Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэв идсэн туухайг таван саяар үнэлж байна

Ж.ЖАМУХА

Айл бүрийн амбаар саванд зэвэнд идэгдэн хэвтдэг байсан туухай (гантель) 500 мянгаас таван сая төгрөгөөр үнэлэгдэх болов. Үнэмших аргагүй ч энэ төрлийн “бизнес” илт цэцэглэж байгааг сүүлийн хэд хоног тандаж суулаа. Интернэт сайтуудаас аваад олон нийтийн сүлжээнд “Гир, гантель өндөр үнээр авна” гэх зар ар араасаа хөвөрч, аманд багтахгүй үнэ амлах хүн олшров. Эхэн үедээ эргэлзэж, “хар төмөр хаданд гарав уу” гэж бодсон ч үнэхээр үнэд хүргэн зарсан тохиолдол ганц нэг дуулдав. Улмаар үеэ элээсэн эл биеийн тамирын хэрэгсэл үнэ хүрэх болсон нь эрхгүй сонирхол татлаа. Арай, амбаар саванд чинь таван сая төгрөг зэвэнд идэгдээд хэвтэж байгаа юм биш биз...

Туухай тойрсон таамаг

Хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн 5-32 кг жингийн туухай тав хүртлэх сая төгрөгөөр үнэлэгдэх болсонд элдэв таамаг дэвшүүлэх нь их байна. Социализмын үед сургууль бүрийн спорт зааланд төрөл төрлөөрөө хөглөрч асан энэ төмөр зөвхөн манайд ч бус Гүрж, Турк, Казахстан зэрэг оронд үнэ хүрээд байгаа сурагтай. Тэр ч бүү хэл ам.доллараар авна гэх нь ч бий. Гүржид л гэхэд ийм туухай хулгайлах хэрэг илт өсч байгаа бол Орост 100 мянган рубль хүргэн зарж байгаа гэнэ. Хамгийн сонирхолтой нь жирийн л нэг биеийн тамирын дасгалын хэрэгсэл өндөр үнэд хүрэх болсон шалтгааныг оросууд өөрсдөө ч ойлгож цөхөөд байгаа тухай ганц нэг сайтад сийрүүлжээ. Мөн энэ хэрэгтэй холбоотой элдэв таамаг дэвшүүлснийг интернэт ертөнцөөс олж үзлээ. Олны ам дамжсан ярианаас хамгийн магадлал өндөр нь туухайн дотор мөнгөн ус байдаг гэх. Дээд тал нь 32 кг жин татах туухайг жинд нь хүргэх зорилгоор мөнгөн ус хийдэг байсан гэх бөгөөд энэ таамаг үнэн байх магадлал өндөр. Учир нь, туухай авах сонирхолтой хүмүүс “Дондогмаа хүүхэлдэй шиг аль ч талаар нь тавьсан бариул нь дээш харан босч байх ёстой” гэх  шаардлага тавих бөгөөд хэрэв тийм биш бол хэрэггүй гэнэ. Үүнээс үзэхэд үнэхээр мөнгөн ус агуулдаг байж болох. Үнэхээр “Алт барьдаг” хэмээн үйлдвэр уурхайнуудаас аваад гар аргаар алт олборлогч иргэд гар татдаггүй мөнгөн ус агуулдаг бол үнэ хүрэх нэг шалтгаан болж мэднэ.

Цагаан алт. Энэ бол хоёрдахь таамаг. Хэрэв туухайн дотор цагаан алт хийсэн гэвэл Тула хотын заводтой холбоотой байж болох тухай Оросын сайтад бичжээ. ЗХУ-д ийм туухай үйлдвэрлэж байх үед цагаан алтны нэг хэлбэр болох иридийн нөөц илрүүлж байсан гэх бөгөөд тухайн үед туухайд хийж “дарсан” гэх домгийн шинжтэй яриа бий. Магадгүй “Эрдэнэ нуусан гар” гэдэг шиг туухайн дотор цагаан алт нуусан байхыг үгүйсгэхгүй.Өөр нэгэн таамаг бол маш ховор палладий гэх металл туухайнд байдаг бөгөөд үйлдвэрлэж байх үед нь буюу одоогоос 30-40 жилийн өмнө уг металлын үнэ цэнийг тэр бүр мэддэггүй байсан гэх.

Түүнчлэн, төмөр туухайны ёроолд цөмийн зэвсэг хийхэд хэрэглэгддэг нэг төрлийн химийн элемент агуулагддаг гэх бөгөөд хүнд жинтэй болгохын тулд ашиглаж байсан ч гэх. Ямартай ч туухай тойрсон таамаг тоймоо алдсан гэж болно. Үнэхээр өнгөт металл, үнэт элемент агуулдаг бол үйлдвэрлэсэн улс нь багахан баримжаатай баймаар.

Будаатай аяганы булхай давтагдав уу

Саяхан даа, будаатай аяганы “бизнес”-ээр бурзайх дөхсөн хүн олон. Ёроолдоо Чяньлун буюу Чин улсын зургадугаар хааны тамга бүхий, XVI зууны үед хамаарах будаатай аяга хэмээн тайлбарлаж, 400-600 мянган төгрөгөөр үнэлэн авч байсан. Тэр хэрээр шаазан аяганы эрэлд гарч шаггүй наймаа хийчих санаатай зарим нь будаатай аяганд гар татахгүй авах болсон. Энэ наймаа хятадуутай хамтарч ажилладаг нэгэн залуугаас гарсан гэх бөгөөд мань хүн Монголоос авсан аягаа хятад хамтрагчдаа нийлүүлж, эндээс авсан үнээ хэд хэд нугалан арилждаг байсан гэнэ. Анх 400 мянган төгрөгөөр үнэлж байсан хятад ч 600 мянгаар авах болсонд мань хүн амтшиж, ченжүүдээс гар таталгүй аяга авах болж.

Үнэ нь өсөөд байсан учир ченжүүд ч улайрч цуглуулсан хэдэн аягаа хятад нөхөрт өгөхөөр эрэл сурал болсон гэдэг. Энэ хооронд мөнөөх будаатай аягыг нь урд хөршөөс их хэмжээгээр оруулж ирэн манай ченжүүдэд бага багаар худалдсан бөгөөд анх өндөр үнээр авсан хэдэн аяганыхаа үнийг хэд хэд нугалсан гэдэг. Үүнтэй адил туухайны бизнес ч өгөөш байх вий гэх хардлага олны дунд бий. Улмаар туухай авна гэх зар тавьсан хүмүүс рүү утас цохьсон юм. 8811-тэй дугаараар гангарсан эрхмээс “32 кг-ын хоёр туухай байна, авах уу” гэхэд дондогмаа хүүхэлдэй шиг босч ирж байгаа эсэхийг лавлаад нэг бүрийг нь таван саяар үнэлэв. “Эргээд холбоо барья” гээд утсаа таслаад удаагүй байтал “Хаана байгаа юм, шууд очоод авъя” хэмээн зурвас илгээв. Төд удалгүй эргэн залгахаар нь “Энд өөр хүн өгөхөөр болчихлоо” гэтэл нэгийг нь зургаан саяар авах санал хэлэв. “Уучлаарай, өгнө гээд хэлчихсэн болохоор эвгүй юм” гэвэр дахин 500 мянган төгрөг нэмж байна.

Хэдэн жилийн өмнө хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд, ялангуяа Казахстанд Германы “Зингер” оёдлын машин, зөвлөлтийн “Зил” хөргөгч нэг их эрэлттэй болж, будаатай аяга, туухайтай адил үнэд хүрч байв. Тэгснээ хэсэг хугацааны дараа нам жим болж, хэн ч сонирхохоо больсон билээ. Туухайны тухай сонирхох зуур Оросын ганц нэг сайтад энэ тухай жишээ болгон бичсэнийг олж уншсан юм. Магадгүй, олон нийтийн дунд хуучны ховор эд юмсыг өндөр үнэ хүргэн цуурхал тарааж улмаар будаатай аяга шиг бөөн бөөнөөр нь шахдаг луйврын арга барил ч байж мэднэ. Зөв идсэн туухай зэгсэн үнэд хүрч, ам.доллараар үнэлэгдэх болсон учир удахгүй тайлагдах биз ээ.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан