Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан цөлжилттэй тэмцэх, ногоон бодлогыг амьдралд ойртуулах хүрээнд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Монгол Улсын Засгийн газраас төслүүдийг боловсруулсныг дурдлаа.      

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг 1993 онд, конвенцын Парисын хэлэлцээрийг 2016 онд Монгол Улсын Их Хурал соёрхон баталж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр олон улсын өмнө үүрэг, амлалт хүлээсэн юм.

Гэвч Монгол Улс нүүрстөрөгчийн өндөр агууламжтай эдийн засгийн бүтэцтэй хэвээр байгаа аж. Үндэсний эрчим хүчний системийн нийлүүлэлтийн 90 орчим хувь нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцаас бүрдэж, мал аж ахуйн салбар нийт хүлэмжийн хийн ялгарлын томоохон эх үүсвэр болж байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах шаардлага бий гэдгийг төсөл санаачлагч тодотгов.

Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, арга хэмжээг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх, ногоон санхүүжилт, карбон зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, төрийн байгууллагын бүрэн эрх, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, шинжилгээ, дасан зохицох болон даван туулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон санхүүжилт, карбон зах зээл, мэдээллийн сан, ил тод байдал, хяналт-шинжилгээ, хариуцлагын зохицуулалт бүхий нийт 9 бүлэг, 32 зүйлтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн засаглалын нэгдсэн тогтолцоог бий болгох зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төсөлд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг шинжлэх ухаанд суурилсан, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх зарчмыг тусгасан. Мөн Парисын хэлэлцээр болон Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх, түүнийг таван жил тутам шинэчлэх, хэрэгжилтийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах (MRV) тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн үндсийг тогтоож байгаагаараа онцлогтой юм байна. Төсөлд хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт байхгүй гэдгийг онцолж байлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсад уур амьсгалын эрсдэлээс үүдэлтэй жил тутмын эдийн засгийн алдагдал, нийгэм-эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, улмаар шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар татах, олон улсын карбон зах зээлд үр ашигтай оролцох эрх зүйн суурь бүрдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан