Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Батрагчаа: Хэрэв ажилтнаа ажлаас халах бол хуулийн дагуу хал, яаж гэдгийг бид зөвлөе


Сүүлийн үед хоёр сая төгрөгний үнэтэй ажилтныг ажлаас халах тухай зургаан цагийн сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын цөөхөн хуульчдын нэг Р.Батрагчаа заах гэж байгаа талаарх сурталчилгаа фэйсбүүкээр явж эхэлсэн. Энэхүү өндөр үнэтэй сургалтыг A&A Global хуулийн фирмээс гуравдугаар сарын 23-нд Shangri-La Ulaanbaatar зочид буудалд хийх гэж байгаа нь олон нийтийг сонирхлыг ихээхэн татаад байна. Манай сонины редакцынхан ажилтныг яагаад хөгжүүлэх, урамшуулах талаар бус эсрэгээрээ ажилтныг ажлаас халах сургалт хийж байгаа талаар сонирхохоор A&A Global хуулийн фирмийн захирал, “Jessup Cup” шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний байнгын шүүгч, олон улсын хуульч Р.Батрагчаатай уулзаж ярилцсан сурвалжлагаа толилуулъя.

-Таныг гуравдугаар сарын 23-нд ажилтныг ажлаас халах сургалт хийх гэж байна гэж дуулаад танай сургалтын талаар сонирхож зорьж ирлээ. Ер нь аливаа байгууллага ажилтнаа хэрхэн яаж хөгжүүлэх, яаж тогтвор суурьшилтай ажиллуулах вэ гэж хүсдэг байтал та яагаад ажилтныг ажлаас халах тухай сургалт зохион байгуулах гэж байгаа чинь сонин байна. Та сургалтынхаа талаар манай сонины уншигчдад тайлбарлаж болох болов уу?
-Аливаа байгууллага сайн ажилтныг олж ажиллуулах үнэхээр хэцүү байдаг. Тэр дундаа ажилтныг хэрхэн зөв сонгож авах, сайн ажилтныг яаж таньж мэдэх, сайн ажилтнаа бусдад алдчихгүй шиг тогтвор суурьшилтай ажиллуулах, хөгжүүлэх, сургах, урамшуулах тухай сургалтыг Хүний нөөцийн академиас эхлээд 10 гаруй мэргэжлийн байгууллагууд явуулдаг. Тэгээд ч ийм сургалтыг хуульч биш хүний нөөцийн чадварлаг мэргэжилтнүүд заавал илүү үр дүнтэй байх. Харин манай хуулийн фирмийн зохион байгуулах гэж байгаа сургалтын нэр нь “Ажилтныг хэрхэн хууль зүйн дагуу ажлаас халах тухай сургалт”. Сайн сайн гээд ажилтан ажилд авчихсан чинь нөгөө ажилтан маань үл бүтэх нөхөр ч юмуу, эсхүл ажлаа хийж чадахгүй тааруухан хүн байвал яах вэ? Мэдээж байгууллага толгойлж байгаа хүн сайн гээд авсан ажилтан нь тааруухан, хариуцлага алдвал уг ажилтнаа ажлаас халах хүртэлх арга хэмжээ авах шаардлага тулгарна. Харин ажилтнаа ажлаас нь халахдаа хуулиа сайн мэдэхгүйгээс хууль бус тушаал гаргадаг тохиолдол их. Зарим байгууллагын хүний нөөцийнхөн хуулиа сайн мэддэг хэрнээ яг ажилтныг ажлаас халах процессдоо засч боломгүй алдаа гаргах тохиолдол элбэг байна. Бид энэхүү сургалтаа шүүхээр шийдэгдсэн 200 гаруй хөдөлмөрийн маргаантай хэргүүд дээр судалгаа явуулсны үндсэн дээр 2008 оноос хойш зохион байгуулж байна. Амьдрал баялаг гэдэг шиг өдөр ирэх тусам шинэ шинэ кэйсүүд ажил олгогч нарт тулгардаг тул энэ бүх практик туршлагаас сургалтын хөтөлбөрөө сайж­руулан боловсруулсаар энэ удаагийн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

 -Та сая ажилтныг ажлаас халахдаа байгууллагын удирдлагууд процессын алдаа гаргадаг гэлээ. Нууц биш бол ямар алдаа гаргаж байгаа талаар жаахан тодруулахгүй юу?
-Сүүлийн үед байгууллагууд өөрийн гэсэн хуульч, бас чадварлаг хүний нөөцийн ажилтнуудтай болж. Гэхдээ бидэн шиг үргэлж хөдөлмөрийн маргаантай хэргүүд дээр ажилладаггүй болохоор туршлага дутах асуудлууд байна. Тухайлбал, ажилтныг ажлаас халах шаардлага, хуулийн үндэслэлээ зөв тодорхойлсон хэрнээ яг хугацааг нь тулгаж ажлаас халах мэдэгдэл өгдөг, ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахдаа хуульд заасан шаардлагыг зөрчиж оногдуулдаг, ажлаас халах тушаал гаргахдаа ажилтныг ажлаас халагдах өдрөөс сарын өмнө гаргаж ажилтанд өгөх, ажлаас халах мэдэгдэл биш тушаалыг нь өгөх зэрэг нийтлэг алдаануудыг гаргадаг. Би ажилтныг ажлаас халсан буюу хөдөлмөрийн гэрээг цуцласан маш олон захирлын тушаалуудыг харж байсан. Ийм тушаал ихэнхдээ л ерөнхий байдаг. Энэ нь өөрөө маргааныг бий болгох гол үндэс суурь нь болдог. Ер нь, тушаал маш тодорхой байх ёстой л доо. Мэдээж ажлаасаа халагдсан ажилтанд яаж л таатай байхав дээ, шүүхэд нэхэмжлэл гаргаад, ялаад ажилдаа буцаад орох болдог. Ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох асуудал өөрөө их эмзэг. Нэгэнт л алдаа гаргасан бол засч, залруулахад хэцүү. Бидэнд хандаж байсан байгууллагын удирдлагууд аль хэдийн ажилтнаа хууль бусаар халаад, уг ажилтан нь шүүхэд хандсаны дараа л ирдэг. Эхнээсээ л ажил олгогч ажилтнаа ажлаас халахдаа буруу шийдвэр гаргасан л бол засч болохгүй учир шүүхийн процесст хугацаа алдан энэ хирээрээ эдийн засгийн хохирол хүлээдэг. Ийм болохоор л хуульч хүний хувьд бүх зүйл болоод өнгөрсний дараа амаа барих биш эхнээсээ л ажилтныг хуулийн дагуу, зөв процессоор халах ёстой гэж ажил олгогч нарт зөвлөх үүднээс энэ сургалтыг зохион байгуулж байгаа юм. Болж бүтэхгүй байгаа ажилтнаа ажлаас нь халж болноо. Гэхдээ яаж халах вэ гэдэг нарийн аргыг л хуулийн хүрээнд зааж сургахад л манай сургалтын гол зорилго оршиж байгаа юм.

-Захирлын тушаал то­дор­хой байх ёстой гэлээ. Тухайлбал ямар байх ёстой гэж?
-Ажилтныг ажлаас халах захирлын тушаалд хэн, хэзээ, ямар зөрчил гаргасан, уг зөрчил нь ямар эрх зүйн актыг зөрчсөн, хуулийн ямар үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухайгаа заавал зааж өгч, хэн ч уншсан ойлгомжтой байх нь чухал. Тэгж байж л байгууллагыг хууль зүйн болон эдийн засгийн эрсдлээс хамгаалах ёстой. Даанч ажил олгогч нар маань зөрчил нь тодорхой байхад ажилтныг ямар шалтгаан, үндэслэлээр ажлаас халж байгаа талаар тушаалдаа дурьдахгүй, хуулийн үндэслэл муутай тушаал гаргаснаас болж халагдсан ажилтандаа, түүний өмгөөлөгчид давуу байдал бий болгон шүүхээс тэдэнд ашигтай шийдвэр гаргуулах боломж бий болгодог.

-Таныг ийм сургалт явуу­­лахаар шүүмжлэх хүн олон гардаг биз. Бид ч гэ­сэн эхэндээ гайхаж хүлээн авсан?
-Хүмүүс их эмзэглэж хүлээж авдаг л даа. Гэхдээ ингэж эмзэглэж хүлээж авч байгаа хүмүүсийг өөртөө итгэл муутай л гэж би ойлгодог. Учир нь ямар ч байгууллага сайн ажилтныг ажилд авч тухайн ажилтнаараа дам­жуулан амжилттай, ашигтай ажиллахыг хичээдэг. Тэрнээс сайн ажилтнаа халаад явуулахыг хүсэх компани ховор. Харин ч эсрэгээрээ ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд тогтвортой ажиллуулах гэрээ бэлтгэж өгөхийг хүсдэг газар маш олон. Сүүлийн үед сайн ажилтныг hunting хийдэг газрууд их болж. Энэ нь ажилтныг ажиллаж байгаа газраас нь өөр байгууллага өндөр цалин хөлс, боломжууд амлан өөрийн байгууллагадаа урьж авчирч ажиллуулахыг хэлдэг. Ажилтан бүр л сайн ажиллаж хамт олондоо ч, удирдлагадаа ч өндөр үнэлэгдэж байгаасай гэж би хувьдаа хүсдэг. Манайхан их шүүмжлэгч л дээ. Бусдыг шүүмжлэхийн оронд өөрөө ажиллаж байгаа газартаа амжилт гаргаасай гэж боддог. Магадгүй ажилтан сайн ажиллаж байхад нь удирдлага нь үнэлэхгүй байгаа бол өөр газарт ажиллах сонголт өмнөх үеийг бодвол нээлттэй, илүү чөлөөтэй болсон цаг. Харин ингэлээ гээд ажилдаа хариуцлагагүй хандвал хэн л дуртай байхав дээ. Ийм л болохоор л энэ сургалтын гол зорилго нь хариуцлагагүй ажилтныг хэрхэн хууль зүйн дагуу ажлаас халах вэ гэдэгт чиглэгдэж байгаа юм. Мөн сүүлийн хэдэн жил эдийн засгийн хүндрэлээс болоод ихэнх компанийн ашиг орлого багасч ажилтнуудаа цөөлөх шаардлага гарсан. Гэхдээ бас л ажилтнаа цөөлөхдөө алдаа гаргасаар л байна. Бид хэдийгээр ажил олгогч нарт хуулийн дагуу ажилтнаа ажлаас халахыг зөвлөдөг боловч яг үнэндээ ажилтныг хууль бусаар халахын эсрэг байдаг.

-Яагаад, та ажилтныг ажлаас хэрхэн халах тухай сургалт явуулах гэж байж?
-Хэрэв ажил олгогч ажилтнаа хууль бусаар халвал эргээд өөрт нь хохиролтой. Хэрвээ ажилтныг хуулийн дагуу халж чадаагүй бол шүүх дээр унана. Шүүхээр ялсан ажилтны ажилгүй байх хугацааны цалинг нөхөж олгох болно. Энэ нь багаар бодоход таван сая орчим төгрөг болдог. Үүнээс гадна тухайн ажилтны оронд ажилд авсан хүнээ бас яах вэ гээд хуулийн болон эдийн засгийн олон олон үр дагавартай. Энэ үүднээс хэрэв ажилтнаа ажлаас халах бол хуулийн дагуу хал, гэхдээ яаж гэдгийг бид сургалтаараа зааж өгөх болно. Нэг үгээр хэлэх юм бол шүүх дээр яавал ялаг­дахгүй байх талаар л бай­гуул­лагын удирдлагуудад санаа оноо өгөх зорилготой юм.

-Танайх тэгвэл ажилт­нуудад зориулж ийм төрлийн сургалт явуулдаг уу?
-Үгүй, манай хуулийн фирм ихэнхдээ уул уурхай, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагын удирдлагуудад компанийн засаглал, гэрээ хэлэлцээр, татвар, даатгал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Бас миний хувьд хуульчийн ёс зүй гэж маш чухал үнэт зүйл байдаг. Мэргэжлийн ёс зүй бол юу юунаас эрхэм зүйл тул байгууллагуудад ийм төрлийн сургалт явуулдаг хэрнээ ажилтнуудад энэ төрлийн сургалт явуулах нь өөрөө ёс зүйгүй хэрэг. Монголд 3000 гаруй мэргэжлийн хуульч, өмгөөлөгч байна. Тэдний 99-ээс дээш хувь нь ажилтны эрх ашгийг хамгаалж байхад би ажилтны эрх ашгийг хамгаалсан сургалт хийх нь илүүц байлгүй. Тэгээд ч бид энэ сургалтаа 8 дахь жилдээ ажил олгогч, хүний нөөцийн ажилтнуудад зориулан зохион байгуулж байна.

- Танай сургалтын төлбөр 2,000,000 төгрөг. Яагаад ийм өндөр үнэтэй юм бэ?
-Би харин ч манай сургалтын төлбөр хямдхан байна гэж бодож байгаа.

- Яагаад?
-Яагаад гэвэл нэгд, ажил олгогч нар хуулийн нарийн зохицуулалт, ажлаас халах арга технологийг сайн мэдэхгүйгээс болоод ажилтныг хууль бус шийдвэр гарган ажлаас халдаг. Ингэснээрээ шүүх дээр мэдээж ялагдах нь тодорхой. Харин ийнхүү шүүхээр ялаад ажилдаа орсон ажилтан байгууллагын ажилчдын дотор таатай уур амьсгалыг бий болгоно гэж бодож байна уу. Үгүй л байхгүй юу. Бас шүүх дээр ялагдсан байгууллагын удирдлагад багаар бодоход 5,000,000 төгрөгнөөс доошгүй хэмжээний хохирол учирдаг. Жишээ нь, саяхан нэг компани оны өмнөхөн ажилтнаа ажлаас нь халахдаа процессын алдаа гаргасан байсан. Бид зөв гольдролд нь оруулж тухайн ажилтныг ажлаас халах процесст нь зөвлөснөөр гурван шатны шүүхээр ялж, уг маргаан өнгөрсөн сард дууссан. Гэхдээ өмнө гаргасан алдаанаасаа болоод тухайн компани 10,000,000 гаруй төгрөгний хохирол хүлээсэн байх жишээтэй. Хоёрт, сургалтанд хамрагдсан хүн бүрт 5,000,000 төгрөгийн үнэ бүхий хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, нууцлалын гэрээ, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ, эвлэрлийн гэрээ, зөрчлийн тэмдэглэл, ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээг цуцлах захирлын тушаал зэрэг загварууд багтсан сургалтын гарын авлагыг үнэгүй өгөх болно. Зөвхөн хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, нууцлалын гэрээний багц нь гэхэд л дангаараа 5,000,000 төгрөгийн үнэтэй. Ингээд бодохоор энэ сургалт хэрэгтэй байгууллагадаа яаж ч бодсон хямд үнэтэй болж таараад байгаа юм. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд гадны хүний нөөцийн мэргэжилтнүүд Монголд маш өндөр үнэтэй сургалт хийдэг. Тэдний авч байгаа хэдэн мянган ам.долларын хөлсний хажууд 1000 ам.долларын сургалт бол харьцангуй хямд. Яагаад гадныхан болохоор өндөр үнэтэй цөөхөн хоногийн сургалт явуулж болдог, яагаад Монгол хуульчид өндөр үнэтэй сургалт явуулж болохгүй гэж.

-Таны сая дурьдсан 5,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээнүүд ажил олгогчид тийм чухал уу. Яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм бол?
-Зарим чухал зүйлүүдийг энд дэлгэж тайлбарлахад төвөгтэй бас нууцлалтай холбоотой. Зөвхөн сургалтанд оролцсон хүмүүст хэлж зөвлөх ёстой үнэлж барашгүй үнэтэй зөвлөгөөнүүд байгаа. Зарим нэгээс нь дурьдахад аливаа байгууллага ажилтныг анх ажилд авахдаа маш сайн боловсруулагдсан Хөдөл­мөрийн гэрээг ажилтантай байгуулах нь чухал. Эхлэл нь сайн бол төгсгөл нь сайн гэдэг дээ. Мэдээж ажилтныг анх ажилд авахдаа ажлаас нь хална гэж авдаггүй, харин хариуцлага алдвал бас толгойг нь бас илээд байж болохгүй. Иймд сайн Хөдөлмөрийн гэрээтэй бол ажилтанд хариуцлага тооцоход илүү хялбар байдаг. Хөдөлмөрийн гэрээтэй хамт эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ болон нууцлалын гэрээ байгуулах хэрэгтэй. Нууцлалын гэрээ бол ажил олгогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан маш чухал гэрээний нэг. Намайг Англид хуулийн фирмд ажиллаж байхад ажилтантай хөдөлмөрийн гэрээний хамт нууцлалын гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээг байгуулахыг хуулийн фирмдээ дагалдуулан ажиллуулж байсан Мартин Нобел багш маань үйлчлүүлэгчдэдээ зөвлөдөг байсан. Гадны орны туршлагыг Монголын хуулинд тохируулан Монголдоо хэрэгжүүлэхийг би хувьдаа зорьдог.

-Нууцлалын гэрээ байгуу­лах нь тийм чухал зүйл үү?
-Нууцлалын гэрээгээр гурван чухал асуудлыг зохицуулдаг. Энэ гэрээгээр байгууллагын үнэт зүйл, оюуны өмчийг хамгаалж байх ёстой. Хөдөлмөрийн гэрээгээр биш шүү. Учир нь компанийн нууцлалтай холбоотой асуудлыг зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр зохицуулбал нууц задруулсан ажилтныг ажлаас халах тэр цаг үетэй хамт ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн бүх үүрэг нь дуусгавар болчихдог. Тэгэхээр хариуцлага тооцох боломжгүй болдог. Иймд нууцлалын гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хөдөлмөрийн гэрээнээс тусад нь байгуулах ёстой. Нууцлалын гэрээгээр байгуулла­гын эрх ашгийг яаж хамгаалж болох вэ гэхээр нэгд, ажилтны хийж бүтээж байгаа бүтээн байгуулалт нь байгууллагын өмч байх бөгөөд ажилтан цалин хөлс авч ажиллах хугацаандаа бүтээсэн аливаа зүйлийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр устгах, бусдад дамжуулах, гэмтээх ёсгүй. Хоёрт, ажил олгогчийн болон түүний үйлчлүүлэгч, хамтрагчийн талаарх нууц мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Гуравт, ихэвчлэн ахлах түвшний албан тушаалтанд хэрэглэгддэг асуудал бол тухай байгууллагаас гарсны дараа 2-5 жилийн хугацаанд өрсөлдөгч байгууллагад ажиллахгүй байх үүрэг хүлээлгэдэг ач холбогдолтой. Монголын хуулиар нууц алдсан ажилтанд ямар хариуцлага хүлээлгэх нь тун бүрхэг. Харин яаж хамгаалах вэ гэдгийг нууцлалын гэрээнд л тусгаж өгөх хэрэгтэй. Ингээд яриад байвал барагдахгүй их зүйл байгаа. Ажилтан нууц алдвал яах вэ, ямар хариуцлага хүлээх ёстой гэдгийг сургалтаар зааж зөвлөх болно.

-Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ ямар ач холбогдолтой юм бол?
-Энэ гэрээг байгуулах нь маш чухал шүү. Ажилтан бүртэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой. Би танд ойрхон нэг жишээ авъя л даа. Үйлчлэгч таны өрөөг цэвэрлэж байгаад олон сая төгрөгийн үнэ бүхий маш сайн чанарын видео камерыг унагаад эвдэлчихвэл яах вэ? Нөгөө үйлчлэгчийн цалин 500,000 төгрөг. Хэрэв эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол танай байгууллагад үйлчлэгчийн учруулсан хохирлыг бүрэн барагдуулж чадахгүй байдал үүснэ. Ийм л учраас энэхүү хоёр гэрээг хөдөлмөрийн гэрээтэй хамт байгуулах ёстой гээд байгаа юм ш дээ.

-За баярлалаа. Таны зо­хион байгуулах гэж байгаа сургалтанд амжилт хүсье?
-Би энд нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ сургалтаараа ажилтны мууг хэрхэн үзэх талаар заах гээд байгаа юм биш шүү. Харин ажилтантай яагаад заавал Хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой, ямар учраас энэ гэрээг маш сайн боловсруулсан байх шаардлагатай талаарх зөвлөгөө өгнө. Мөн ажил олгогч ажилтныг ажлаас халахаар шийдсэн бол хуулийн дагуу л халах хэрэгтэй. Харин яаж гэдгийг бид зөвлөх болно. Тэрнээс хууль зөрчиж ажилтны эрхийг зөрчиж болохгүй, ингэснээр ажил олгогч гэсэн өөрийгөө бас багагүй хэмжээний эрсдэлд оруулна гэдгийг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан