Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

160 сая төгрөгөөр төрийн далбааг тэгшлэх шаардлага байна уу

Өрөнд баригдаж, өтөнд идэгдэх нь хэмээн дээр дооргүй гасалж байхад Монголын хамгийн том, өндөр гэх тодотголтой төрийн далбааны шонг засахад 160 сая төгрөг хэрэгтэй гэнэ.
Өнөөгийн  БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн 2008 онд УИХ-ын гишүүн байхдаа өөрийн хөрөнгөөр Төв цэнгэлдэхийн талбайд ёслол төгөлдөр байрлуулсан төрийн далбааны шон он цагийн эрхээр далийж, ашиглалтыг нь хариуцах үүрэг хүлээсэн Хан-Уул дүүргийнхний “шүдний өвчин” болсон аж. Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөлгөөний үеэр хөндөгдсөн эл далбааны талаар Хан –Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг “Монголын хамгийн өндөр, том төрийн далбааг бид энэ жил гурван удаа сольсон. Харин шон нь таван жилийн дараа гэмтсэн тул хугацаа алдалгүй засах хэрэгтэй байна. Урьдчилсан тооцоогоор 160 сая төгрөг шаардлагатай гэсэн дүн гарсан” хэмээн хотын мэр Э.Бат-Үүлийг арай л тал цус харвуулчихсангүй.

Хотын мэр “Нийслэлд энэ далбааны шонг засах мөнгө байхгүй. Урсгал зардал нь хэтэрхий өндөр байгаа тул Ерөнхий сайдад танилцуулах нь зүйтэй” гэсэн юм. Үнэхээр ч, цэцэрлэгийн нэг жилийн төсвөөс хэтэрсэн өртөгөөр босох төрийн далбааны шонг засч байснаас ирээдүйн хойч болох үр хүүхдийнхээ суралцах, хүмүүжихэд нь хэрэгтэй сүүлийн үеийн тоног төхөөрөмж авахад зарцуулбал илүү нүдээ олсон хөрөнгө оруулалт болох биз. Үгүй ядахад, он цагийн эрхээр элэгдэж хуучирсан сургууль, цэцэрлэгийнхээ нэгэнд нь гайгүйхэн засвар хийчихвэл үр дүнтэй ажил болмоор.

Угтаа, Азидаа хамгийн өндөрт тооцогдох 50 метр өндөр суурьтай, 20 гаруй метрийн өргөнтэй төрийн далбааг залуучуудыг эх оронч болгон төлөвшүүлэхэд “тустай”  хэмээн эрхэм  дарга төрийн түшээ байхдаа Монголын залуучуудын холбоотой хамтран босгосон  түүхтэй. Анх Турк улсад 100 гаруй мянган ам.доллараар захиалан хийлгүүлсэн гэх төрийн далбаан өргөгч моторыг наадмын дараахан урт гартнууд “тоншсон” учраас Бээжингээс 25 сая төгрөгөөр шинэ мотор авчруулан, харж хандах эзэнтэй болгохын тулд харьяа дүүргийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэдэг.
Гэвч дүүргийнхэн   Азидаа хамгийн өндөр, том төрийн далбаатай байлаа гээд сайн нэр дуулахаасаа илүүтэй төсвөө ашиггүй зүйлд зарцууллаа хэмээн зэмлүүлсэн нь олонтаа гэнэ.
Худалч хүнд бараг 170 орчим сая төгрөгийн өртгөөр бүтсэн төрийн далбааг жилдээ гурван ч удаа сольдог байна. Тус дүүргийн сүүлийн гурван жилийн статистик мэдээллийг үзвэл, 2011 онд  төрийн далбааны засвар шинэчлэлд ойролцоогоор 350 мянган төгрөг зарцуулсан бол 2012 онд нар, салхинд элэгдэн урагдсан далбааг хоёр удаа шинэчилэхэд тус бүрт нь 900 мянган төгрөг зарцуулж, засвар үйлчилгээний зардалтайгаа нийлээд 2 сая 573 мянган төгрөг зарцуулжээ. Харин 2013 онд төрийн далбааг гурван удаа шинэчлэхийн сацуу засвар үйлчилгээ гээд гурван сая 250 мянган төгрөг болж. Өөрөөр хэлбэл, жил ирэх бүр төрийн далбааны ашиглалт, завсар үйлчилгээнд зарцуулах төсөв нэмэгдэж ирсэн гэсэн үг.

Шаварт суусан шарын эзэнтэй хүчтэй гэгчээр дүүргийнхээ өмчид бүртгэсэн далбааг арчилж тордох нь зүйн хэрэг. Гэхдээ төсвөөс нь жил бүр  шуналтайгаар “уух” төрийн далбаа эцэс сүүлдээ замбараагүй их тоогоор засвар үйлчилгээ хийх шаардлагатай болсон учраас л хотын даргадаа хандсан нь энэ.
Үнэндээ, жилээс жилд идэх мөнгө нь нэмэгдэж буй төрийн далбааг наадмаас наана амь ордоггүй төв цэнгэлдэхийн талбайд байгуулах нь зөв үү яриа тухайн үед өрнөж байсан. Чингисийн талбай, Ялалтын талбай гээд л нийслэлд мандуулж болохоор бүхий л газрыг судлаад бодоод бодоод бодын шийд дөрөв гэгчээр төв цэнгэлдэхийг сонгосон гэдэг. Гэвч зундаа л хүн, машин багширдаг эл цэнгэлдэх хүрээлэнд байгууллаа гээд сайныг үзсэнгүй, харин ч өлөн нүдтэнгүүдэд удаа дараа өртөн засвар үйлчилгээ хийлгэж байв. Тиймээс дүүрэг, нийслэлийнхээ төсөвт дараа болж буй төрийн далбааг ёслол хүндэтгэлтэйгээр мандуулах ёстой юм бол хотынхоо төвд залбал яасан юм бэ. Социалист нийгэм шиг хүүхэд багачуудын шугам жагсаал, эвлэл пионерт элсүүлдэг шиг улс төр, хүмүүжлийн ажил зохиодоггүй, улс орны байтугай хот дүүргийн дарга эрх мэдэлтнүүд очдоггүй, хүндэтгэл үзүүлдэггүй энэ далбаа үнэхээр хэрэгтэй гэж үү. Тухайн үедээ л бурхан бүтээх, суварга босгохын дайтай өөрийн гэсэн нэр автор бүхий нэг том зүйлтэй болох хүслээр хувь хүний хийсэн зүйл өнөөдөр хэний ч үл анзаарагдам зүйл болчихсон атлаа төрөөс, төсвөөс мөнгө  залгиад байх нь ямар вэ. Эрх мэдэл хүрдэгсэн бол эл төрийн далбааг нар салхинд гандуулан байнга солих гэж татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байснаас үе үе мандуулдаг, хүндэтгэлийн өдрөөрөө хүүхэд залуус, дарга цэрэггүй хүндэтгэл илэрхийлэн төрийн дууллаа эгшиглүүлэн мандуулдаг байя л даа.
Төрд тэрс нэгэн үг хэлэхэд, УИХ-ын гишүүн байсан хүн бүрийн нэр алдраа дуурсгах гэж санаачилсан, барьж босгосон бүхнийг төр хариуцаад хөрөнгө мөнгө гаргаад байх уу. Тэртээх  Увс, Говь-Алтай аймгаас сонгогдож тэндээ нэг жалганд босгоод орхисон суваргыг улс аймгийн төсвөөс хөрөнгө мөнгө гарган засдаггүй л биз дээ.
0 Сэтгэгдэл
Munge ideh l arga yumdaa.
Хамгийн их уншсан