Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр эмэгтэйг хөнөөсөн байж болзошгүй сэжигтнүүд мэдүүлэг өгч эхээлжээ

Хориодхон настай хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, толгойг нь тасдаж, цогцсыг нь газарт булсан аймшигт хэрэг олныг сэртхийлгэлээ. Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд энэ сарын 6-7-нд шилжих шөнө 19 настай Б, 20 настай Х нар амь насаа алдсан хэрэг гарав.  Цагдаагийнхан хохирогчдын хэн болохыг тогтоож, сэжигтэнг шуурхай илрүүлжээ. Олон түмэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Хоёр эмэгтэйг хөнөө­сөн хэргийн сэжигт­нүүдийг шуур­хай баривчилсан гэсэн?
-Энэ сарын 8-нд цагдаа­гийн байгууллагад гэмт хэргийн талаарх мэдээлэл ирсэн. Мэдээллийн мө­рөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, НЦГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газраас ажлын хэсэг гарч хэргийн газарт үзлэг хийлээ. Гурван удаагийн үзлэгээр 61 эд мөрийн баримт олсноо хэргийн нотлох баримтанд хавсаргасан. Өөрөөр хэлбэл, хэргийн газраас олж авсан эдгээр эд мөрийн баримт болон цагдаагийн албан хаагчдын эрэн сурвалжлагын үр дүнд хохирогчидтой хамгийн сүүлд хамт байсан И,З нарыг сэжигтнээр баривчилсан. Үндсэндээ 48 цагийн дотор сэжигтэн З-г Дархан-Уул аймгаас, И-г Улаанбаатар хотоос олж, анхны тайлбар мэдүүлгийг аваад байна.

-Сэжигтнүүд хэргээ хүлээсэн үү?
-Яг хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байгаа И эхэндээ юу ч ярихгүй, мэдэхгүй гэж байсан. Харин олдсон нотлох баримт дээр тулгуурлан мэдүүлэг авахад хэргээ хүлээж эхэлсэн.  Сэ­жигт­нүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дү­гээр ангид хориод, байцааж байна.

-Анхан шатны мэдүүл­гээр хэргийн талаар юу гэж ярьсан бэ?
-Хохирогч сэжигтэн нар тэр өдөр хамт архи ууж, Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд амьдардаг З-гийнд ирээд хоол идсэн гэсэн. Тэгээд И нь хохирогчдыг дагуулж гараад Хар хошуу гэх уулын хажууд очиж архидуулж байхдаа маргалдаж  хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн гэдэг нь сэжигтний мэдүүлэг, хэргийн газраас олдсон эд мөрийн баримтаар тодорхой болж байна. Хохирогчид сэжигтэнтэй нь тэр өдөр сэжигтэн З-гээр дамжуулан танилцсан гэсэн.

-З гэх хүн сэжигтнээр шалгагдаж байгаа ч хэргийг И үйлдсэн гэсэн үг үү?
-Хэрэг гарах үед З гэртээ унтаад үлдсэн гээд байгаа. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тог­тоогдсон ч цаашид шал­гана.

-Хохирогчдын биед хийсэн задлан шинжил­гээний хариу гарсан уу?
-Хохирогчдын биед хийсэн задлан шинжилгээний хариу гараагүй. Задлан шинжилгээний хариугаар согтолтын зэргээс эхлээд бусад зүйл тодорхой болно.

-Хохирогчдын нэгийнх нь толгой олдохгүй байгаа гэх юм. Энэ үнэн үү?
-Хэрэг тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө үйлдэгд­сэн. Цагдаагийн байгууллагад 8-ны 20 цагт мэдээлэл ирсэн. Анх хэргийн газар үзлэг хийхэд цогцос толгойгүй байсан. Ойр орчмын газраар цагдаагийн ажилтнууд гурван ч удаа самнасан. Одоогоор нэг цогцосны толгой олдоогүй байна.

-61 зүйлийн эд мөрийн баримт олсон гэлээ жишээ нь  ямар нотлох баримт байсан юм бол?
-Эд мөрийн баримтад ул мөр, цус, шүлс архины шил, хурууны хээ, хувцас гэхчлэн олон зүйл олдсоныг бэхжүүлж хэрэгт хавсаргасан.

-Сэжигтнүүд өмнө нь хэрэгт холбогдож байсан уу?
-Гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж байгаа И нь 1991 онд төрсөн. Өвөрхангай аймгийн харьяат 2012 оны таван сард Эрүүгийн хуулийн 99.1-ээр /Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ/ нэг сарын баривчлах ял шийтгүүлж байсан гэж өөрөө мэдүүлсэн.

-Хохирогчдын ар гэрийнхэнтэй холбогдсон уу, ямар боловсролтой юу хийдэг байсан юм бол?
-Бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Хэн болохыг нь тогтоосон даруйдаа ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Цаашид шалгах зүйл олон байна. Наад зах нь амь насыг нь хэрхэн хөнөөсөн нь шинжээчдийн нарийн дүгнэлтээр гарч ирэх байх. Тухайн үед хоёр хохирогч, нэг сэжигтэн байсан болохоор одоогоор сэжигтний анхны мэдүүлэг л аваад байгаа. Хохирогчтой маргалдаж, чулуугаар нүүр рүү нь цохиж ухаан алдуулсан. Цогцсыг зөөвөрлөх гэж оролдсон гэхчлэн шалгах зүйл олон байгаа. Тиймээс бүхнийг одоо тодорхой хэлэх боломжгүй.

 Г.ТУНГАЛАГ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан