Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2030 он гэхэд нянгаар үүсгэгдсэн аливаа өвчлөл одоо хэрэглэж буй антибиотикт дасалтай болно

Ж.ЖАМУХА

Иргэдийн дунд ханиад томуу туссан үед “хурдан дарж авъя” гэх бодлоор антибиотикоор эмчлэх тохиолдол түгээмэл байдаг. Гэтэл антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг бөгөөд вирусээр үүсгэгдсэн ханиад томууг дарангуйлах чадваргүй байдаг аж. Энэ мэт иргэдийн дунд түгсэн антибиотикийн талаарх ташаа ойлголтыг өөрчлөх зорилгоор Улсын II төв эмнэлэг (УХТЭ)-ийн хамт олон “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлье” сэдэвт өдөрлөг, сургалтыг “Нарантуул” олон улсын худалдааны төвд зохион байгууллаа.

Антибиотикийг эмчийн зааваргүйгээр, өөрөө дур мэдэн хэрэглэх нь антибиотикийн дасал үүсэх гол шалтгаан болдог ба нэгэнт дасалтай болсон өвч­төнд тухайн антибиотик хийгээд ижил үйлчилгээтэй бусад эм үйлчлэхээ больдог аюултай байдаг. Антибиотик нь өвчин үүсгэгч нян төдийгүй хүний биед байдаг ашигтай нянгуудыг устгаж мөгөөнцөр зэ­рэг олон төрлийн бичил биет үржих боломж бүрдүүлдэг байна.

Иргэд хамрын ханиад төдийхэнд эм бичүүлэхээр тэр бүр эмнэлэгт очоод байдаггүй. Тиймдээ ч дур мэдэн антибиотикийн төрлийн эм бэлдмэл хэрэглэх нь элбэг. Энэ тухайд УХТЭ-ийн дэд захирал Л.Хандсүрэн “Энэ аяны хүрээнд эмч нарын буруу жор бичих, иргэдийн эмийн талаар ойлголтгүй байдлыг засахыг хичээж байна. Яагаад заавал антибиотикийг онцолж байна гэвэл нянгууд антибиотикт тэсвэртэй болж эхэлж байна. Точвхондоо, антибиотик үүсээгүй байсан 1938 оноос өмнө хүмүүс нянгийн гаралтай өвчнөөр нас барах нь бага байсан бол одоо антибиотикийн хэрэглээ ихэсч нянгууд илүү тэсвэртэй болсноор энэ төрлийн өвчлөл, цаашлаад нас баралт нэмэгдэх хандлагатай байна” гэв.
Антибиотикийн буруу хэрэглээнээс үүдэж зөвхөн Европын орнуудад жилд 25 мянган хүн нас барж байгаа тухай өнгөрч лхагва гарагт болсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын хурлаар онцолж байв. Антибиотикийн зохисгүй хэрэглээ зөвхөн өвчтөний биед сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй эдийн засагт ч ихээхэн хор хохирол учруулдаг аж. Тухайлбал, дээр дурдсан Европын холбооны улсуудад өнгөрсөн онтой харьцуулахад эмчилгээний зардал 1.5 тэрбум ам.доллараар өссөн аж.

Манай орны хувьд антибиотикийн зохисгүй хэрэглээний улмаас үүсч буй хор уршгийг таниулах, мэдлэг хандлагыг өрчлөх зорилгоор “Антибиотикийн зохистой хэрэглээ төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратеги” хэрэгжүүлж байгаа бөгөөд эмч, эм зүйчдийг энэ чиглэлээр үе шаттай сургалтад хамруулахаас гадна антибиотикийн зохис­той хэрэглээ, чанар, аюулгүй байдалд хяналт тавих зорил­го­­­­­той ажээ. Түүнчлэн, антибио­тикийг зөвхөн эмчийн бичсэн жороор, эмчийн хяналтад хэрэглэх, эмч, иргэд, эм зүйчдийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэх юм.

Өдөрлөг зохион байгуулсан УХТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд “Аливаа эм бэлдмэлийг буруу хэрэглэвэл эм гэхээс илүү хор болох нь их. Тэр дундаа нянгийн эсрэг эм, бэлдмэлүүд асар үнэтэй байдаг. Хүмүүс хамгийн сайныг нь хэрэглэвэл хурдан эдгэнэ гэж итгэдэг бас андуурдаг. Угтаа шинэ тутам гарч буй нянгийн эсрэг эм бэлдмэл, антибиотик тэр хэрээрээ үнэтэй байдаг. Үнэндээ эм үнэтэй байх тусмаа дасал үүсгэвэл эргээд ямар ч эмэнд дарагдахгүй болдог аюултай. Түүнчлэн, иргэд, эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх ёстой. Эм ханган нийлүүлэх төв, аптекуудад жороор эм олгох, аливаа эм бэлдмэлийн зааврыг монгол хэлээр хэвлүүлж байх тухай сургалт, зөвлөгөө өгөх шаардлагатай” хэмээн хэлж байлаа.

ДЭМБ-ын судалгаагаар 2030 он гэхэд одоо хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болно гэх дүгнэлт хийжээ. Тиймдээ ч дэлхий даяар ямар эм сонгож нянг эсэргүүцэх тухай ярьж, толгойгоо өвтгөж эхэлж байна. Хүүхэд нь хамрын шуухитнаа төдий туссан үед антибиотик хэрэглэх биш дархлааг нь сайжруулж, вирусийн эсрэг эм хэрэглэх ёстойг ч онцолсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан