Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШӨХТГ: Шатахууны үнийг нэмэхгүй, иргэдэд дарамт үүсгэхгүй байхад анхаарч ажиллана


Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд 2017 онд хийсэн ажил, иргэдээс ирсэн гомдол санал, хяналт шалгалтын үр дүн, цагийн үеийн зарим асуудлаар мэдээлэл хийлээ. 
“2017 он нь хууль, эрхзүйн орчноо боловсронгуй болгох, байцаагчдынхаа ажлыг чанаржуулах, төрийн байгууллага , хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн жил байлаа” хэмээн ШӨХТГ-ын дарга Лхагва онцлов.Мөн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоосон 5, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоосон 30, үнэ тарифт өөрчлөлт оруулсан 2 ажил хийсэн гэв. Хууль эрхзүйг боловсронгуй болгох ажлын хүрээнд Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

2017 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлж, Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан үндэсний зөвлөл ажиллаж эхэлсэн учраас 2018 онд нэлээн үр дүн гарсан ажлууд хийж чадна гэж ШӨХТГ-ын удирдлагууд хэлэв. 
Аж ахуйн нэгж, байгууллагуудыг торгож шийтгэхээс илүү зөвлөн туслахад ажлаа чиглүүлж, анхааруулга, зөвлөмж, чиглэл өгч ажилласан гэнэ.
Мөн шинээр мөрдөгдөж буй Зөрчлийн хуулиар аж ахуйн нэгж, байгууллага томоохон торгууль шийтгэвэр хүлээх эрсдэлтэй учраас хууль тогтоомжоо маш сайн судалж, ажиллах ёстойг  анхааруулж ажиллаж байгаа хэмээн онцлов.
Төрийн бүх шатны аж ахуйн нэгж байгууллагуудын тендертэй холбоотойгоор 2017 онд 130 гаруй өргөдөл гомдол ирснээс 29 хувь нь хууль зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол 50 гаруй хувь нь хууль зөрчсөн байж. Тиймээс байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагуудад анхааруулга өгч, холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэж ажилласан гэлээ. 
ШӨХТГ 2018 оныг “Хууль бус зар сурталчилгааг таслан зогсоосон, гүйцэтгэлийн хяналт тавьсан жил байх болно гээд орон нутгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, гомдол саналыг шийдэхэд онцгой анхаарна” гэв.

Шатахууны үнэ нэмэгдсэн хийгээд хомсдсон талаарх сэтгүүлчийн асуултанд  ШӨХТГ-ын дарга хариулахдаа “Шатахуун түгээж, жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд үнэ тарифаа нэмэх эрх өнөөдөр байхгүй. Манай ажлын хэсгийн зүгээс үнээ нэмэхгүй байхыг шаардсан. Тиймээс манай байгууллагын зүгээс шатахууны үнийг нэмэхгүй, иргэдэд дарамт үүсгэхгүй байх чиглэлд анхаарч ажиллах болно” гэв. Харин хомсдол үүссэн нэрээр шатахуунаа хязгаартай олгож байсан “Магнай трейд”, “Сод Монгол” зэрэг аж ахуйн нэгжид хязгаарлалт тогтоох шалтгаан байхгүй гэж ШӨХТГ-ын ажлын хэсэг үзэж болиулсан  аж. Шатахууныг онцгой байдал зарласан, бензин шатахууны нөөц багассан тохиолдолд л хязгаарладаг бөгөөд аж ахуйн нэгжүүд өөрсдөө дур мэдэн хязгаарлалт хийх эрхгүй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан