Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Отгон: Улсын хөгжил, хувийн бизнес тэлэх нь шинжлэх ухааны салбараас шууд хамаардаг

Т.ЖАНЦАН


Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Инновацийн асуудал хариуцсан мэргэжилтэн З.Отгоноос Монголын эрдэмтэдийн судалгаа, шинэ технологийн талаар тодрууллаа.

-Монголын шинжлэх ухааны хөгжил, ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Монголын шинжлэх ухааны хөгжлийг дэлхийн жишигт харьцуулбал боломжийн түвшинд хөгжиж байгаа. Хамгийн гол нь санхүүжилт хөрөнгө оруулалт дутагдах асуудал бий. Түүнээс биш манай эрдэмтэд суурь шинжлэх ухааны хөгжилд дэлхийд чухал хувь нэмэр оруулдаг. Сүүлийн шинжлэх ухаанд практик, инноваци нэвтрүүлэх ёстой болсон. Иймд сүүлийн жилүүдэд инноваци, технологийн үзэсгэлэн гаргаж эрдэмтэдийн бүтээлүүдийг олон нийтэд үзүүлж таниулдаг болсон юм.

-Улс орны хөгжил шинжлэх ухааны тооцоо, судалгаанд үндэслэдэг. Гэтэл манай төр засаг эрдэмтэдийн үг, бүтээлийг тоохгүй байна гэсэн шүүмжлэл бий. Та бүхний эрдэм шинжилгээний аж­лыг төр хэр анхаардаг вэ?
-Аливаа улсын хөгжил шинжлэх ухаанд хэдий хэмжээний хөрөнгө оруулж байгаагаас ихээхэн шалтгаалдаг. Тэгэхээр хөгжил гэдэг шинжлэх ухаанд тулгуурладаг гэсэн үг. Ер нь үе үеийн Засгийн газар шинжлэх ухааны салбарыг дэмжих нь дэмждэг. Гэвч эрдэм шинжилгээний ажилд хөрөнгө оруулах нь ховор. Өнөөдөр шинжлэх ухааны салбарын нийт санхүүжилт ДНБ-ий 0.2 хувьтай тэнцэж байна. Энэ бол бага мөнгө Уг нь манайх шиг хөгжих гэж болон өндөр хөгжилтэй орнуудад ДНБ-ийхээ 1-2 хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулдаг. Ийм учраас тэр улс орны хөгжил, эрдэмтэдийн судалгаа шинжилгээ нь өндөр түвшинд хүрч байгаа юм.

-Монголын эрдэмтэн, судлаачид сүүлийн үед ямар ямар технологи үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлж байгааг сонирхвол?
-Байгалийн шинжлэх ухааны салбарт шинэ технологи маш их нэвтэрч байна. Мөн био технологийн хөгжил илүү хурдан болсон. Бас мэдээллийн технологи их хурдтай хөгжиж хувьсан өөрчлөгдөж байгаа. Эдгээрээс гадна хүнс, ахуйн хэрэглээ, гоо сайхан, эмийн бүтээгдэхүүнд шинэ технологи бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрээд байгаа. Энэ үзэсгэлэнд бүх их дээд сургууль, шинжлэх ухааны салбарынхан шинэ бүтээлүүдээ дэлгэн тавьсан.

-Заавал төр засгийн гар харахгүй байх боломж хэр байна. Хувийн компаниуд та бүхний шинэ нээлт бүтээлийг үйлдвэрлэлд ашиглах санал тавьдаг уу?
-Бид үүнийг л байнга хайж эрэлхийлдэг. Монголд шинжлэх ухаан, бизнес хоёр бие биеэ хэзээ ойлгож хамтарч чадна тэр үед эдийн засаг хурдтай хөгжинө гэж бодож байна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны салбар дан ганц төрийн хөрөнгө оруулалтаар хөгжихгүй.  Хувийн компанийн хөрөнгө оруулалт орж ирж байж улс орон, шинжлэх ухааны салбар өөрийн хөгжлийн зам дээр бүрэн гарна.  Гэтэл өнөөдөр манай хувийн хэвшилд шинэ технологид тулгуурлан хөгжих, үйлдвэрлэл эрхлэх, бизнесийн хүрээгээ тэлэх чиг хандлага төлөвшөөгүй байна. Тийм учраас аливаа бизнес өргөжин тэлж чадахгүй болсон. Эрдэмтэд өнөөдөр өөрсдийн технологиудыг дэлгэн тавьсан. Эндээс тэр технологийг нь хамтран эзэмших, үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийх нь хэн хэндээ ашигтай шүү дээ.

-Манай эрдэмтэдийн дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн томоохон нээлтүүд  байгаа юу?
-Физикийн салбарт дэлхийд үнэлэгдсэн томоохон нээлт гарсан.  Тухайлбал, физикч, академич Намсрай гуайн бүтээл олон улсад өндөр үнэлэгдсэн.  Мөн уламжлалт анагаах ухааны салбарт томоохон нээлт хийлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан