Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрсдэлд суурилсан хяналтын дүнд импортын барааны зөрчил буурч байгаа гэв
Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Сүүлийн жилүүдэд манай улс зайлшгүй хэрэгцээт, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангах чиглэлээр хүнс үйлдвэрлэлийн салбарт багагүй ахиц гаргасан ч хэдэн зуун мянгаар тоологдох бусад нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хоёр хөршөөсөө болон гуравдагч импортлогч орноос нийлүүлсээр байна. Тиймдээ нийт импортын бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувийг зөвхөн хүнсний бүрээгдэхүүн эзэлж байгаа гэх тоо баримт бий.

Хоол хүнс гэдэг өнгөц харахад өдөр тутмын энгийн хэрэглээ мэт боловч цагаа тулахаар үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг чухал сэдэв. Тиймээс энэ их импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээнд тодорхой босго тогтоож, төрөөс бодлогоор зохицуулах шаардлагатай. УИХ-аас 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Хүнсний аюулгүй байдлыг хангах нь хүний аюулгүй амьдралын үндэс” хэмээн үзэж Хүнсний аюулгүй байдлыг хангах арга замуудыг тодорхойлсон.

Тэр дундаа эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай нарийвчлан тусгаж, өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд түлхүү анхаарах болсон. Тус ажлыг гардан гүйцэтгэгч нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтэс. Товчхондоо, идэж буй хүнс тань эрүүл эсэхийг эхний ээлжинд эл байгууллагаас хянаж, шалгадаг хэрэг. Эл хэлтэс зөвхөн хүнс гэлтгүй бусад импортын бараа бүтээгдэхүүний хүн амьтан, байгаль орчинд үзүүлж болох эрсдэлийн төвшинг тогтоож, хянах үүрэгтэй.

Түүнчлэн, Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсүүдэд бууж буй импортын бодис, бараа, бүтээгдэхүүн, мөн экспортоор гарч буй мал, амьтан, ургамалын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хүн амын аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн үндсэн дөрвөн үүрэг чиглэлээр ажилладаг.

Эл хэлтсээс эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хийснээр гарсан үр дүнг иргэд, аж ахуй нэгжид сурталчилах зорилгоор “Хяналт, шалгалтын үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг” сэдэвт уулзалт, сургалт зохион байгуулж, импортлогч аж ахуй нэгж, иргэдийг татан оролцууллаа. Өчигдөр эхэлсэн уулзалт сургалтад “Наран фүүдс”, “Цахиур” ХХК, “Анунгоо” ХХК зэрэг 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

“Иргэдэд байдаг нийтлэг ойлголт бол импортлогчид гадаад зах зээлээс чанаргүй, хямд төсөр бараа оруулж ирж ард иргэдэд түгээж байгаа мэтээр хий харддаг. Угтаа Улаанбаатар хот болон бусад мэргэжлийн хяналтын боомтууд дээр чиглэл бүрийн улсын байцаагч ажиллаж импортын бараа бүтээгдэхүүнд байнгын хяналт тавьж байна. Ингэхдээ тухайн бараа бүтэгдэхүүнд биет үзлэг, бичиг баримтын шал­галт, лабораторын шин­жилгээ­гээр шинжилж байж улсын хил нэвтрүүлдэг.Лабора­­­­­­торын шинжилгээтэй хянал­тыг эрсдэлд суурилж хийдэг. Товчхондоо, өндөр эрсдэл­тэй гэж үзсэн бараа бүтээгдэхүүнд лабораторын хяналт хийдэг. Сүүлийн гурван жилд мэргэжлийн хяналтын байгууллагаас барьж буй бодлого эрсдэлд суурилсан хяналт руу илүүтэй чиглэж бай­гаа нь импортлогч аж ахуй нэг­жүүдийн үйл ажиллагааг хөнгөв­­­чилж байгаа сайн тал­­­тай” хэмээн НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн үг хэлсэн юм.

Энэ оны эхний гурван сарын байдлаар импортын хяналтаар Улаанбаатар хот дахь гүний гаалийн хяналтын бүсэд давхардсан тоогоор 1477 аж ахуй нэгж, 24 иргэний 76980 тонн, 1060 литр бодис, бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн байна. Харин экспортын хяналтаар давхардсан тоогоор 178 аж ахуй нэгж, зургаан иргэний 7620 тонн, 1.1 сая ширхэг бодис, бараа бүтээгдэхүүний экспортод хяналт хийсэн байна.

Импортын хяналтаар ихэвчлэн хаяг шошго, тээвэрлэлтийн горим алдагдах, бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг нийтлэг зөрчлүүд илэрдэг аж. Тухайлбал, өнгөрсөн сард Итали улсаас импортлогдсон 17 тонн цэвэр ус тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдөж, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон бол БНСУ-аас орж ирсэн 12.4 тонн шар айраг хадгалалтын хугацаа дууссан тул улсын байцаагчийн хяналтад гаалийн горимоор устгасан байна.


Б.Одонтунгалаг: Манай аж ахуй нэгжүүд эрсдэлээ тооцож сураагүй байна

Экспорт, импортын хяналтын хэлтэсийн дарга Б.Одонтунгалагтай ярилцлаа.

-Хотын хэмжээнд хэчнээн гаалийн хяналтын бус үйл ажиллагаа явуулж байна вэ. Мөн уулзалт, сургалт хэдий хүртэл үргэлжилж хэчнээн аж ахуй нэгж хамрагдах вэ?
-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын 14 бүсэд нийт 42 байцаагч ажиллаж байна. Сургалтын тухайд манай газраас энэ оныг хэрэглэгчийн жил болгосонтой холбогдуулж импорт, экспортын хяналтын чиглэлд юу хийж байгаа, мөн импортлогчид маань юунд анхаарах, цаашид импортын бараа бүтээгдэхүүнд тавих хяналт, эрхзүйн орчин нь ямар байх тухайд иргэд аж ахуй нэгжүүдэд 14 хоногийн сургалт зохион байгуулж байна.

-Гаалийн хяналт шалгалтын цэг, лабораторт Монгол Улсын хууль, дүрэм мөрдөгдөхөөс гадна олон улсын гэрээ, хэлэлцээр ч дагаж мөрдөгддөг байх. Ер нь, нийт хэчнээн хууль, журам, гэрээ хэлцэл хүчин төгөлдөр мөрдөгддөг юм бол?
-Бид юуны өмнө Төрийн хяналт шалгалтын тухай хуулиа дагаж мөрдөнө. Мөн Амьтан, ургамалын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийг экспортлох, импортлох тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль гэхчлэн нийт 70 орчим хууль, тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна.

-Хяналт, шалгалт хийгдэж буй бараа бүтээгдэхүүний дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүн байгаа нь лавтай. Ер нь, танай хэлтэс нийт хэчнээн нэр, төрлийн бүтээгдэхүүнд хяналт тавьж байна вэ?
-2194 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хяналт тавин ажилладагийн 70-80 хувь нь хүнсний бүтээгдэхүүн байдаг. Эдгээрээс эрсдэлийн үзүүлэлт хамгийн өндөр буюу “эрсдэл ихтэй” гэх ангилалд одоогоор 643 нэр төрлийн барааг хамруулаад байна.

-Зөрчилтэй, магадгүй ашиглах хугацаа хэтэрсэн ба­раа бүтээгдэхүүнийг уст­­­­галд оруулна. Энэ зардлыг им­­­­­портлогч өөрөө гаргах уу?
-Тийм. Манай аж ахуй нэгжүүд санхүү, хөрөнгө мөнгөө л яриад байхаас эрсдэлээ тооцож сураагүй. Хэрэв эрсдэл үүсвэл экспортлогч, импортлогчийн аль нь хариуцах тухай худалдааны гэрээндээ сайтар зааж өгөх нь чухал. Энэ ажлыг зүй ёсоор нь хийж чадвал ядаж л устгах зардлыг хоёр талаас хамтран гаргаж болдог.

-Хувь хүмүүс жижиглэнгээр тамхи, архи согтууруулах ундаа, элдэв эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж гар дээрээс худалдаалах нь их. Нэгэнт ямар нэг хяналтгүй ороод ирчихсэн дээрх бүтээгдэхүүнд хэрхэн хяналт тавьдаг юм бол?
-Уг нь энэ төрлийн бараа бүтээгдэхүүнүүд хилийн боомтуудаар, хувь хүнээр дамжин орж ирдэг. Тиймдээ ч хяналт тавих үүргийг Замын-Үүд, Алтанбулаг гэхчлэн боомтууд хүлээх учиртай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан