Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Алтангэрэл: Амны хаалт хүхрийн хүчил, азотын давхар ислийг шүүж чаддаггүй

Ж.ЖАМУХА

Нийслэлчүүдийн “шүдний өвчин” болсоор арав гаруй жил болж буй Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй, тоймтой судалгаа хийсэн нь цөөн. Тиймдээ ч энэ асуудалд аль ч төр засгийн үед шинжлэх ухаанчаар хандаж, улмаар нарийн судалгаанд суурилсан байдлаар агаарын бохирдлыг бууруулах ажил хийж байсангүй.
Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдолд үе шаттай судалгаа хийж буй “Ногоон титэм” байгаль орчны шинжилгээний лабораторын үүсгэн байгуулагч, судлаач Б.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Юуны өмнө лабо­раторынхоо талаар товч танилцуулахгүй юу?
-Манай лаборатор байгаль орчны шинжилгээ хийж, бохирдлын хэмжээг тогтоох үндсэн үүрэг зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудалд анхаарал хандуулж, үе шаттай судалгаа хийж эхлээд байна. Тодруулбал, хүмүүсийн сайн мэдэх агаар бохирдуулагч хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон зэргийн шинжилгээнүүдийг хийхээс гадна автомашины дугуй, хуванцар зэргийг шатаахад үүсдэг химийн хорт нэгдлүүдийг тодорхойлдог Монголдоо анхдагч лаборатор юм.

-Улаанбаатар хотын агаарын бохирдолд хийсэн судалгааг тань сонирхвол. Хэзээнээс эхэлсэн, ямар арга техник ашиглаж, хэдий хугацаанд хийгддэг гэхчлэн?
-Бидний зүгээс хийсэн хамгийн сүүлийн судалгаа гэвэл гадна орчны агаарын бохирдлоос гадна иргэд автомашин, автобус зэрэг тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа хэрхэн хордож байгааг тандсан юм. Улаанбаатарчууд өглөө гэрээсээ гараад хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэчихээд ажилдаа явдаг. Орой буцахдаа хүүхдүүдээ бүгдийг нь цуглуулаад гэртээ ирдэг. Энэ хугацаанд буюу зүгээр л машин дотор эсвэл автобусаар зорчиж байхдаа ямар хэмжээнд бохирдож байна вэ гэдгийг мэдэхийг хичээсэн хэрэг. Хүмүүс ойлгохдоо гэртээ байхдаа ч юм уу эсвэл автомашинаар зорчиж байхдаа бохирдсон агаараар амьсгалдаггүй гэж ойлгодог. Гэтэл эсэргээрээ дотор орчны бохирдол гадаад орчныхоос дутахааргүй байгааг манай судалгаанаас харж болно. Машины хувьд нарийн ширхэглэгт тоосны тодорхой хэмжээг шүүдэг агаар шүүгчтэй байдаг ч SO2 буюу хүхрийн хүчил, NO2 буюу азотын давхар ислийг шүүж чаддаггүй.  Тэгэхээр бид ямар хэмжээнд бохирдож байна вэ гэдгийг судлах зорилготой байсан. Энэхүү туршилтыг түгжрэл арай бага цагаар буюу оройн 21-23 цагийн хооронд хийсэн. Дараагийн судалгаагаа магадгүй өглөөний буюу хүмүүсийн ажил цуглах цагаар хийх ёстой байх.

-SO2, NO2 гээд агаар бохирдуулагч зөвхөн хоёр бодисыг та бүхэн судалсан байна. Бусад агаар бохир­дуулагчийг судлах уу?
-Тийм ээ. Судалж үзэхээр төлөвлөж байна.

-Иргэд маань PM2.5, PM10 гэсэн тоосжилтоос өөрийгөө зайлшгүй хам­гаалах хэрэгтэй байгаагаа тодорхой хэмжээнд мэддэг болсон байх. Харин SO2, NO2-с бид өөрсдийгөө яаж хамгаалах вэ?
-PM2.5, PM10 гэдгийг энгийнээр тайлбарлавал эмэгтэй хүний энгэсэгнээс ч нарийн ширхэгтэй тоосжилт гэсэн үг.  Энэ тоосыг машины агаар шүүгч тодорхой хэмжээнд шүүдэг.  Гэхдээ ямар машин, ямар агаар шүүгчтэй байна вэ гэдгээс шалтгаалдаг учир иргэдийг машин дотроо ч агаар шүүгчтэй маскаа зүү гэж зөвлөж байгаа. Машины агаар шүүгчийн хувьд нарийн ширхэгтэй тоосонцрыг харилцан адилгүй шүүдэг ч SO2, NO2-ийг бол шүүж чаддаггүй. Мөн маск ч энэ хоёр бодисыг шүүдэггүй. Тэгэхээр агаарын бохирдол өөрөө буурч байж л бид энэ бохирдлоос хамгаалагдана гэсэн үг.

-Та бүхний хийсэн судалгаа зөвхөн машин доторхи агаарын чанарыг хэмжсэн юм байна. Тэгвэл гадаа алхаад явж байгаа хүн хэдий хэр бохирдож хорддог бол?
-Бид өнгөрсөн баасан гарагт Баруун дөрвөн зам дээр ажиллаж байсан замын цагдаагийн ажилтан агаарын бохирдолд хэрхэн өртөж байгааг хэмжиж үзсэн. Тэгэхэд NO2-р л гэхэд хэвийн төвшнөөс гурав дахин өндөр бохирдож байгаа нь батлагдсан. Гэтэл тэр хүн өвөл, зунгүй тийм бохирдолд өртөж байгаа гэж бодохоор ямар байгаа нь ойлгомжтой шүү дээ. Бид тэр судалгаагаараа замын цагдаа нарыг ядаж хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгааг тодорхойлж, удирдлага нь тодорхой хэмжээнд ажлын горим, хөдөлмөрийн аюулгүй байдалд нь анхаарал хандуулах цаг болжээ гэдгийг анхааруулсан болов уу.

-Хотын зарим хэсэгт агаарын чанарын индекс харьцангуй бага байхад зарим газар нь байх ёстой хэмжээнээс 20-30 дахин их байх нь ч бий. Энэ тохиолдолд нөлөөлөл нь өөр өөр байна гэж ойлгож болох уу?
-Үгүй. “Зайсанд очуутаа агаар шүүгч, амны хаалтаа хэрэглэдэггүй” гэх нь бий. Энэ бол буруу. Энэ агаарын бохирдолд бид бүгдээрээ ижил тэнцүү хохирч байгаа. Манай гэр гэхэд Зайсан орчимд байдаг ч гэртээ агаар шүүгч хэрэглэдэг. Гэтэл манай гэрийн шүүлтүүр маш бохир гардаг. Тэгэхээр хүн болгон гэртээ агаар шүүгч тавих ёстой. Цонхоо битүүмжлэлтэй болгох ёстой. Баянхошуунд байна уу, Зайсанд амьдардаг байна уу ялгаагүй. Агаарын бохирдол хэн бүхэнд адилхан заналхийлж байгаа гэж ойлгох ёстой. Бид цаашид Баянхошууны нэг айлын гэр доторхи агаарыг долоо хоногийн турш шинжлэхээр төлөвлөөд байна. Үүнээс үүдэж хотын хоёр өөр цэгт дотор орчны бохирдол ямар байдгийг тандах боломжтой болох юм.

-Манайд дотор орчны агаарын чанар, бохирдлын судалгаа хийгдэж байсан удаа бий юу?
-Гадны эрдэмтэд л гэхээс бид өөрсдөө хийж байсан удаагүй ээ. Бид бодохдоо хүн гэртээ байхдаа агаарын бохирдолд арай бага өртөж байгаа гэж ойлгодог. Гэхдээ яг ямар байна вэ гэдгийг нарийн мэдэх боломжгүй байна. Тиймдээ ч энэ судалгаа ач холбогдлын хувьд үр өгөөжтэй байх юм. Тиймээс ирэх долоо хоногт гэр доторхи агаарыг шинжилж үзэхийн тулд Баянхошууны нэг айлын агаарыг долоо хоногийн турш шинжлэхээр төлөвлөөд байгаа юм.

-Тэгэхээр таны хэлсэнчлэн гэртээ ч тэр, машиндаа ч тэр тодорхой хэмжээнд бохирдсон агаараар амьсгалж байна. Түүнчлэн, жилийн тэн хагаст нь шахуу гадаад орчны агаарын бохирдолд өртдөг. Ингэхээр эхний ээлжинд авч болох хамгийн үр дүнтэй арга хэмжээ юу вэ?
-Тийм ээ. Бид жилийн дөрвөөс таван сар бохирдсон, хүнд элемент, металл агуулсан агаараар амьсгалаад байхаар хамгийн наад зах нь хүний дархлааны систем суларч эхэлдэг. Үүнээс үүдэн гарч байгаа өвчлөлүүд судалгаагаар нотлогдсон байдаг. Наанадаж, 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл хүйтний улиралд ихэсдэг. Мөн үр зулбалт дөрөв дахин нэмэгддэг гээд тоочоод байвал нөлөөлөл нь маш их. Угтаа агаарын бохирдлын нөлөө гэдэг алсуураа мэдэгдэнэ үү гэхээс ганц өвөлдөө тэр бүр анзаарагдахгүй. Тиймдээ ч бид утаатайгаа эвлэрсээр өдий хүрсэн болов уу. Нарийн анзаарвал жилээс жилд бага насны хүүхдийн өвчлөл нэмэгдэж, зүрх судасны өвлөлөөр нас барагсдын тоо өсч байгааг харж болно. Энэ тухай олон улсын байгууллагуудын статистик бүхий судалгаа ч бий. Хүүхэд төрүүлнэ гэдэг угтаа хүний хэвийн биологийн үйл явц. Гэтэл Улаанбаатарт хүүхэд төрүүлэхэд ямар нэгэн байдлаар заавал нэмэлт асаргаа, эмчилгээ шаардлагатайгаар төрж байна. Энэ бол эрсдэл шүү дээ.  Тэгэхээр 2000 оноос хойш төрсөн хүүхдүүдийн хувьд бүхэл бүтэн нэгэн үе уушгины эмгэгтэй хүмүүс бий болж байна. Үүнээс үүдэж хорт хавдар, үргүйдэл гээд маш олон асуудал урган гарч болно шүү дээ.

Нуулгүй хэлэхэд нийслэлчүүд бид эрүүл амьдрах орчингүй болоод удаж байна.  Тиймээс ядаж л гэр орондоо өөрсдийгөө хамгаалах арга хэмжээг авч эхлэх хэрэгтэй байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд агаар шүүгч ажиллуулж, чийгшүүлэгч тавих зэргээр дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахаас эхлэх хэрэгтэй. Цонхоо яг онгойлгох цагт нь онгойлгож бай. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хий. Гадуур машинд явахдаа маск зүүх хэрэгтэй. Харин төр засгаас урт хугацааны, залгамж халааг нь үл таслах бодлого, төлөвлөлт боловсруулах хэрэгтэй байна. Нэгдүгээрт, эрх баригчид утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хятадад л гэхэд гамшгийн хэмжээнд хүрчихсэн байгаагаа хүлээн зөвшөөрч 21 хотод онц байдал зарлаж, сургууль, цэцэрлэгүүдээ амрааж байна. Угтаа Хятадын агаарын чанарын индекс дунджаар 352 байхад Улаанбаатар хотынх 645-д хүрчихээд байна. Энэ бол гамшиг. Тэр ч бүү хэл Баянхошуу, Зүүнсалаа орчимд ид хүйтний үеэр 2300 хол давчихаад байна шүү дээ. Ийм байдал үүсчихээд байхад нүдэн балай, чихэн дүлий байна гэдэг байж болошгүй зүйл.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан