Б.ШИРНЭН
Монголын нууц товчоо, Монгол хаадын түүх судлаач, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Д.Жамъян гуай манай редакцид хандлаа. Тэрээр эх оронч, үндэсний үзлийн талаар өөрийн бодлоо хуваалцав.
-Та өөрийгөө эх оронч, үндэсний үзэлтэй хүн гэдэг шүү дээ.
-Би эх оронч, үндэсний үзэлтэй хүн. Тиймээс би Монголын хаадын тухай, XIII зууны тухай, Монголын мандан бадралын тухай зохиол бичдэг. Тав, зургаан роман бичсэний дараа “Монгол гэдэг, монгол хүн гэдэг агуу үндэстэн юм байна” гэсэн бодол миний тархинд лав суусан. Энэ ертөнц дээр хамгийн том бүтээн байгуулалтыг, оюуны анхдагч салхийг монгол хүн хагалсан байдаг. Энэ зүгээр л нэг төрсөн бодол биш, маш холоос татсан угшилтай. Жишээлэхэд, төрт ёс хамгийн анх Монголд үүссэн. Хүннү үе энд хамаарна. Дараа нь төрт ёсыг Их Монгол буюу Чингис хааны үед мандан бадраасан. Төр гэдэг, ёс гэдэг зүйлийг чинь монголчууд дэлхий дээр анх удаа үүсгэсэн. Монголчууд ийм л өндөр дээд үйлс гавъяатай л даа.
-Яахав та үндэсний үзэл юу болох, эх оронч гэж хэнийг хэлэх гээд олон асуултыг өөрийн ном, зохиолоор уншигчдад хүргэдэг. Түүхийн улбаанд тулгуурлан олон судалгаа, шинжилгээ хийж, түүнийгээ яруу тунгалаг хүргэдэг нь таны эх оронч үзлийг илэрхийлэх нэг жишээ байх. Гэхдээ сүүлийн үед эх орон ч гэж хэнийг хэлэх вэ, гэдгийг томъёолоход хэцүү байна. Хас тамгатай залуусыг хэлэх үү, яг яаж тодорхойлох вэ?
-Орчин үе рүү орох юм бол Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн, генерал, зохиолч Л.Пүрэвдорж, орчуулагч, эрдэмтэн Г.Аким нарын нэрийг би шууд хэлнэ. Үндэсний үзэлтэй, эх оронч гэдэг утгаар нь шүү дээ. Энд би бас нэг хүний нэрийг хэлэхийн тулд эхлээд жаахан түүх ярих хэрэгтэй байна.
2006 онд Японы кино группийнхэн болон продюсер Кадакова Харукитай хамтарч бид “Бөртэ чоно” нэртэй уран сайхны бүрэн хэмжээний кино хийсэн. Энэ киноны монгол талын ерөнхий продюсераар би ажиллаж байсан юм. Тухайн үед бид кино зураг аваад Налайхаас цааш Хуурай мухар гэдэг газар явж байлаа. Тэнд айл нүүлгэж, гурав хоног зураг авах учиртай байсан юм. Ингээд явж байтал замд нэг том хөшөө босч байсан. Юун хөшөө вэ, гэж асууж сураглатал Цонжин болдогийн морьт хөшөө гэж байна. Энийг хэн босгож байгаа юм гэтэл “Женко” Баттулга босгож байгаа гэж надад тухайн үед хэлж байсан санагдана. Бид кино зураг авалттай байсан болохоор тэр хавиар өчнөөн нааш цааш давхина биз дээ. Гэтэл нүдэн дээр нөгөө хөшөө чинь босчихсон. Тухтайхан хартал стандарт хөшөө байгаагүй. Уран бүтээл байсан. Тэр дундаа Чингис хааны тухай том уран бүтээл, байгууламж болчихсон байсан. Тэр орчимд хашаа, хороо хатгаагүй байхад би явган явж хөшөөг нар зөв тойрч үзсэн л дээ. Аль ч талаасаа тэнгэр харагдаж байсан. Үнэхээр тэнгэр заяат монгол хүнд л тийм сайхан хөшөө босгоно. Дэлхийн хаана ч ийм хөшөө босгоогүй. Хөшөөг ойровтор тойрвол тэнгэрээс өөр юу ч харагдахгүй. Тиймээс би тэнгэрт байдаг хөшөө гэж нэрлээд байгаа. Одоо ч гадаад, дотоодын жуулчид ирээд тийш зүглэж байгаа л байх.
-Д.Бямбасүрэн, Л.Пүрэвдорж, Г.Аким... нарын араас Х.Баттулгыг эх орон ч гэж хэлж байна гэж болох уу. УИХ-ын гишүүн өөрөө ч гэсэн “бид эх оронч” гэж хэлсэн байна лээ..
-Зүгээр л байж байгаад тэр хөшөөг босгоогүй байх. Хүн харж, уншиж, мэдэрч байж үндэсний үзэлтэй болдог. Өөрөөр хэлбэл, үндэсний үзэл улам бүр бэхжиж, хүний биед нэвтэрдэг. Үүнтэй хавсраад XIII зуун гээд төв бий. Бас л Х.Баттулгатай холбоотой юм билээ. Зүгээр нэг хүн хийдэггүй байхгүй юу. Сэтгэдэг, бүтээдэг хүн л хийдэг юм. Бурханы сургаальд хүртэл бүтээгч гэдэг нь онцгой чадвар гэж бичсэн нь бий. Зүгээр сэтгээд орхихгүй бүтээж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.Хэдийгээр би энэ хүнийг танихгүй, урьд ярьж, холбогдож байгаагүй ч бас нэг зүйлээр нь түүнийг би үнэлдэг.
-Тэр нь юу билээ?
-2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Бээжинд олимп боллоо. Олимпыг ажиглаад байтал монгол хүн бүр сэтгэл зүрхэндээ монгол тамирчин алтан медаль аваасай гэсэн залбиралтай байсан. Гэтэл Н.Түвшинбаяр алтан медаль авлаа. Энэ бас л Х.Баттулгатай холбоотой байсан байна лээ. Тэр үед Жүдо бөхийн холбоог тэргүүлж байсан. Мөн дасгалжуулахаас гадна, спортод эдийн засгийн асар их тусламж хэрэгтэй болдог биз дээ. Тиймээс би Халтмаагийн Баттулгыг нэгдүгээрт, Чингис хааны дэлхийд байхгүй том хөшөө босгосон. Хоёрдугаарт, Монголд анхны олимпын алтан медалийг авчирахад гүнзгий үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.
Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад 88 хүнд гавъяатан цол олгож байсан. Энэ дотор зарим хүнийг есөн үеэр нь ял хэлэлцэхгүй болгож байсан түүх бий. Нутаг ус, газар зааж өгөөд явуулсан байгаа юм. Эдгээр хүмүүсийн Монгол Улсын төлөө байгуулсан үнэмлэхүй гавъяаг нь тэмдэглэж байгаа юм, нэгдүгээрт. Хоёрдугаарт, зүгээр нэг цаасан дээр бичсэн хүн шийтгэдэг хуулиас өөр хууль гэж бий. Тэр нь хөх тэнгэрийн хууль. Чингис хаан тийм л агуу байсан байгаа юм. За есөн үе гэх нь юу юм, энэ Баттулга гэдэг хүнд ял хэлэлцэж болохгүй гэж би боддог.
-Таныг зүйрлэж, жаахан дэвэргэж хэлсэн гэж би хувьдаа бодлоо шүү. Саяхан, Ерөнхийлөгч Х.Баттулгыг дуудаж, загнасан даа. Хэрвээ та харсан бол “гүлдийчээд яваад байх юм” гэх утгатай үгс хэлж байсан. Худлаа л эх орон яриад яваад байхаас яг хийсэн ажил юу байгаа юм гэх утгатай л санагдсан. Гэтэл үүний хажууд “MCS” ажлын байр бий болгоод, улс оронд татвар төлөөд байна гэх.
-Хамгийн сүүлийн нэг жишээ хэлье. 1924 онд Улсын Анхдугаар Их хуралд Ж.Цэвээн гэдэг эрдэмтний бичсэн захидал байдаг юм. Тэр захидал Панмонголимз гэдэг үзлийг тайлбарласан байдаг. Энэ бол үндэсний үзлийн цөм байгаа юм. Чингис хааны байгуулсан Их Монгол Улс гэдгийн улбаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэлхийн хаа нэгтээ байгаа монгол хүнийг нүүгээд эх орондоо ир гэдгийг хэлээгүй. Дэлхийн аль ч өнцөгт байсан монгол хүн болгон оюун санааны нэгдмэл байх ёстой гэдгийг хэлж байгаа юм. Тэгэхээр үндэсний үзэл гэдэг зүйл оюун санаад байдаг. Тэр нь дараа нь бүтээлч ажил болдог. Бусдыгаа манлайлж, даллаж, уриалан дууддаг байхгүй юу. Түүнээс биш намайг явж байхыг хараад энэ цагаан толгойтой өвгөн үндэсний үзэлтэй хүн байна гэж хэлэхгүй. Миний хийж байгаа, бичиж байгаа романууд монгол хүн гэдгийг нь ойлгуулах гэж, монгол хүн эв нэгдэлтэй байх ёстой гэдгийг ойлгуулах гэж бичигддэг.
Үндэсний үзлийн хамгийн гол гурван зүйл бол монгол хүн өөрөө монгол хүн байх, эв нэгдэлтэй байх, Монгол Улс хөгжих. Тэгвэл Х.Баттулга Монгол Улс хөгжиж, эв нэгдэлтэй байх ёстой гэдгийг үйл хэргээрээ үзүүлсэн байна. Урагшаа тэмүүлэх үзэл санааг нь бүрдүүлсэн. Харин өшөө хэн юу хийснийг би сайн мэдэхгүй байна л даа.
-Улс төр төдийлэн сонирхохгүй байгаа тань анзаарагдаж байна. Гэхдээ хүн бүр л өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг мэдэж байна. Х.Баттулга, Тавантолгой, Төмөр зам, ММС гээд л...
-Ийм эв нэгдэлгүй байвал Монгол Улс хөгжихгүй. Баахан нам байгуулагдаад, баахан бүлэг болчихсон байна. Олон хүн янз бүрийн аргаар хөрөнгө, хогшил цуглуулаад хөлжсөн байна л даа. Одоо тэгээд хэн нь илүү баян, хэн нь илүү юмтай болох вэ, гээд л тэмцэлдээд байна гэж би хараад байгаа. Үр дүнд нь, ард түмэн, Монгол Улс хохирч байна. Хохирлын хэмжээг нөхөж дийлэхээргүй болчихлоо. Тэгэхээр монголчууд эвлэх, нэгдэх хэрэгтэй. Эв нэгдэл гэдэг чинь миний яриад байгаа үндэсний үзэл. Бид үндэсний үзэлтэй болчихвол үнэндээ ямар ч асуудал гарахгүй. Тэгээд үндэсний үзлийг чинь бас олж авна гээд хар зах орохгүй л дээ. Чингис хаан гээд үндэсний үзлийн цөм байгаа. Дэлхий дахин үүнийг уг нь мэддэг.
-Олон нам байна, олон толгой байна л гэж байна. Гэхдээ таныхаар бол бид 1206 он, түүнээс улбаалсан Панмонголизм үзлийг л орчин үед ойлгох ёстой гээд байна аа даа.
-Тийм. Би улс төрөөс хол байя гээд ч болохгүй байна. Надад хэн нэгнийг шүүмжлээд, намын батлах авсан зүйл алга. Тэгсэн мөртлөө миний гэр дотор, тогоонд буцалж байгаа хоолон дотор нөгөө улс төр буцлаад байна. Ингээд болохгүй байна. Нэг ёсны мөнгө санхүү, хүмүүсийн амьдралд улс төр ороод ирлээ. Ийм заваан юм болж байна. Ерөөсөө хүн, хүний хувь заяаг бодохгүй юм.
Нэг нүүрс унаж байвал, нэг алтны дусал унаж байвал, нэг зэс унаж л байвал тэдэнд ашигтай. Монгол орны хувь заяа, ирээдүй, хүүхдийн амьдрал тэдэнд огт падгүй юм шиг л байна. Ийм харгис, түрэмгий, хэрцгий бүлэглэл бий болчихсон байна. Үүнээс яаж хагацаж салах юм бол бүү мэд. Би улс төр яриагүй шүү. Х.Баттулга гэдэг хүнтэй нэг удаа гар барьж үзээгүй, огт танихгүй. Намайг ч танихгүй байх. Гэхдээ би үндэсний үзэлтэй хүн тул үндэсний үзэл, эх оронч гэж юу болохыг судалдаг хүний хувьд энэ хүнийг үндэсний үзэлтэй, эх оронч гэж хэлнэ. Түүнийг танихгүй ч үйл хэргийг нь таньдаг хүний хувьд л хэлж байна. Нэг хүн ч байсан үнэтэй шүү.