд ч гаальчид эсвэл зуучлагчид хариуцлага тооцох үндэслэлгүй юм. Бүх будилаан өнгөрсний дараа зуучлагчийг хэрэгт татах гэхээр “Би юу ч мэдэхгүй. Ийм ачааг мэдүүл гэсэн, би хэлснээр нь ажилласан. Надад хамаагүй” хэмээх тайлбар хийгээд уснаас мөнгөтэй, бас хуурай гарчихдаг.

Хамгийн сүүлийн жишээ нь “Эко констракшн” компанийн зуучлагч нь хувь унагаагч байсан нь батлагдав. Зуучлагч этгээд компанийн эхний ээлжийн барааг ном горимын дагуу мэдүүлж “Эко констракшн”-ы итгэлийг хүлээжээ. Гэвч удалгүй компанийн нэр дээр огт хамааралгүй, хувь хүний бараа мэдүүлж мөнгийг нь авах ажил эхэлсэн аж. Уг төлбөрийг “Эко констракшн” компани төлөх бөгөөд зуучлагч амжилттай завшиж буй юм. Хэрэв холбоо хамааралгүй хувь иргэний ачаа тээшинд хориглосон, хязгаарласан бараа орсон байвал торгууль, төлөөсийг “Эко констракшн” үүрэх болно. Нэгэнт гэрээ хийсэн, үндсэн ажилтан биш учраас зуучлагчид хариуцлага тооцох ямар ч боломжгүй, ядаж л ажлаас хална гэх бололцоогүй. Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Ц.Гэндэнцэвээн, Гаалийн зөрчилтэй тэмцэх хэлтсийн дарга П.Нарандалай нар аж ахуйн нэгжүүд үүнээс сэргийлэхийн тулд өөрийн бие төлөөөлөгч, худалдааны ажилтнаа Замын-Үүдэд томилдог байх эсвэл гаалийн зуучлагч байгууллагад хандаж, шаардлага тавьж бүрэн утгаар нь ажиллуулахыг зөвлөсөн юм.

Замын-Үүдэд зуучлагч нэрээр зүгээр сууж байгаад бусдыг “мөлждөг” 20-иод иргэн байдаг гэнэ. Тэднийг гудамжаар сэлгүүцэж, вокзалаар тэнүүчилж явсныг хэн бүр андахгүй, хэзээ ч компанийн бие төлөөлөгч болохооргүй нэгэн гэдгийг мэднэ. Гэвч цаад компани нь өөрөө эрх зүйн хувьд баталгаатай баримт, тодорхойлолт илгээгээд дээр нь нөхөр А-гийн нэрийг дурайтал бичээд, тамгалчихсан болохоор хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Яг үнэндээ тэд хялбар арга эрж, түүндээ ороогдон хууртаж байгаагаа анзаардаггүй. Зуучлагчаас болж зөвхөн иргэн, аж ахуйн нэгж хохирдог уу гэвэл үгүй. Эцсийн дүндээ улс хохирч буйг мэргэжилтнүүд онцолдог. Тодруулбал, хил гааль дээр ямар нэг сиймхий ашиглан барааг нь нуун дарагдуулж чаджээ. Гэвч гүний шалгалт, цагдаа, тагнуулын түвшинд хэрэг илэрч л таараа. Тэр ч бүү хэл байгууллагын агуулах дээр шалгалт хийхэд бүх зүйл ил тодорхой болж, ширхэг зүү ч үлдэлгүй бүртгэл нь илэрхий болдог. Гэтэл энэ үед гааль дээр асуудалтай, зөрчилтэй байсан нь илэрлээ. Түүнийг эрэн сурвалжилж, мөрдөж, мөшгиж төрийн нэгж ажиллана. Торгуулийн хэмжээ, тооцоо судалгааг ч өөр нэг хүн гаргаж таарна. Энэ мэтээр хий дэмий цаг, ажлаа зарлагадаж байдаг.
Иргэд ч, албан байгууллага ч импортолж буй зүйлээ өөрсдөө мэдүүлэх, оруулахыг эрмэлздэг болсон. Гэвч тэдэнд зуучлагчид санал тавихаа зогсооно гэж байхгүй. Шалсаар байгаад зөвшөөрүүлж чадахгүй үедээ гаалийн байгууллагад “хов зөөдөг” аж. Гэвч энэ нь үнэн байхаасаа бусдыг гүтгэж, хэлмэгдүүлсэн нь элбэг. Яагаад гэхээр өөрөөр нь зуучлуулаагүй, орж ирэх ашгийг нь өгөөгүйд хорсож, хорлохдоо бөөн саад тавьж буй хэрэг. Хориотой, хязгаарласан бараа тэнд бий шүү гэсэн тодорхой мэдээлэл ирсэн л бол гаалийн байгууллага шалгахгүй өнгөрөөх ёсгүй. Гэвч шалгаад шалгаад юу ч илрэхгүй учир бизнес эрхлэгч, иргэд бухимдах нь мэдээж. Түүний дараа цагдаа, тагнуулын шатанд ч мэдээлэл ирсэн гээд шалгана. Энэ бүгд ямар ч тэвчээртэй хүнийг залхаах нь ойлгомжтой бөгөөд дараагийн удаа зуучлагчаар л дамжуулъя гээд бууж өгөх хандлагад хүргэдэг байна. Гэвч нэг дайсантай тэмцэж буй хоёр тал нэгдэх ёстой. Замын-Үүд дэх гаалийн газрын дарга бизнес эрхлэгчдэд “Боломж л байвал гаальд өөрсдөө бараагаа мэдүүлээрэй” гэж хэлдэг. Ямар хүндрэл байна, бид тусалъя, нүүр тулъя ч гэх болж. Дундаас нь худлаа хэлж, зүгээр суугаад л мөнгө завшдаг луйварчидтай хийх тэмцэл хоёр тал нэгдэж байж л амжилт олно гэж тэрээр хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан