Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

РЕНТГЕН ТОНОГООС ИЛҮҮ ЭРЭЛЧ НОХОЙ

Гэр хорооллын дунд нэгэн том хашаанаас нохойн дуу тасрахгүй. Заримдаа дуу дуугаа авалцан зэрэг хуцна. Энэ бол олон нохойтой айл биш харин Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хөдөлгөөнт хяналтын сургалтын төв. Өөрөөр хэлбэл, эрэлч нохдыг сургадаг газар юм. 21 жилийн өмнө байгуулагдаж байсан энэ алба өдгөө эрэлч нохой хариуцсан гаалийн улсын 33 байцаагчтай, 43 нохойтой ажиллаж буй. Эхэн үедээ долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр ноос ноолуур, ангийн арьс, түүхий эд, ховор амьтны эд эрхтэнг улсын хилээр оруулахгүй, гаргахгүй байх зорилгод хөтлөгдөн зүтгэж. Гэвч хожим хар тамхи, мансууруулах бодис, эмийн хориотой бараа, хязгаарласан бусад бүтээгдэхүүн бий болсон нь эрэлч нохдын хийх ажлыг нэмсэн аж. Одоо тэд найман төрлийн тэсрэх бодис, найман төрлийн мансууруулах бодис илрүүлэх чадварт нохдоо суралцуулсан. Хил хамгаалах, цагдаагийн эрэн сурвалжлах гэхчлэн ижил төрлийн эрэлч нохой бэлтгэдэг төрийн албадаас хамгийн мундаг нь гаалийнх гэнэ. Учир нь, тэд Монголд байхгүй бодисын дээжийг авчирч ноходдоо үнэртүүлэн сургаснаас гадна байцаагчид нь хилийн чанадад цөөнгүй оронд сургалтад хамрагдсан байдаг.

Улсын хэмжээнд хил болон гүний гаалийн 18 боомтоор тархан ажиллаж буй ноход, сургагч нарыг хоёр жил тутамд бэлтгэл, сургуульд хамруулдаг. Зуны дэлгэр цагт бүх нохойгоо сургалтад хамруулж, үнэрт суралцаж, чадвараа баталгаажуулах үед нохойн наадам болж байгаа мэт харагддаг тухай тус төвийн дарга Б.Наранбадрах ярилаа. Онгоц, галт тэрэг, автомашины эд анги, хана, дугуйн дотор хориглосон, хязгаарласан бараа нуух нь элбэг тул нохдоо ханын шүүгээнээс эд зүйл олох, хүний ачаа тээшнээс хориотой бараа илрүүлэх дадлага хийлгэдэг.

Дэлхийд эрэлч нохойн сургалтад немц овчарк, лабрадор, кокор спанел үүлдэр толгой цохидог гэнэ. Гэвч манай орон шиг эрс тэс уур амьсгал, сэрүүн хуурай нөхцөлд овчарк шалгарсан нохой тул гаалийн 18 газар, хороо тэр чигтээ овчаркаар дагнасан аж. Харин энэ жилээс лабрадорыг нутагшуулан, дасан зохицуулахаар хичээж дасгаж эхэлсний анхдагч нь Лаки нэрт нохой юм. Америк, Японд хамгийн түгээмэл ашигладаг эрэлч лабрадор манай улсад зургаа бий, япончууд хүний биед нуусан хориотой барааг илрүүлэхэд хамгийн сайн ажиллаж байгаа учир тэдний арга, туршлагыг нэвтрүүлэхээр болжээ. Цаашид мансууруулах бодис, тэсрэх бодисыг рентген аппарат, төхөөрөмж гэхээс илүү нохойгоор илрүүлэхийг тус төвийнхөн зорилго болгожээ.

Яагаад лабрадор нохойг онцолж буйг лавлавал “Маш их хөдөлгөөнтэй, идэвхтэй нохой учраас үр дүн сайтай” гэж Б.Наранбадрах дарга хэллээ. Үнэхээр нохой төрөлхийн үнэрч амьтан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэд хүний үнэрлэх чадвараас 7000 дахин нарийн үнэр ялгадаг. Нэг дор 27 үнэрийг нэг бүрээр нь ялган таних чадвартай учраас эрлийн ажиллагаанд ашиглаж буй нь үнэхээр нүдээ оносон ажил. Дэлхий дахинд эрэлч нохойн алба нэгэн ижил бэлгэдэлтэй. Тэр нь “К9” хэмээх код. Англиар “KaNine” хэмээн уншаад “канайн алба” буюу нохойн алба гэдэг утгыг олон улсад илтгэдэг.

Эрэлч нохой хэрхэн “ухаалгаар” ажилладаг вэ

Үнэн хэрэгтээ нохой хортой хориотой бараа, мансууруулах, тэсрэх бодисыг хайж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Түүнийг сургахын тулд эхлээд бөмбөгөөр тоглуулж, донтуулдаг. Сургагч тухайн бөмбөгөө шидвэл хөөж олоод авч ирнэ, өргөвөл үсрээд үмхэнэ. Түүний толгойд зөвхөн бөмбөг л эргэлдэх. Ийнхүү рефлекс тогтоогоод хар тамхи, тэсрэх бодисын үнэрийг бөмбөгний хамт хоногшуулж өгдөг аж. Нэг үнэртүүлнэ, дахиад үнэр өгнө. Тэр үнэрийг андуурахгүй, мартахгүй болтол нь сургана. Нэгэнт мэддэг болсон үнэрийг зорчигчдын тээш, импортлогчдын бараанаас эсвэл тээврийн хэрэгслээс хайж яваад олвол хариу үйлдэл үзүүлнэ. Урьд нь, ноход хуцах, маажих, самардах зэргээр хариу үйлдэл үзүүлдэг байсан бол Лаки зүгээр л суучихдаг. Энэ нь, машины эд ангийг зурж гэмтээхгүй биедээ хориотой бараа авч яваа иргэнд халдахгүй байх сайн талтай.

Эрэлч  ноход ажлаа хийж байхдаа өөрийнхөө бөмбөгийг л олно гэж сэтгэдэг гэнэ. Ингэхдээ бөмбөгтэй хамт үнэрлэж дадсан найман төрлийн мансууруулах бодис, найман янзын тэсрэх бодис болон бусад хориотой барааны үнэрийн аль нэгийг үнэртвэл түүнийг бөмбөгөө оллоо гэж санадаг аж. Түүнчлэн нохой аливаа зүйлийг хардаггүй юм байна. Ердөө бүрсгэр, саарал дүрс мэдэрдэг хэмээн сургагч нар хэллээ. Өөрөөр хэлбэл, нохой хамаргүй бол “сохорсон” гэсэн үг юм.
Байгалийн жамаараа нохой 15 жил хүртэл наслах чадвартай. Гэвч гаалийн ноход албандаа найман жил зүтгэдэг. Учир нь, цагийн хоолтой, амрах зав багатай, хоёр цаг тутам шинэ үнэр хайж ажилладаг, хоёр жил болоод сургалтад хамрагддаг хуваарьт ажилтай учраас амьдралынх нь хэмнэл бүхэлдээ өөрчлөгддөг хэрэг. Хэрэв дулаан гэрт, хүссэн үедээ хоол идээд, дуртай цагтаа салхинд гарч амраад байсан бол эрэлч ноход 15 жил наслах байж.

Нохой цэвэр цусны байх тусам сургалтын чанар сайжирч, түргэн мартахгүй байх сайн талтай. Сургалтын төвийн хашаанд хамгийн чанга хуцах нэгэн овчаркийг эрэлч нохойн дэлхийн аваргын цэвэр цусны төл гэж танилцуулсан. Эрэлч нохдын ажлын талбайд малын мөгөөрс, цус, яс, шөрмөс зэрэг түүхий эд байршина. Хоолны үнэр байсаар байхад анхаарлаа ажилдаа хандуулж, хайснаа олдог болгоход энэ нь дөхөм гэнэ. Нөгөөтэйгүүр хүний ачаа тээшинд хоол байсан ч түүнд анхаарал хандуулахгүй ажиллахад сургадаг аж.

Эрэлч нохой ихийг хийж байгаа ч түүний сургагч нь 99 дахин илүү ажиллаж байж сая амжилтад хүрдэг. Өөрөөр хэлбэл, ажлын 99 хувийг сургагч, нэг хувийг нохой гүйцэтгэснээр 100 хувийн зөрчил, хэрэг илрүүлэх зарчимтай. Дашрамд сонирхуулахад, ГЕГ-ын дарга О.Ганбатын аав Осор гуай Монголын эрэлч нохойн алба бий болоход ихээхэн хувь нэмэртэй ажиллаж байсан юм. Тэр ч утгаараа ГЕГ-аас Хөдөлгөөнт хяналтын сургалтын төвийг багагүй дэмжин ажилладаг болохыг Б.Наранбадрах дарга онцлон ярьж байв. О.Ганбат дарга ч аавынхаа үйл хэргийг залгаж, үргэлжлүүлэх бололцоо олдсонд талархдаг тухайгаа дурсан ярьж байлаа.
0 Сэтгэгдэл
neleed olon tanidag hvn bna. munkhnasan ch ugasa erelch nohoinoosoo barag ilvv hvn l dee. amjilt
Хамгийн их уншсан