“Улаанбаатар дулааны сүлжээ” компани энэ сарын 15-наас их болон урсгал засварын ажлаа эхлэхээр болжээ. Тус компанийн Инженерийн албаны дарга Э.Батмөнхтэй энэ талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-”Гал алдах” нь хэмээн сандарч байсан ч өнгөрсөн өвөл нийслэлчүүд дулаахан өвөлжлөө. Танай байгууллагын хувьд хэр ачаалалтай ажиллав?
-2013-2014 оны халаалтын улирлыг манай хамт олон хангалттай сайн үнэлгээтэй давсан. Энэ нь, 2013 оны зуны болон улс, компанийн төсөв хөрөнгөөр шугамын өргөтгөл шинэчлэлээ чанартай хийснээр дулааны алдагдал, осол авааргүй өнтэй өвөлжихөд нөлөөлсөн. Дээр нь, цаг агаар харьцангуй дулаан байсан нь ч нөлөөлсөн байх.-Айдгаа авдартаа хийсэн энэ үед их болон урсгал засварын ажил эхэлдэг шүү дээ. “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн засвар үйлчилгээ хэзээ эхлэх вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу орон сууц, айл өрхийн халаалтыг тавдугаар сарын 15-нд хаана. Төвийн халаалтыг шууд хаангуут оны их засварын ажилдаа орохоор төлөвлөж, зохих бэлтгэлээ хангаж байна даа.
-Энэ жил Улаанбаатар хотын аль дүүрэг, хорооллын магистраль шугамуудыг засах вэ. Нэг зэрэг олон газрын халуун ус хаалаа гэж иргэд гомдоллодог л доо?
-Засвар үйлчилгээний графикийнхаа дагуу л хийнэ шүү дээ. Манай компани Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэрэглэгчдэд дулааны эрчим хүч түгээдэг тул засварын ажил зургаан дүүрэгт ямар нэгэн хэмжээгээр хийнэ л гэсэн үг.-Гэхдээ жил бүр л зам болон дулааны компаниуд нэгнийхээ хийсэн ажлыг засвар, үйлчилгээ хийх нэрээр сүйтгэдэг. Замынхан ажилдаа гарсан энэ үед танайх хэр уялдаа холбоотой засвар үйлчилгээгээ хийхээр төлөвлөсөн бэ?
-Бид жил бүр зун хийх засварынхаа ажлын эзэлхүүн, хийх хугацаа зэргийг тодорхойлсон засварын график боловсруулан Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв зэрэг газраар батлуулаад засвараа эхэлдэг. Энэ жилийн хувьд нийслэлийн Авто замын газар, дүүргүүдийн тохижилт үйлчилгээ хариуцсан албан тушаалтан болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүдийг оролцуулсан хурал хийсэн. Энэ үеэр дулааны шугамын засварын ажил хийх цэгүүдийн байршил жагсаалтыг танилцуулж, хамтран уялдаа холбоотой ажиллахаар тохиролцсон. Тиймээс шугам тавих нэрээр тавьсан зам эвддэг гэх яриа гарахгүй байх.-Жилээс жилд нийслэлийн дулааны хэрэглээ нэмэгдэж байна. Энэ хэрээр засварт зарцуулах хөрөнгө мөнгө ч нэмэгдэж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Өнөөдрийн байдлаар манай компанийн эзэмшлийн төв магистраль шугамын 48 хувь нь 30-аас дээш жил ашигласан, ашиглалтын хугацаа нь дууссан. Тиймээс их болон урсгал засварт шаардлагатай хөрөнгийн хэмжээ жил бүр нэмэгдэх нь ойлгомжтой. Дээр нь, инфляцыг тооцвол мөнгөн дүн улам л өснө.
-1970-1980 онд ашиглалтад орсон нийслэлийн гол шугамуудыг шинэчлэн солиход ихээхэн хөрөнгө мөнгө шаардлагатай гэсэн. Энэ жил эдгээр шугамыг засч шинэчилнэ биз дээ?
-Шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг жил бүр улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон компани өөрийн хөрөнгөөр хийдэг. Гэхдээ шугам өргөтгөнө, шинэчилнэ гэдэг тухайн шугамнаас одоо хангаж буй хэрэглээ, цаашид өгөх ачаалал зэргийг тооцдог юм. Өөрөөр хэлбэл, зургийн даалгавар боловсруулах, урьдчилсан төсөв гаргах, улс, нийслэлийн төсөвт суулгах гэх мэт шат шатандаа тооцоо судалгаа, цаг хугацаа, хөрөнгө шаардсан ажил учраас нэг амьсгаагаар бүгдийг шийдэж чадахгүй л дээ. Энэ жилийн тухайд энэ сарын 15-наас 6ж, 5в магистралийн өргөтгөл шинэчлэлийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Үүнээс гадна дулаан хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд хуучирч муудсан, ашиглалтын хугацаа нь дууссан, зайлшгүй солих шаардлагатай шугамыг өөрийн хөрөнгөөр нийт 26 цэгт хэсэгчлэн солихоор төлөвлөөд байна.
-Засвар үйлчилгээнд зарцуулах хөрөнгө нэмэгдэж байгаагаас гадна дулааны станцууд ч өргөтгөл, шинэчлэлээ хийж байна. Тэгэхээр ирэх онд хэр дулаахан өвөлжих бол?
-Энэ жил ДЦС-2 ТӨХК-д хоёрдугаар зуухны шинэчлэлт, ДЦС-3 ТӨХК-д 50МВт-н өргөтгөл, ДЦС-4 ТӨХК-100МВТ-н өргөтгөл шинэчлэл хийж байгаа. Дээр нь, шинээр Амгалан дулааны станцын эхний зуух ашиглалтад орно гэж тооцохоор эх үүсгүүрүүдийн хүчин чадал ойрын жилүүдэд байгаагүйгээр нэмэгдэхээр бүтээн байгуулалтын ажил энэ жил хийгдэж байна. Ингэснээр Улаанбаатар хотын дулаан хангамж өмнөх жилүүдээс эрс сайжирна. Гэхдээ дээрх эх үүсгүүрүүдийн хүчин чадлын өргөтгөлийн үр дүнд бий болох дулааны эрчим хүчний нөөцийг хотын сүлжээнд дамжуулах мөн түгээх шугам сүлжээний хүчин чадал хүрэлцэхгүй байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод буй. Учир нь, шинээр баригдаж байгаа олон барилгыг дулаанаар хангаж чадахгүй нөхцөл үүссэн нь манай компанийн төдийгүй салбарын тулгамдсан асуудал.
-Ирэх онд ч орон сууц олноор баригдах төлөвтэй байгаа. БХЯ, НЗАА-нд ирээдүйд үүсч болзошгүй дамжуулах, түгээх шугамны хүчин чадлын талаар мэдэгдсэн юм уу?
-Манай инженерүүд нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллыг барилгажуулах төсөл зэрэгт холбогдох тооцоо, судалгаа хийсэн л дээ. Энэ хүрээнд ойрын жилүүдэд бий болох дулааны эрчим хүчний эрэлтийг хангахын тулд эх үүсгүүрүүд, дамжуулах сүлжээнд хийх шаардлагатай өргөтгөл шинэчлэлийн ажлуудаа тодорхойлж, холбогдох газруудад саналаа өгсөн байгаа.
-Хэдий жил бүр хийх засварын ажлынхаа хэмжээг нэмсэн ч, дулаан алдагдлыг бууруулахгүй бол нэмэргүй гэж инженерүүд хэлдэг. Энэ талаар ямар ажил хийх юм бол?
-Дулаан алдагдлыг бууруулах судалгаа тооцоог манай инженер техникийн ажилтнууд байнга хийдэг. Тэр байтугай манайд зөвхөн судалгаа, тооцооны чиглэлийн Судалгаа, хөгжлийн алба нэртэй нэгж ч ажилладаг. Судалгааны ажлын хүрээнд орчин үеийн шинэ техник, технологи судлах, турших, одоо ашиглаж байгаа техник технологийг сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэх талаар санал, дүгнэлт, зөвлөмж байнга гаргадаг. Жишээ нь, Улаанбаатар хотын угсармал барилгуудыг жишиг маягаар дулаалж чадвал ДЦС-2–ын үйлдвэрлэж байгаатай тэнцүү хэмжээний дулааны эрчим хүчний нөөц бий болно гэсэн дүгнэлтээ туршилтаар баталгаажуулсан. Мөн дамжуулах сүлжээний алдагдлыг бууруулахын тулд агаараар болон ил явж байгаа шугамын дулаалгыг шинэчлэх, сайжруулахаар жил бүр тодорхой хэмжээний хөрөнгийг засварын ажлын төсөвт суулгадаг болсон. Энэ мэт дулаан алдагдлыг бууруулах олон ажил хийж байна.























