Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Энхболд: Тавантолгойд бус таван хошуу малд найдаж хөгжье

Хөдөө орон нутагт ажиллахдаа УИХ-ын дарга иргэдтэй уулзаж, сонирхсон асуултад хариулсан. Орхон аймгийн Төрийн банкны үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцаад УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль, тогтоолын талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Монгол Улсын орлогын эх үүсвэр болсон алт, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Харин эдийн засгийн дийлэнх хувь нь уул уурхайгаас шууд хамааралтай манай улсад үнийн уналт хүндээр туссан. Эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт байсныг тоо, баримтад тулгуурлан тайлбарлав. Түүнчлэн Оюутолгой ордын далд уурхайг барихад цемент, арматур, ажиллах хүч чухал төдийгүй Монгол Улсад эдгээр нь хангалттай байгаа учраас далд уурхайн бүтээн байгуулалтыг Засгийн газар дэмжсэн гэж эдийн засгийн талаар танилцуулахдаа ярилаа.

Зээл авах нь санхүүгийн энгийн харилцаа бөгөөд улсын авсан зээлийг бонд гэж нэрлэдэг. 2008-2012 онд Засгийн газар гаднаас 600 сая ам.долларын зээл авсан бөгөөд үүнийгээ шинээр гэрлэгсдэд 500.000, иргэн бүрт сар бүр 21.000 төгрөг гэх мэтээр тараасан. Өөрөөр хэлбэл, энэ их хэмжээний мөнгийг бэлнээр тараасан. Харин 2012 оноос хойш Засгийн газар дээрх өрийг барагдуулсаар өнөөдрийн байдлаар 400 сая ам.долларыг төлөөд байгаа. Харин “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхэд, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан.

Шинээр баригдсан орон сууц, авто зам, аймаг ,суманд баригдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг бүгд бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бондын хөрөнгийн зарцуулалт янз бүрийн хэлбэрээр эргэн төлөгдөх бөгөөд үр дүнд нь Монгол Улсын хөгжил тодорхой хэмнэлээр хурдасч, зээл төлөвлөгөөнийхөө дагуу төлөгдөж байна гээд энэ талаарх статистик мэдээллийг танилцуулав. 2008-2012, 2012-2016 оны хугацаанд өр тавиагүй Засгийн газар гэж байхгүй. Харин тухайн зээлээр юу хийсэн бэ гэдэгт асуудлын гол нь оршдог. Зээлийг бэлэн мөнгө хэлбэрээр тараасан уу, эсвэл бүтээн байгуулалтын ажил хийсэн үү гэдэгт их ялгаа бий гэв. Мөн тэрээр бондын хөрөнгөөр ямар ямар ажлууд хийсэн талаар танилцуулсан юм. 2015 оны эхний хагас жилийн байдлаар 1055 үйлдвэржилтийн төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байна. Эдгээрийн 15 хувь нь 2014 онд, 2015 онд 77 хувь нь ашиглалтад орсон бол 23 хувь нь энэ онд ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм.

Энэ жил улсын төсөвт 24 тэрбум төгрөгийг “Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр”-т зориулан суулгасан. 2016 оноос эхлэн хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэн тэднийг мэргэшүүлэх, дотоодын ажлын байрыг бий болгох томоохон зорилтыг тавьсан. Ингэснээр цэргийн алба хааж байх хугацаандаа бүтээн байгуулалтад оролцсон залуус мэргэжилтэй болохоос гадна улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоно. Манай улсын хувьд 3000 км төмөр зам барих ажил хүлээгдэж байна. Эдгээр ажлуудад гадаадаас ажиллах хүч авахгүйгээр, цэргийн албан хаагчдаа мэргэшүүлэн цалинтай ажиллуулна. Үүний үр дүнд залуучууд цэргээс халагдахдаа дансандаа орон сууцны урьдчилгаагаа төлөх хэмжээний хуримтлалтай, мөн цаашид мэргэшсэн чиглэлээрээ ажиллах боломжийг олгож өгч байна гэлээ.

Дараа нь УИХ-ын дарга Орхон аймгийн иргэдэд, барилгын салбарын хөгжил болон ипотекийн зээлийн үзүүлсэн нөлөөллийн талаар танилцуулаа. Ипотекийн зээлийн үр нөлөөгөөр орон сууцжуулах, барилгажуулах ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд орон сууцанд орсон өрхийн тоо жил бүр өсөлттэй байгаа. Жишээ нь, 2013-2015 онд 66898 шинэ орон сууц ашиглалтад оржээ. Орхон аймгийн хувьд л гэхэд 2012 оноос эхлэн 4979 шинэ орон сууцыг ашиглалтад оруулжээ. Үүгээрээ Орхон аймаг хамгийн их барилгажилт явагдсан, хотжилт идэвхтэй явагдаж байгаа аймаг болжээ. Орхон аймгийн иргэд цаашдаа ипотекийн таван хувийн хүүтэй зээлд хамрагдаж, өмнө нь найман хувийн хүүтэй зээлтэй байсан иргэд таван хувь руу шилжих хууль, эрх зүйн орчин бүрдсэнийг дуулгав. Малчны зээлийн хүү болон “Сайн малчин” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн юм. Цаашид малчин бүр малаа эрүүл байлгаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж, малчны дансаараа гүйлгээ хийснээр сарын 0,8 хувийн хүүтэй зээл авах боломжтой. Түүнчлэн мах экспортлох зэрэг олон боломжуудыг бодит ажил болгож, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын боломжийн талаар УИХ-ын дарга танилцуулсаны дараа “Тавантолгойд биш, таван хошуу малдаа найдаж хөгжье” хэмээн уриаллаа.

Хүлэмжийн аж ахуйн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоолоор “Чингис” бондын санхүүжилтээс “Хүлэмжийн аж ахуй байгуулах” төсөлд 17.4 сая ам. долларын зээл олгохоор шийдвэрлэж, Голомт банкаар дамжуулан 30 аж ахуйн нэгжид 25.14 тэрбум төгрөгийн зээл олгон 10.1 га талбай бүхий өвлийн хүлэмж байгуулж, хүнсний нарийн ногооны үйлдвэрлэлийг 4000 тонноор нэмэгдүүлж, импортыг бууруулжээ. Түүнчлэн техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, элетавторын багтаамжийг нэмэгдүүлэх болон төмс хүнсний ногооны зоорийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ, газар тариалангийн салбарын цаашдын зорилт, хүрэх үр дүнгийн талаар иргэдэд танилцууллаа.
Орхон аймгийн иргэн н.Дөлгөөнтамир “Зэс эрдэнийн хувь” компанийн хамт олны зүгээс УИХ-ын үйл ажиллагааны үр дүнд сэтгэл өндөр явдагаа илэрхийлж, хууль, эрх зүйн зөв зохицуулалтын үр дүнд тус компанийн ажил урагштай явж байгааг хэлж УИХ-ын даргад талархал илэрхийлэв. Өндөр настан н.Доржбаатар “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа амжилттай явж буй талаар саналаа хэллээ. Түүнчлэн иргэн н.Мөнхтуяа БНХАУ-аас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарахын зэрэгцээ эм, эмийн төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас импортлон оруулж ирэх асуудалд онцгой анхаарч, хяналтыг сайжруулах шаардлагатай гэж саналаа хэллээ.
Уул уурхайгаас үүдэлтэйгээр газар нутаг сүйдэж, малын бэлчээргүй болж байгаа бөгөөд УИХ-ын даргын хэлсэн “Тавантолгойд бус таван хошуу малд найдаж хөгжье” гэсэн санаачилгыг Эрдэнэтчүүд дэмжиж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга иргэн н.Мөнхтуяагийн асуултад “Монгол фармер” ложистик худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тус компани олон улсын эрүүл ахуйн стандартыг хангасан тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн иж бүрэн системийг бүрдүүлэх замаар хүнсний ногооны хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангахаар ажиллаж байна. Цаашдаа бид орчин үеийн жишигт нийцсэн зоорь, хадгалалт ложистикийг шийдвэрлэснээр хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Ийм нөхцөл бололцоог ашиглан дотооддоо хийж бүтээх ажлуудыг төр, засгийн зүгээс дэмжсээр байгааг хэлэв.

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, цөмийн хог хаягдал Монгол Улсад булшлах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тул албан ёсны байр сууриа илэрхийлэхийг хүсэв. УИХ-ын дарга З.Энхболд хариулахдаа “Зарим буруу мэдээлэл олон нийтэд цацагдсан байсан. Монгол Улсын байр суурь маш тодорхой. Бид  цөмийн хог хаягдал үүсгэдэг улс биш, тиймээс ямарваа нэг цөмийн хог хаягдал эх орондоо хадгалах, булшлах зохицуулалт огт байхгүй. Харин эсрэгээрээ бид энэхүү конвенцид нэгдэн орсноор эх орондоо цөмийн хог хаягдал хадгалахгүй, тээвэрлэхгүй байх нөхцөл бүрдэнэ. УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжинэ” гэлээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл өгөхийг энэ үеэр иргэд хүслээ. Үүнд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Даваацэрэн “Анх энэ ажлыг хүлээж авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтыг ил тод, шударга, үр ашигтай болгох үүрэг авсан. Тиймээс менежментийн багтаа ийм чиглэл өгч, өнгөрсөн хугацаанд үр дүнтэй болгох гэж хичээж ажилласан. Үүний үр дүнд бид үйлдвэрийн далд эдийн засгийг ил болгон, иноваци хэрэгжүүлж 131 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж чадсан. Тиймээс энэ ажилд хүчин зүтгэж ажилласан менежментийн багийн шилдэг ажилтнуудаа урамшуулсан. Ингэхдээ иноваци, хэмнэлтийн арга хэмжээнийх нь үр дүнд үүссэн хөрөнгөөс эдгээр хүмүүст урамшуулал олгосон. Эдгээрийн зарцуулалт ил тод явагдсан, бүх татварыг төлсөн, бүхнийг шударгаар хийсэн”  гэсэн хариулт өглөө.

Орхон аймгийг хотын статустай болгох асуудлыг дэмжиж өгөх хүсэлтийг хэлж байв. УИХ-ын дарга З.Энхболд энэ асуудлыг 100 хувь дэмжиж буйгаа хэлээд, Үндсэн хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах асуудлуудын нэг бол Орхон аймгийг Эрдэнэт хот болгох асуудал байгаа. Ингэхдээ энэ асуудлыг Улсын Их Хурлын 76 гишүүн шийдэхгүй, харин сонгуулийн үеэр санал өгөх хуудас дээр энэ талаарх санал асуулгыг давхар явуулж, бүх ард түмнээрээ хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна гэлээ. УИХ-ын дарга З.Энхболдын Орхон аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн М.Батчимэг, Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан