Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Бид болдоггүй, харин Оросууд яавал ч яаж болно гэхийн учир юу вэ
Оросын нэгэн сайт дээр гарсан мэдээг уншаад өөрийн эрхгүй гайхлаа. Тэр мэдээнд Оросын тал Байгаль нуураас жилдээ 2 сая куб метр ус сордог үйлдвэр барих гэж байгаа тухай дурджээ. Энэ бүхэн Монголын эрчим хүчний аюулгүй байдал, Сэлэнгэ мөрөн ба Байгаль нуурын экологийн асуудал, Монгол Оросын найрсаг харилцаа гээд маш олон хүчин зүйл бүхий тун ч ээдрээтэй асуудал. Яагаад гайхсан тухайгаа цэгцтэй тайлбарлахыг хичээе.

Харь улсаас цахилгаан эрчим хүчний хамааралгүй болох нь монголчуудын нэн тэргүүнд шийдэх ёстой асуудлын нэг яах аргагүй мөн. Нэлээд хэдэн жилийн өмнө гаргасан тооцооноос харахад  Монгол улс хойд хөршөөсөө цахилгаан эрчим хүч худалдан авахад жил болгон ойролцоогоор 25 сая ам.доллар зарцуулдаг гэсэн байх юм. 2010 онд тухайн үеийн ЭБЭХЯ-ны эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэв нэгэн ярилцлагадаа “...эрчим хүчний импортын асуудлаар бид Оросын талтай удаа дараа яриа хэлэлцээр хийж байгаа ч санасан хэмжээний үр дүнд хүрч чадахгүй байна. Оросууд маш өндөр үнэ санал болгож байгаа” гэж. Энэ бол биднийг өөрсдөө цахилгаанаа үйлдвэрлэдэг болохоос өөр аргагүй байдал руу түлхэж буй хэрэг гэж ойлгож болохоор. Тийм ч учраас Монгол Сэлэнгэ мөрөн, Эгийн гол, Орхон гол дээр усан цахилгаан станц барих замаар импортын цахилгаанаас татгалзах арга зам хайхаас өөр аргагүй болсон гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз.

Гэтэл Оросын тал Сэлэнгэ мөрөн түүний цутгалан голуудад усан цахилгаан станц барих нь Байгаль нуурыг ганц хоёр жилийн дотор ширгээд “намаг” болгох аюултай гэж сүржигнэн монголчуудын УЦС-ын төслүүдийг бариулахгүй байх дээр голлон анхаарах болсон. Өөрөөр хэлбэл монголчууд өөрийн нутаг дээрээ УСЦ барихыг ОХУ эсэргүүцсэн. Монголчууд Сэлэнгэ мөрөн, Эгийн гол, Орхон дээр УСЦ барих л юм бол Байгаль нуур юу юугүй хатаад балрах юм гэнэ. Худлаа хэлсэн хүнд бол Дэлхийн цэвэр усны нөөцийн 10 хувийг ганцаар агуулж байдаг, хамгийн том цэнгэг устай нуур болох Байгаль далайг ширгээснийхээ төлөө монголчууд нь Оросын өмнө төдийгүй Дэлхий нийтийн өмнө хариуцлага хүлээж бараг л Нюренбергийн шүүх шиг юм болох гэнэ.

2016 оны тавдугаар сард Оросын Ерөнхийлөгч В. Путин өөрийг нь дэмжигч “Нийт Оросын ардын фронт” нэртэй хөдөлгөөний оролцогчидтой хийсэн уулзалтын үеэр Буриадын сэтгүүлч Татьяна Баженова гэгч Байгаль нуурыг аврах арга хэмжээг нэн даруй авахгүй бол болохоо байж байгаа тухай мэдэгдсэн. Тэгэхэд Ерөнхийлөгч В.Путин “Юун аврах тухай яриад байна вэ. Бид хийж чадах бүхнээ хийсэн” гэж хариултал Баженова монголчууд Сэлэнгэ мөрнийг хааж, Шүрэнгийн усан цахилгаан станц барих бэлтгэл ажлаа эхлүүлсэн, хэрэв ингэвэл Байгаль нуур “конец фильма” гэсэн утгатай тайлбар өгсөн. Үүний хариуд В.Путин Шүрэнгийн цахилгаан станц барих шийдвэрийн тухай ер сонсч байгаагүй гэдгээ хэлээд энэ асуудалд тусгайлан анхаарал тавихаа амласан.

Өмнөх жилүүдэд хоёр талын хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох яамд захидал, мэдэгдэл солилцох, Наговицын гэх мэт хүмүүсийн айлчлалын үеэр хөндөх гэх мэтээр олны анхаарлыг онц таталгүйгээр аль болох ойлголцолд хүрэх замаар “уугисаар” байсан асуудал Путины энэхүү мэдэгдлийн дараа гал дээр шар тос хийсэнтэй адил дүрэлзэн Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцгой анхаардаг сэдвийн нэг болсон.

Орост томдоо ордог хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Монголчууд манай Байгаль нуурыг ширгээх гэж байна” гэсэн утга бүхий сүржин нийтлэлүүд толгой дараалан гарч эхэлсэн. Улмаар Шүрэнгийн УЦС, Эгийн голын УЦС гэх мэт төслүүдийн санхүүжүүлэгчдэд хандан янз бүрийн хүсэлт гаргасны хүчинд санхүүжилтийг зогсооно гэдгээ Байгаль нуурыг аврах “дайнд” хийсэн том ялалт боллоо гэсэн утгатай мэдэгдэл хийж, өөрсдөө өөрсдөдөө баяр хүргэн алга ташицгаасан.

Энэ оны зургаадугаар сард Оросын Байгалийн нөөц хамгаалал, хяналтын сайдын орлогч Амирхан Амирханов тэргүүтэй албаныхан ирж Эгийн гол дээрх төслийг удирдаж байгаа Д.Одхүүтэй, Эгийн гол дээр баригдах УЦС-ын талаархи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаасан билээ. Үүний үр дүнг Монголын тал тайлбарлахдаа, Эгийн гол дээр УЦС барихыг Оросын тал эсэргүүцэхгүй гэж тохирлоо гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Харин төд удалгүй Оросын тал монголчуудын энэ тайлбарыг эсэргүүцэн энэхүү уулзалт албан бус байсан тул тэнд яригдсан бүх тохиролцоо албан ёсных байх боломжгүйн дээр цаашид Оросын эрдэмтэд оролцсон урьдчилсан экологийн цогц экспертиз хийлгүйгээр УЦС барих төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байгаа гэсэн утгатай мэдэгдэл хийсэн юм.
Эгийн голын усан цахилгаан станцыг бариулахгүй гээд байгаа зөвхөн нэг шалтгааныг дурдъя. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын нуур, цөөрөм судлалын төвийн захирал Андрей Федотов “Манай судалгааны ангиуд Сэлэнгэ мөрнийг нэг бус удаа судалсан. Сэлэнгэ мөрөн хангалттай цэвэр устай бол түүний цутгалан Орхон голын бохирдолд Монголын уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нөлөөлж байгаа тул тийм ч цэвэр биш бөгөөд Эгийн голын цутгалан багасвал Байгаль нуурт Орхон голоос хавьгүй их бохирдсон ус цутгах болно” гэж. “Эрдэнэт” нь Монгол Улс 51 хувийг эзэмшдэг тул яах аргагүй Монголын үйлдвэр мөн. Гэтэл энэ үйлдвэрийг Орхон голыг орчим барих шийдвэрийг хэн үнэн хэрэг дээрээ гаргасан, хэн үг дуугүй дагасан, хэдэн он хүртэл хэн жинхэнэ эзэн нь байсан гэдгийг дурдсангүй. Монголчууд л шуналдаа хөтлөгдөн баяжуулах үйлдвэр барьчихаад одоо хүртэл Орхон голоор дамжуулаад Байгаль нуурыг бохирдуулаад байгаа болж таарлаа. Оросууд эзэд нь байгаад ашиглахаар Орхон гол цэвэр. Харин монголчууд өөрийн болгоод ашиглахаар Орхон гол бохирдоод, түүгээр дамжин Сэлэнгэ мөрөн, Байгаль нуур бохирдоод байдаг гэнэ.

Ингээд зогсохгүй усан цахилгаан станц байгуулахад их хэмжээний усан сан байгуулдаг нь газар хөдлөлт ихтэй бүс нутагт хүчтэй газар хөдлөлт үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Ер нь л, цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй дүйх дайны экологийн гамшиг нүүрлэх тухай ярих болсон.

Энэ бүхнийг уншихаар нээрээ л монголчууд УЦС барих нь тийм ч таатай зүйл биш юм. Нэгд, нутгийнхаа экологийг бодъё. Хоёрт, Байгаль нуураа бодъё. Гуравт, “ах нартай” муудаад дэмий байх гэж бодогдмоор.
Одоо хамгийн гайхалтай зүйлд анхааръя. Тун саяхан “Лента.ру” сайт дээр гарсан нэгэн мэдээг уншаад тун ч ихээр гайхсан гэдгээ анх дурдсан. Мэдээг сийрүүлбэл “Байгаль нуурын эрэг дээр цэвэр ус савлах үйлдвэр байгуулах болсон гэдгээ Хятадын хөрөнгө оруулагчид баталгаажуулжээ. Төслийг хэрэгжүүлбэл жилдээ 2 сая куб метр усыг экспортлодог болно. Энэ тухай “Буриадын бүгд найрамдах улсын бүс нутгийн хөгжлийн сан”-гийн эрдэс бодис ба түүхий эдийн цогцолборын төслийг удирдагч Константин Ботоев “Москвагаас ярьж байна” радиогийн шууд эфирт ярьжээ. ..

Ботоев “Экологид энэ төсөл ямар ч хохирол учруулах ёсгүй гэсэн шаардлагыг бид тавьсан” гэж онцолсон байна. Мөн энэ үйлдвэрийг зөвхөн Хятадын хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр барина гэв. Одоогоор хөрөнгө оруулагчид ирээдүйн үйлдвэр байгуулах газрыг худалдан авах ажил явуулж байгаа аж.
Хятадын бизнесмэнүүд Байгаль нуур дээр ундны ус олборлох ба жижиглэн савлах үйлдвэр барих тухай мэдээ 2015 оны нэгдүгээр сард гарч байсан. Буриадын удирдлага ба Хятадын “Тхянь Ю” компани хоорондын байгуулсан гэрээний дагуу үйлдвэрээс гадна Монголын хилийн орчим Хиагт хотод гааль логистикийн цогцолбор барих бөгөөд олон улсын тээвэрлэлт хийх тээврийн компани байгуулна.

Харилцан тохиролцсон төслүүдийн дагуу хийгдэх хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1,26 тэрбум рубль буюу 120 сая юань болно. Ингэхдээ цэвэр усыг савлах төслийг хэрэгжүүлэх явцад хөрөнгө оруулалтын хэмжээг 180 сая юань, гааль логистикийн цогцолборыг барих явцад 140 сая юань хүртэл нэмэгдүүлэх боломжтой”.

Энэ монголоор бол юу гэсэн үг вэ? Өнгөц харахад оросууд цэвэр ус савладаг үйлдвэрийг өөрийн мэдлийн нуурын эрэг дээр барих гэж байгаа төдий юм гэж бодогдохоор. Тэгээд ч 2 сая кубметр ус гэхээр төсөөлөх хэцүү, ойлгомжгүй байгаа нь мэдээж. Харьцуулах, жиших зүйл байхгүй болохоор аргагүй.
Харьцуулах энгийн жишээ татъя. Оросуудын тэгтэл их эсэргүүцээд байгаа Эгийн голын усан цахилгаан станцын далангийн эзлэхүүн нь 2,29 сая куб метр. Тэгэхээр жилдээ Эгийн голын далангийн эзлэхүүнтэй бараг л адил хэмжээний усыг Байгаль нууртаа ухаангүй хайртай орос “ах нар” маань Хятад руу экспортлох юм байна.
Ямар гээчийн аварга том үйлдвэр тун удахгүй Байгаль нуурын эрэг дээр баригдах гэж байгааг үүгээр төсөөлж болно. Яах вэ, хөөрхий монголчуудыг яаж хоосон үлдээх вэ, бонус гээд тэр их усыг нутгаар нь дамжуулан тээвэрлэх гааль логистикийн нүсэр том цогцолборыг Хиагт хотноо байгуулах юм байна. Монголыг усан цахилгаан станц бариулаагүйд тайтгаруулж, гаалийн татвар энэ тэрээрээ хэд гурван төгрөг олог гэсэн үг байх л даа.

Хамгийн хачирхалтай нь, экологид аюулгүй байх гэсэн ганц болзол тавьсан, бүгдийг сайн шалгана гэх мэт мэдэгдэл хийгээд байгаа тал нь үйлдвэр барих талтайгаа хэдийнэ газраа худалдаж аваад эхэлчихсэн байдаг.
Манайхыг УЦС барих гэхээр Байгаль нуурын усны түвшин түүхэндээ байгаагүйгээр доошилсон гээд анхааруулаад байдаг. Тодруулбал, Байгаль нуурын түвшин 28 метрээр доошилсон. Энэ нь мэдээж ноцтой.

Гэтэл ганцхан жилд ийм нүсэр их хэмжээний усыг нь ховх сорж савлаад экспортлоод байхаар Байгаль нуурын усны түвшин багасахгүй гэнэ. Яагаад гэвэл оросууд жилдээ 2 сая куб метр усыг сорохоор гайхамшигтай зүйл болж, усны түвшин буурдаггүй. Учир нь тэд эзэд нь. Харин монголчууд өөрийн нутгаар урсаж байгаа гол дээрээ УЦС барих гэхээр болохгүй. Учир нь Байгаль нуур юу юугүй, хэдхэн жилийн дотор ширгэнэ гэх.

Монгол УЦС бариагүй, барих гээд байгаа гэдгийг энд онцолсныг уншигч та анхаарсан байх. Бариагүй байхад 28 метрээр түвшин татарсан юм чинь баривал бүр баларна гэж оросууд бухимдаад байгаа гэсэн үг.
Үүнтэй холбоотойгоор Эгийн гол усан цахилгаан станц төслийн захирал Д.Одхүү нэгэн ярилцлагадаа Эгийн голын УЦС-тай холбоотойгоор дурдсан зарим баримтаас иш татъя: “ ... Судлаачид Байгаль нуурт үзүүлэх үр нөлөө төдийгүй Сэлэнгэ мөрөнд үзүүлэх өөрчлөлтийг судалсан бөгөөд Эгийн голын усан санг дүүргэх 2-3 жилийн явцад үзүүлэх нөлөө 0,023 хувь гэж дүгнэсэн. ...Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн болон түүнд цутгадаг гол мөрөн дээр нэг ч станц баригдаагүй байгаа. Тийм байхад яагаад Байгаль нуурын усны түвшин 28 см¬-аар доошиллоо гэж яриад байгаа юм бэ. Энэ талаар ганц монголчууд бид ч биш оросууд ярьж бичиж байна. ОХУ-ын усны нөөцийн агентлагийн тооцоогоор Байгаль нуураас авч хэрэглэх Эрхүүгийн усан цахилгаан станцуудын зарцуулалт 700 м3/сек –ээс ихгүй байх ёстой. Гэтэл сүүлийн 2-3 жилийн хугацаанд 1200-1300 м3/сек хүрч байгаа нь бүхэл бүтэн 600 м3/сек-ээр их байна.  Яагаад. Яагаад  гэвэл Богучанскийн станцын усан санг дүүргэх гэж бусад станцуудыг ашигтай ажиллуулах гэж Байгаль нуурын усыг Ангар мөрөн рүү эрчимтэй урсгаж байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл монголчууд Эгийн голын станци барьснаас бус оросууд өөрсдөө Байгаль нуурыг үгүй хийнэ. Хатуу ч гэсэн энэ бол үнэн”.

“Ах нар” гэж бидний хүндэтгэн харилцсаар ирсэн хойд хөршийнхэн маань нэг л ойлгомжгүй юм хийгээд байна гэж хэнд ч бодогдохоор.  Байгаль нуурын эрэг дээр тийм нүсэр том үйлдвэр барихаар экологид нь нөлөөлдөггүй хэрэг үү? Жилдээ 2 сая куб метр усыг нь сороод байхаар экологид нь нөлөөлдөггүй хэрэг үү?

Хэдэн зуун км-ийн наана бид, өөрийнхөө нутагт УЦС барихаар Байгаль нуурын экологид нөлөөлөөд энэ сайрхан нуур ширгэх гээд байдаг, харин оросууд өөрсдөө жилдээ хэдэн сая тонноор нь сороод авахад ширгэдэггүй болж таарч байна уу.

ОХУ-ын Байгалийн нөөц баялгийн сайд Сергей Донской  Монгол улс эцсийн дүнд УЦС барихаас татгалзана, тэр бүх төслүүдийн талаар олон улсын тохиролцооны дагууу ОХУ-тай заавал зөвшилцөн тохиролцсон байх ёстой. Монголын эрчим хүчээр хангах өөр шийдлүүд олдох болно гэж хэлсэн байх юм. Өөр шийдэл нь юу юм бол? Бүгд болгоомжилж байгаа цөмийн цахилгаан станц уу? Тийм объект барихад шаардлагатай 10 гаруй тэрбум ам.долларыг бидэнд хэн өгөх юм бэ? Хэн бидэнд барьж өгөх вэ? Оросууд өөрсдөө л зээлээд, өөрсдөө л барих талаар яриад байгаа бололтой. Өөр улсаас зээлээд, өөр улсаар бариулъя гэвэл гэнэт Монголд цөмийн станц барих нь бүс нутгийн экологид ноцтой аюул учруулж байгаа тухай яриа гарах биз. Цөмийн цахилгаан станц биш юм бол нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц л барих байх. Утаа тортог, агаарын бохирдлын асуудал нь дээд цэгтээ тулаад байгаа улсад тэгж олон мянган мегаватт цахилгаан боловсруулахын тулд нэмж хэдэн дулааны цахилгаан станц барих хэрэгтэй вэ?  Ер нь бидний өмнөөс хэдийнэ шийдчихэж гэсэн гаргалгаа л бидэнд үлдэж хоцрох шив.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан