Хятад арматурын ган төмрийн экспортоо энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар нэмэгдүүлсэн байна. Хятадын зах зээлд арматурын үнэ буурч байгаа нь үүнд ихээхэн нөлөөлсөн бололтой. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 30-нд байгуулсан гэрээгээр аравдугаар сард нийлүүлэх арматурыг тонн бүрийг нь 560 ам.доллараар борлуулж байсан нь 2012 оны есдүгээр сараас хойших хамгийн хямд үнэ юм.
Үүний дээр Хятадын ган төмөрлөгийн зах зээлд улирлын чанартай зогсонги байдал ажиглагдаж байгаа, урд хөршийн эдийн засгийн өсөлтийн эрчим бага байгаатай холбоотойгоор арматурын үнэ цаашид ч унана гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Хятад арматурын үнэ долоо хоногийн дотор гурван хувиар, 2013 оны хоёрдугаар сард бүртгэгдсэн оргил үеэсээ 22 хувиар буурсан байх юм.
Мөн Хятад нь хоногийн ган хайлуулалтын дундаж хэмжээ сарын өмнө дээд амжилт тогтоож хоногт 2,193 сая тонн болсон юм. Энэ нь, дөрөвдүгээр сарын сүүлийн арав хоногоос гурван хувиар их байгаа үзүүлэлт.
Хятадын эдийн засгийн өсөлт төлөвлөж байснаас бага, удаашралаас гараагүй, улмаар зах зээл дээрх нийлүүлэлт нь эрэлтээсээ илүү байхад ийм үзүүлэлттэй байна гэдэг нэгийг бодогдуулах байх.
Ийм байдал манай төмөрлөгийн үйлдвэрийн ирээдүй, барилга байгууламжийн үнэ өртөгөт ямаршуу нөлөө үзүүлэх вэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.
Эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад манай улсад шинэ барилгын нүсэр том давалгаа үүссэн. Зөвхөн хот гэлтгүй хөдөө орон нутагт үйлдвэрлэл, орон сууц, үйлчилгээний зориулалттай олон тооны барилга, байгууламж баригдаж байгаа. Эдгээр байгууламжийг барихад чанарын шаардлага хангасан арматур маш чухал үүрэгтэй. Статистик мэдээнээс үзвэл манайх арматурынхаа дотоод хэрэгцээний ердөө 40 хувийг хангадаг аж. Үлдсэн 60 хувийг урд үйлдвэрлэсэн арматураар хангадаг. Тэгэхээр үндсэндээ хятадын зах зээл дээрх арматурын үнэ нь манай дотоодын зах зээлийн үнийг тодруулж байгаа хэрэг юм.
Ийм нөхцөлд барилгажилт эрчимтэй явагдаж байгаа манай улсын арматурын хэрэгцээний талаас илүү хувийг хангаж байгаа Хятадад үнэ нь өмнөх жилийнхээс хямдарсан, цаашдаа улам буурна гэдэг нэг талаас нааштай үзүүлэлт гэж болно. Наандаж барилгын ам.метр талбайн өртөг хямдарч энэ салбарт бизнес хийгчдийн олох ашиг нэмэгдэх боломжтой, үгүй бол ам.метр талбайн үнийн өсөлт зогсч худалдан авалт нь хурдасна.
Гэтэл юм болгон хоёр талтай байдаг жамтай. Сөрөг тал нь ингэтэл хямдарсан бүтээгдэхүүнтэй манай дотоодын үйлдвэрлэгч өрсөлдөж чадах уу? Үйлдвэрлэлийн цар хэмжээ, өртөг гээд бүх талаараа урд хөрштэй яагаад ч өрсөлдөж чадахгүй. Дарханы арматур их хэмжээгээр байнга зарна гэх зуучлагчдаас Дарханы арматурын үнийг асуухад хүргэлт үнэгүй, тонн тус бүрийн үнэ сая 260 мянган төгрөг гэж байна. Дээр дурдагдсан тонн нь 560 ам.доллар гэж байгаатай хэр өрсөлдөх вэ? Яах вэ үүн дээр тээвэрлэлтийн зардал нэмэгдэх л байх. Хятадын эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд өмнөхтэй адил хангалтгүй гарвал эрэлт буурч, нийлүүлэлт хэт их байгаа болохоор үнэ улам л буурна. Ийм нөхцөлд яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Шатах тослох материалаа зуун хувь гадаадаас авдаг, багагүй хэмжээний эрчим хүчийг гадаадаас худалдан авч байгаа манайх шиг орон өрсөлдөх боломжтой юу гэсэн асуулт гарч ирнэ.
Ийм хямралын үед үүсч магадгүй хамгийн том аюул нь демпинг. Демпинг нь товчхондоо аливаа нэг барааг дотоодын зах зээл дээрхээс доогуур үнээр гадаадын зах зээл рүү экспортлох үйл ажиллагаа гэдэг. Ингэхдээ компаниудыг алдагдалд оруулж болохгүй болохоор үнийг зөрүүг гол төлөв төрөөс хөнгөлөлт, нөхөн төлбөр өгөх замаар барагдуулдаг. Үүний үр дүнд тухайн улс нь өөрийн үйлдвэрлэгчдийг дэмжинэ, дотоодын зах зээлд шаардлагатайгаас илүү хэмжээгээр хуримтлагдсан бүтээгдэхүүнийг нь борлуулж, өөрийн оронд үнийн хэт уналт үүсэхээс сэргийлнэ. Харин ийм барааг импортлон авч байгаа улсад тун ч таагүй байдал үүснэ. Тухайлбал, демпингээр нийлүүлж байгаатай адил төрлийн бүтээгдэхүүний дотоодын зах зээл дээрх үнэ навс унадаг. Улмаар ийм бараа үйлдвэрлэдэг компаниудын ашиг унана, түүнээс төлдөг татварын хэмжээ буурна, компанийн ажилчдын цалин буурна, орлого бага болж байгаа болохоор цаашид шинэчлэх, хүчин чадлаа нэмэх боломжгүй болно. Ингээд яваад байвал удалгүй дампууралд хүргэдэг. Яваандаа зах зээлээ гадны экспортлогчдод бүрэн алдаж магадгүй дээрээ тулдаг. Зах зээлээ ингээд алдчихвал эрхэндээ оруулсан тал нь өөр өрсөлдөгчгүй учраас монополь эрхтэй болж өөрийн дураар үнээ нэмэх боломжтой болно.
Ийм таагүй байдалд орохыг хүсдэг улс гэж байх нь юу бол. Тиймээс манайхаас бусад орон демпингийн эсрэг хуультай. Гадны улсын үйлдвэрлэгчид демпингээр бараа нийлүүлж байна гэсэн гомдол ирвэл хуулийнхаа дагуу судлаад шаардлагатай арга хэмжээг авна. Хамгийн гол нь, энэ хууль шударга бус өрсөлдөөнөөс дотоодын үйлдвэрлэгчдээ, зах зээлээ хуулийн хүрээнд хамгаалах боломж гаргаж өгдөг.
Жишээлэхэд, АНУ-ын Худалдааны яам сарын өмнө төмөр бетонон эдлэл хийхэд ашигладаг ган утас, мөн барилгын цутгалтад ашигладаг төмөр утсыг Хятад, Мексик, Тайланд улсын үйлдвэрлэгчид нь демпингийн үнээр нийлүүлж байсан байж болзошгүй гээд шалгалт хийж эхэлсэн юм. Америкийн адил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Insteel Wire Products Company”, “Davis Wire Corporation” гэсэн хоёр компани тус яаманд хандан дээрх гурван улс демпингийн үнээр бараа нийлүүлэн шударга бус өрсөлдөж байна гэж гомдол гаргасны дагуу ийнхүү шалгаад эхэлж. Гомдол гаргасан хоёр компанийн өргөдлөөс үзвэл Хятадын үйлдэрлэгчид дээрх хоёр бүтээгдэхүүнээ Америкийн зах зээлд дотоодынхоосоо 67,43 хувийн хямдралтай зарсан байна. Мексикийн үйлдвэрлэгчид бүр 159,44 хувийн хямд, Тайландынх 53,72 хувиар хямд заржээ. Ийм хямд нийлүүлж байгаа нөхцөлд дотоодын үйлдвэрлэгчид шударгаар өрсөлдөх боломжгүй байх нь мэдээж. Хэрэв төрөөсөө тусламж авах замаар демпингийн үнээр бүтээгдэхүүн нийлүүлж, Америкийн компаниудыг алдагдалд оруулж байсныг баталбал эдгээр улсуудад демпингийн эсрэг арга хэмжээг авна. Өнгөрсөн жилүүдэд Америк зөвхөн манай урд хөршөөс гэхэд л 35 сая 570 мянган ам.долларын ган утас импортлон оруулж иржээ.
2012 оны есдүгээр сард Европын холбооноос тусгай мөрдөн байцаалт явуулаад хятад компаниуд нь нарны зайгаа Европ зах зээлийн хэвийн үнээс хавьгүй хямдаар борлуулж байсныг тогтоосон байна. Ингээд энэ сараас эхлээд хятадын нарны зай, тэднийг үйлдвэрлэхэд ашиглагдаг үндсэн эд ангиудад демпингийн эсрэг татвар тогтоолоо. Гэхдээ шууд өндөр татвар ногдуулчихсангүй 2013 оны арванхоёрдугаар сар хүртэл хоёр талыг харилцан тохиролцох боломж олгохын тулд эхний ээлжинд 11,8 хувийн нэмэлт татвар ногдуулсан байна. Хэрэв заагдсан хугацаанд тохиролцож чадаагүй тохиолдолд таван жилийн хугацаатайгаар Хятадад үйлдвэрлэсэн нарны зайнуудад демпингийн эсрэг нэмэлт 47,6 хувийн татвар ногдуулахаар болов.
Энэ мэтээр улс орнууд өөр өөрийн демпингийн эсрэг хуулийн дагуу дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах арга хэмжээг их соргогоор, цаг алдалгүй авч байдаг. Манай улс ч энэ талын хуулийг ойрын хугацаанд Демпингийн эсрэг хууль баталж, түүгээрээ өөрийн цөөн хэдэн үйлдвэрлэгчдээ хамгаалдаг болох шаардлагатай.