Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Жавхлан: Ээжүүдээс хамгийн их шинэ санал, санаачилга гардаг

Б.МЯГМАРЖАВ


Манай улс эх хүүхдэд ээлтэй орчинтой, хууль эрх зүйтэй улсын тоонд ордоггүй. Гэртээ хүүхдээ хараад суухдаа хажуугаар нь ажил хийх боломж хомс байдаг. “Шинжлэх ухааны парк”-ийн “Виртуал инкубатор”-ын дөрөв  дэх гишүүн Э.Жавхлан ээжүүдэд зориулсан анхны монгол аппликэйшн хөгжүүлэх бизнес санаагаа гэртээ хүүхдээ харж байхдаа олжээ. Залуу ээж Э.Жавхлан өнгөрсөн хугацаанд хөгжүүлэлтийнхээ 70 гаруй хувийг амжуулж “МаМа Апп”-ээ  зах зээлд нэвтрүүлэх бизнес төлөвлөгөөтэй “Виртуал инкубатор”-т бойжих ажлаа эхлүүлжээ. Тус “Виртуал инкубатор”-ын үйлчилгээ гарааны компаниудыг төрүүлж, хөл дээрээ зогсч, инноваци хийхэд шаардлагатай бүх үйлчилгээг нэг дороос үзүүлж, компани, хувь хүнд бизнес санаагаа бүтээгдэхүүн болгон хувиргах боломжийг нээлттэй олгодог байна. Тэрээр Монголд ээжүүдэд зориулсан аппликэйшн зохиожээ. Хэрэгтэй мэдээ мэдээлэл болон сонирхол нэг, нэгнийгээ олж бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Энэ талаар “Шинжлэх ухааны парк”-ийн бизнес инкубатор төвийн гишүүн Э.Жавхлантай  ярилцлаа.

-Танай аппликэйшн ээс ээжүүд өөрт хэрэгтэй яг ямар зүйлийг олж авах боломжтой вэ?
-Аппликэйшн маань газарзүйн байрлал заадаг учраас ээжүүд аль ойр байгаа нэгнийгээ сонгоод найзлах, санал санаачилга гарган хэрэгжүүлж ахуй амьдралдаа нэмэр болох боломжтой. Тухайлбал, хүүхдээ харангаа бие биедээ хичээл заах. Мэддэг зүйлээ мэддэггүй нэгэндээ хүргэх гэх мэт. Ер нь, ээжүүдийг хараад байхад шинэ санаа их гаргадаг. Түүнийг нь хэрэгжүүлэхэд жаахан дэмжлэг өгөх юм бол тэд өөрсдөө цааш нь хөгжүүлдэг. Тус тусдаа блог хөтөлдөг байсан ээжүүд нэгдээд нэг хамт олон болж байгаа. Аппликэйшн маань ээж байх хэв маягийг хялбар болгож өгнө. Өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг авах, арга хэмжээнд оролцох, өөрөө ч арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Фэйсбүүкт төрөл бүрийн арга хэмжээ зохиогддог л доо. Гэхдээ хэтэрхий нээлттэй болж аюулгүй байдал нь алдагдах сөрөг талтай.

-Анх ээжүүдэд зориул­сан аппликэйшн бүтээе гэсэн санаа хэрхэн төрсөн бэ. Ер нь, энэ төрлийн аппликэйшн хэр олон байдаг юм бэ?
-Хүүхдээ төрүүлээд гэртээ сууж  байхад эмэгтэй хүн олон зүйл эргэцүүлэн боддог юм билээ. Би өөртэйгээ ижил бэрхшээлтэй ээжүүдэд юу хийж өгч болох вэ гэж бодсон. Ингээд зөвхөн ээжүүдэд зориулсан аппликэйшн байвал зүгээр юм байна гээд судалж эхэлсэн.
Манайд Файсбүүкт төрөл бүрийн групп үүсгээд ээжүүд нэгддэг болохоос яг албан ёсны зөвхөн ээжүүдэд зориулсан аппликэйшн байдаг­гүй юм билээ. АНУ-д газарзүйн зураг, байрлал дээр тулгуурласан аппликэйшн байдаг.

-Анх удаа хийж байгаа болохоор мэдээж бэрхшээл гарсан байх?
-Манай улсад  мэдээлэл технологийн салбар төдийлэн хөгжөөгүй шинэ зүйл гэж болно. Би олон улсын харилцааны мэргэжилтэй болохоор олон бэрхшээл тохиолдсон. Тэр болгонд миний зориод хийсэн ажил юм чинь гээд хичээсэн. Өнгөрсөн зунаас төлөвлөгөө гаргаж өвлөөс эрчимтэй ажилласан. Ер нь, энэ төрлийн ажил эрхлэхээр бол ээжүүд маань мэдээлэл технологийн салбарынхантай баг болоод ажиллавал дээр юм билээ.

-Шинжлэх ухааны паркаас хэрхэн дэмжлэг үзүүлсэн бэ. Та тус төвийн гишүүн гэж явдаг юм байна. Гарааны бизнес эрхлэх гэж байгаа иргэд ямар үйлчилгээ авах боломж  байдаг юм бэ?
-Анх энэ ажлыг хийхэд хуульзүй, маркетинг, оюуны өмчийн тухай гээд олон зөвлөгөө мэдээлэл шаардлагатай болсон. Тэгээд инкубатор төвдөө хандсан. Шинжлэх ухаан мэдээллийн тө­­вд инкубатор виртуал инкубатор гэсэн хоёр төрлийн үйлчилгээ явуулдаг. Манайх виртуал инкубатор үйлчилгээг авдаг.
Шаардлагатай үедээ оффисс, хурлын танхим хөн­гөлөлттэй үнээр түрээслэдэг. Тус төв нь гарааны бизнес эрхлэх гэж байгаа болон шинэ санаагаа хэрэгжүүлэх гэж буй иргэдэд том дэмжлэг үзүүлдэг. Бид  аппликэйшн дээрээ үндэслээд төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа. Энэхүү үйл ажиллагаа маань Монголын эхчүүдэд зориулагдсан. Үүний зэрэгцээ Монголын пионер ээжүүдийн холбоо төрийн бус байгууллага байгуулсан. Олон улсад пионер ээжүүдийн холбоо байгуулагдаад явж байгаа энэ холбоодтой холбоо тогтоож аппликэйшн ээ нэвтрүүлнэ. Уг холбоо нь бизнес, ажил хөдөлмөр эрхэлдэг ээжүүдийн холбоо гэсэн үг. Манай холбоо зургадугаар сард байгуулагдаж одоог хүртэл найман төсөл санаачилж тавыг нь хэрэгжүүлээд байна.

-Цахим ертөнцийг харж байхад гэртээ хүүхдээ харж байгаа  ээжүүдэд  гоо сайхны сургалт гэх мэт арга хэмжээ зохион байгуулдаг. Гэтэл яг амьдралд нь хэрэг болохуйц ажил болон хүүхдийн хүмүүжил, мэдлэгт нэмэр болох зүйл зохион байгуулж  харагддаггүй?
-Тийм шүү. Тэр зохион байгуулж байгаа арга хэмжээнүүд нь хүртэл хандалт ихтэй байдаг. Ээжүүд ч гэсэн гэртээ сууж байхдаа их эмзэг байдаг. Өөрийн бие организмын өөрчлөлттэй холбоотой асуудалд эмзэглэдэг. Энэ бол түр зуурын л зүйл. Манай багийн гишүүд 30-аас дээш насны бүсгүйчүүд. Тийм болохоор аливаад ул суурьтай хандаж аль болох эх хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх оюунлаг  арга хэмжээ зохион байгуулахыг илүүд үздэг. Удахгүй нэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд, ээж та ажилд ороход бэлэн үү, хүүхэд хүмүүжлийн арга барил, ээж та бизнес эрхлэхэд бэлэн үү гэсэн зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагаа явуулна.

-Төрийн бус байгууллагууд ихэвчлэн төрөл бүрийн сайн дурын арга хэмжээ зохиодог шүү дээ. Танай байгууллагын хувьд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Улс орны хөгжилд мэдээлэл судалгаа чухал. Манай улсын хувьд эмэгтэйчүүд, хүүхдийн ямар төрлийн өвчлөл  хэзээ их байна гэсэн тодорхой мэдээлэл байдаггүй. Бодит  мэдээлэлд  суурилсан дүн шинжилгээ байхгүй. Иймээс эрүүл мэндийн судалгааны байгууллагад хөрөнгө босгож өгөх аян зохион байгуулна. Мөн эмэгтэйчүүдийн ажиллаж амьдрах эрхзүйн орчинг сайжруулах арга хэмжээнүүд зохион байгуулна. Эхний ээлжинд байгууллагаа таниулах ажил хийж байгаа нь энэ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан