Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд хохирол барагдуулахыг шаардаж байна

Б.ШИРНЭН


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр болдог. Учир нь, энэ өдөр хэлмэгдүүлэлтийн оргил үе эхэлсэн гэж үздэг байна. Учир нь, БНМАУ-ын төр засаг, Дотоод явдлын яам, Цэргийн яамны удирдах албан тушаалтнуудыг ЗХУ-ын Чита болон Москва хотноо аваачиж мөрдөн байцаахад монгол иргэдийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд биечлэн оролцож, монгол хэлний орчуулагчаар ажиллаж байсан буриад Базар Чимитович Балданог 1956 онд ЗХУ-ын Цэргийн ерөнхий прокурорт мэдүүлэг өгөхдөө энэ талаар хэлжээ. Олон нийтэд дэлгэсэн түүний мэдүүлгээс үзвэл, 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө “Загавор”, “Хуйвалдаан” хэмээн улс төрийн хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэгт холбогдсон гэх 115 монгол иргэнийг Дотоод явдлын яаманд хүргүүлж, их баривчилгаа эхэлсэн байдаг аж.

Гэхдээ “Монголд өрнөсөн Их хэлмэгдүүлэлтийн эхлэлийг 1922 он гэж үздэг бөгөөд 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилж, шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байсан” хэмээн хэлмэгдүүлэлтийн талаар баримт нийтэлсэн ном, сонин, намын төв хорооны комиссын итгэл зэргээс иш татан нэвтэрхий тольд бичжээ.

Мөн хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж, олноор нь хороож байсан аж. Олон жил үргэлжилсэн хэлмэгдүүлэлтэд 45-55 мянган хүн өртөж, хөнөөгдсөн гэж үздэг ч ихдээ хэлмэгдэгсдийн тоо 100 мянгад хүрнэ гэх тоо бас бий. Энэ нь Монгол Улсын тухайн үеийн хүн амын 8-13 хувь гэх бөгөөд эдгээрээс 18 мянга гаруй нь лам нар байжээ.

Хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг түүхийн гурван хэсэгт хувааж үздэг ч аль, аль нь ор үндэсгүй, зохиомол хэргээс үүдэлтэй гэдгийг түүхийн баримтаар нотолдог байна. Хэлмэгдсэн иргэдийн тоо баримтаас иш татвал, 1932-1940 онд 28.451 хүн баригдаж шийтгүүлснээс 20.822 нь буудуулжээ. Харин 1937-1940 онд 26.721 хүн шийтгэгдэж, 20.660 нь буудуулсан байна. 1937-1940 онд шийтгүүлсэн хүний тоо нь тэр үеийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувьтай тэнцэж байсан нь 1000 хүн тутмаас 10-11 хүн шийтгэгдэж, 8-9 хүн буудуулж байсан харамсалтай тоо баримт юм. Мөн сэхээтнүүдийн буюу 1934 онд хуралдсан намын 9-р их хурлаар сонгогдсон бүгд хурдын гишүүдийн 72, Төв хорооны тэргүүлэгчдийн 82, намын төв комиссын гишүүдийн 57, Тав шалган байцаах комиссын гишүүдийн тус, тус 80 хувь нь баригдаж шийтгүүлж байжээ.

Харин манай улсын парламент 1998 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталснаар төрийн нэрийн өмнөөс хэлмэгдэгчдийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх, тэдэнд нэг удаагийн нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах боломжтой болсон юм.

Энэ хууль батлагдсантай холбоотойгоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс ажиллаж байгаа бөгөөд тус комиссын 2015 оны есдүгээр сарын 10-ны өдрийн өгсөн мэдээллээр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 31.1 мянган иргэн байгаагаас тэдний үр хүүхэд, төрөл төрөгсөд гэх нийт 18036 хүнд 16.2 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгосон” байна. Мөн өнгөрсөн онд Өргөдлийн байнгын хороо мэдээлэл өгөхдөө “Нийт нөхөн олговор шаардагдах иргэд 73-92 насны 400 орчим хүн бий” гэсэн юм. Гэхдээ үүний цаана олон хүн бий. Мөн одоогийн “цагаатгалын” хуульд өөрчлөлт оруулж, нөхөн олговрыг хангалттай, саадгүй олгоход хоёр их наяд төгрөг шаардлагатай тул УИХ, Засгийн газрын түвшинд анхаарах хэрэгтэй гэж байв. Мөн хэлмэгдэгсэдийн үр хүүхдүүд өдгөө өндөр настай тул хууль тогтоох, түүний дараах гүйцэтгэх байгууллагууд хурдан ажиллахгүй бол хүлээх хугацаа хангалттай байхгүй гэж байгаа юм.

Мөн их хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн үр хүүхдүүд Засгийн газраас өнөөдрийг хүртэл хохирлоо нөхөн барагдуулж, нэр төрийг нь сэргээхийг шаардсаар байгаа ч Засгийн газар тодорхой хариулт өгч чадахгүй байна. Тухайлбал, “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хүүхэд” Төрийн бус байгууллагын тэргүүн, хэлмэгдүүлэлт судлаач Д.Дашдаваа “1930-1940 онд цаазлагдсан 30 мянга гаруй хэлмэгдэгчийн үр, хүүхдүүдээс 500 гаруй нь л амьд сэрүүн байна. Тэд ихэнхдээ хамгийн бага тэтгэвэр авч, мөнгөгүй, байргүй, хүнд амьдралтай байдаг. Тэтгэвэр авдаггүй, орон сууцны подвальд амьдардаг ч хүн байна” хэмээн Засгийн газар, УИХ-ыг доривтой ажил хийхийг шаардаж байгаа юм. Мөн тэрээр манай сониноор дамжуулан дараах захидлыг эрх баригчдад хүргэж байна.

Хохирлыг нь барагдуулж өгдөггүй цагаатгал гэж хаана ч байдаггүй

Цагаадсан улс төрийн хэлмэгдэгчид нэр төрөө сэргээлгэх ёстой. Тэд хохирлоо, хураагдсан эд хөрөнгөө нөхөн төлүүлж, “хүн шиг амьдрах” ёстой. Манай Үндсэн хуульд ч “Монгол Улсын иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх баталгаатай эрхтэй” гэсэн байдаг.

1930-1940 оны улс төрийн хэлмэгдүүлэлтээр гэмгүй эцгээ төрд хилсээр цаазлуулан өнчирч, төрд бүх мал, эд хөрөнгөө, гэр орноо хүртэл хураалган хоосорч, гуйлгаар амьдрах болсон. Мөн элдвээр  доромжлуулан дарлагдаж, эрхээ элдвээр зөрчүүлж, нэр төрөө гутаалгаж, ажил, сургуулиас хасагдаж, эцгээрээ овоглож чадахгүйд хүрч хохирсон тэдгээр хүний ихэнхи нь бүх насаараа ядуу амьдрав. Тэд хамгийн хүндээр хэлмэгдсэн хүмүүс юм.

Тухайн үедээ тэд ихэвчлэн нийгмийн чинээлэг айлууд байсан бөгөөд тэднээс хураасан хөрөнгөөр Монгол Улс Халхын голын дайны нэмэгдэл их зардлыг хялбархан давснаар барахгүй, урьд нь мөнгө, хөрөнгөгүйгээс барьж чадахгүй байсан анхныхаа 3, 4 давхар барилгуудыг ч хэлмэгдэгчдийн хөрөнгөөр л барьж эхэлсэн байдаг.   

Хэлмэгдэгчдийг хожим цагаатгасан ч, хохирлыг нь барагдуулж өгдөггүй цагаатгал гэж хаана ч байдаггүй. Гэтэл манай төр тэдэнд өөрийн хилсээр учруулсан хүний амины, бэлэвсрэл өнчрөлийн, эд хөрөнгийн, нэр төрийн, ахуй амьдралын, сэтгэл санааны хохирлыг одоог хүртэл барагдуулаагүй байна. Эдийн засаг нь 17.6 хувиар өсч, дэлхийд тэргүүлж, гэр бүл болоход, хүүхэд төрүүлэхэд ч мөнгө өгч байна. Мөн иргэн бүртээ 1.5 сая төгрөг хуваарилж, 2000 орчим ахмад дайчиндаа болон бүгд байртай байсан 430 баян депутат дарга нарт цөмд нь үнэгүйгээр байр олголоо. Гэвч, мөнгөөр “хахаж цацаж”, мөнгөөр “туйлж” байхдаа ч, 1930-1940 онд хэлмэгдэгдсэн иргэдийн үр, хүүхэд төрөл төрөгсдийн хохирлыг төлж өгсөнгүй. Тэдэнд байр олгосонгүй. Манай эдийн засаг одоо ч хоёр хүртэл хувийн өсөлттэй байгаа ч 500 гаруйхан үлдсэн иргэдийнхээ хохирлыг барагдуулж чадахгүй байна. Үүнд, гагцхүү сэтгэл л хэрэгтэй байна.

Манай төр “цагаатгалын” хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулж, “1930-1940 оны хэлмэгдэгчдийн хохирлыг барагдуулна, тэдэнд байр өгдөг болно” гэж удаа дараа амалсан ч, амлалтаа биелүүлсэнгүй. Тийнхүү, сүүлийн гурван удаагийн УИХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс 12 жилийн турш хэлмэгдэгчдийг хууран мэхлэв. Энэ нь  80, 90 нас хүрсэн тэднийг хуурч байгаад, үхүүлээд дуусгачих гэсэн манай төрийн далд бодлого байсан байж магадгүй юм. Үнэндээ, 1930-1940 онд цаазлагдсан 30 мянга гаруй хэлмэгдэгчийн үр, хүүхдүүдээс 500 гаруй нь л амьд сэрүүн байна. Тэд ихэнхдээ хамгийн бага тэтгэвэр авч, мөнгөгүй, байргүй, хүнд амьдралтай байдаг. Тэтгэвэр авдаггүй, орон сууцны подвальд амьдардаг ч хүн байна.

Хэрэв, төр, засаг хэлмэгдэгчдийн хохирлыг барагдуулна гэвэл, бусад орны туршлагаар, зориудын арга хэмжээ авч, зориуд мөнгө гаргаж, өндөр настай, мөнгөгүй, байрны шаардлагатай болсон тэднийг даруй байртай болгож, хэсэг зуур ч атугай тэднийг хүн шиг амьдруулах цаг бол­жээ. Бусад бүх орон улс төрийн хэл­мэгдэгчдийн хохирлыг 2000 оноос өмнө бүрэн барагдуулж өгсөн байна.

Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгсдийн хүүхэд төрийн бус байгууллагын тэргүүн, хэлмэгдүүлэлт судлаач Д.Дашдаваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан